Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Энэтхэгийн түүхэн дэх хоёр дахь эмэгтэй Ерөнхийлөгч Драупади Мурму

2022-07-28

Энэтхэгийн шинэ Ерөнхийлөгч Драупади Мурму даваа гарагт үүрэгт ажилдаа орлоо. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт тангараг өргөснөөр тус улсын 15 дахь Ерөнхийлөгч болсон юм. Тийнхүү Д.Мурму Энэтхэгийн түүхэнд Пратибха Девисингх Патилын (2007-2012) дараах хоёр дахь эмэгтэй Ерөнхийлөгч болов.
Энэтхэгт Төрийн тэргүүнийг сонгоход парламентын дээд болон доод танхимын, мөн 28 муж, холбооны хоёр нутаг дэвсгэрийн (Холбооны найман нутаг дэвсгэрийн хоёр нь буюу Дели, Пудучерри л Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай) хууль тогтоох байгууллагын гишүүд гээд нийт 4796 төлөөлөн сонгогч оролцдог. Энэ удаагийн сонгууль нь долдугаар сарын 18-нд болжээ. Санал тоолоход эрх баригч Энэтхэгийн Ардын намын гишүүн, Үндэсний ардчилсан эвслээс нэр дэвшсэн Драупади Мурму 64.03 хувийн санал авч, өрсөлдөгчөө ялжээ.

НИЙГМИЙН ДООД ДАВХАРГААС ГАРАЛТАЙ АНХНЫ ТӨРИЙН ТЭРГҮҮН

Драупади Мурму нь тус улсын зүүн нутгийн Одиша (хуучин нэрээр Орисса) мужид амьдардаг мунда угсаатны хамгийн том овог болох санталчуудаас гаралтай. Тэрбээр Энэтхэгийн адиваси буюу уугуул иргэд, үндэстний цөөнх, бас доод гаралтай гэх овог, аймгуудын төлөөлөгчдөөс тус улсын Ерөнхийлөгч болсон анхны хүн юм. Түүний харьяалагддаг овог нь Энэтхэгийн албан ёсны бүртгэлд орсон ч түүхийн туршид ялгаварлан гадуурхагдаж, нийгмийн хамгийн доод давхаргад багтдаг уугуул иргэд, бүлгүүдийн төлөөлөл аж. Сүүлийн бүртгэлээс үзвэл Энэтхэгийн 22 мужид 744 овог бий гэнэ. 

Өнөөдрийн байдлаар Энэтхэгийн овгийнхны тоо 104 саяд хүрсэн нь тус улсын нийт хүн амын 8.6 орчим хувийг эзэлж байна. Тэд ихэвчлэн алслагдсан тосгонд амьдардаг бөгөөд эрүүл мэнд, боловсрол гэдгийг мэддэггүй. Энэтхэгийн Засгийн газар орон нутгийн иргэддээ чиглэсэн бодлого баримталж, тэднийг томоохон хотуудад боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах нэмэлт боломж олгож байгаа аж. Түүнчлэн төрийн байгууллагуудад овгуудын төлөөллийг заавал багтааж, тэдний эзлэх хувийг тогтоосон байдаг. 

Энэтхэгийн уугуул иргэдийн асуудалд санаа зовдог сонгогчдыг татахын тулд Үндэсний ардчилсан эвсэл Д.Мурмаг нэр дэвшүүлсэн гэж Делигийн их сургуулийн социологийн профессор, зохиолч эмэгтэй Нандини Сундар үзэж байна. “Төрд овог, аймгуудын төлөөллийг оруулах асуудал аль эрт хөндөгдсөн. Эцэст нь манай улс уугуул иргэдийг төлөөлсөн Ерөнхийлөгчтэй болсонд баяртай байна. Гэхдээ түүнийг Төрийн тэргүүний хувиар овгуудын эсрэг чиглэсэн Засгийн газрын бодлогыг өөрчилж чадна гэж бодохгүй байна” гэж Нандини Сундар “Indepen¬dent” сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ. 

Драупади Мурмугийн төрөлх Одиша мужийн Маюрбханж дүүргийнхэн түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон баярыг тэмдэглэсээр байна. Нутгийн иргэд цэцэг, амттан бариад гудамжиндаа гарч, баярлацгааж буй гэнэ. Энд, 1958 оны зургадугаар сарын 20-нд Байдапоши тосгоны зөвлөлийн тэргүүний гэр бүлд Энэтхэгийн ирээдүйн 15 дахь Төрийн тэргүүн Драупади Мурму мэндэлжээ. Түүний өвөг эцэг ч тус тосгоны зөвлөлийн тэргүүн байсан аж.

Тэрбээр тосгондоо коллежид элссэн анхны охин болж байж. Д.Мурму нутгийн хууль тогтоох байгууллагын гишүүнийг ятгаж, ахлах сургуулийнхаа “А” үнэлгээтэй төгссөн гэрчилгээг үзүүлснээр нийслэлд сурах төлбөрөө төлүүлсэн аж. Үүний ачаар тэрбээр эмэгтэйчүүдийн Рама Деви коллежийг төгсжээ. Сургуулиа төгсөөд Драупади Мурму тэр үед гэр бүл нь шилжин суурьшсан Райрангпур хотод очиж, Нэгдсэн боловсрол, судалгааны Шри Ауробиндо хүрээлэнд профессорын туслахаар ажиллав. Хэдэн жилийн дараа тэрбээр Одиша мужийн Засгийн газрын Усжуулалтын хэлтэст алба хаших болжээ. 1997 онд дүүргийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсоноор түүний улс төрийн карьер эхэлсэн байна. 

Драупади Мурму 2000-2002 онд Энэтхэгийн Ардын намд элсэж, улс төрийн тус хүчний байгуулсан эвслийн Сайд нарын танхимын бүрэлдэхүүнд багтаж, төрөлх мужийнхаа Засгийн газарт Худалдаа, тээврийн сайдаар ажиллаж байжээ. 2002-2004 онд Д.Мурму тэндээ Загас, мал аж ахуйн хөгжлийн сайдын албан тушаал хашсан гэнэ. 

2009 онд түүний хүү болон нөхөр нь хорвоог ар араасаа орхисны дараа Драупади Мурму улс төрийн карьераа түр завсарлахад хүрэв. Зургаан жилийн дараа намаас нь түүнийг Одишагийн хөрш зэргэлдээх Жарханд мужийн амбан захирагчид нэр дэвшүүлснээр улс төрдөө эргэн оржээ. Уг албан тушаалыг өнгөрсөн оны долдугаар сар хүртэл тэрбээр хашсан байна.

ОЛОН НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ҮРГЭЛЖ ХАМГААЛАХ БОЛОМЖГҮЙ

Д.Мурмуг Жарханд мужийн захирагч байх үед Ерөнхий сайд Рагубар Дасын удирдлага дор мужийн Засгийн газар нь Овгийнхны газар нутгийг ашиглах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөв. Ингэснээр уг хуульд уугуул иргэдийн газар эзэмших давуу эрхтэйг тусгасан байв. Газартай холбоотой бүх гэрээг зөвхөн овгууд хоорондоо хийдэг байжээ. Харин Рагубар Дас, түүнийг дэмжигчид уг хуулийг өөрчилж, овгийнхны нутгийг Засгийн газар арилжааны зорилгоор ашигладаг болгохыг зорьсон байна. Д.Мурму энэ хуулийн төслийг 2016 оны арваннэгдүгээр сард батлуулахаар хүлээн авчээ. 

Нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа иргэдийн төлөөлөл үгээ хэлэв. Тэд эсэргүүцлийн жагсаал хийсэн нь цагдаа нартай мөргөлдөөнөөр төгсдөг байж. Нэг ийм жагсаалын үеэр овгийн төлөөлөгчид Энэтхэгийн үндэсний намын нэг гишүүний бие хамгаалагчийг хулгайлжээ. Үүний эсрэг цагдаагийнхан хатуу арга хэмжээ авсны улмаас уугуул иргэдийг төлөөлсөн нэг идэвхтэн амь үрэгдэж, хоёр зуу гаруйд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Овгуудын эрхийн төлөө тэмцэж алдаршсан Стэн Свами мөрдлөг, хавчлагад өртжээ. Олон нийт Д.Мурмаг цагдаагийнхны түрэмгийллийн талаар хэтэрхий зөөлөн байр суурь баримталсан хэмээн шүүмжлэв. Овгийнхон түүнийг өөрсдийг нь дэмжсэн үг хэлэхийг хүлээсэн ч ийм зүйл болоогүй гэнэ. 

Овгийнхны газрын тухай хуулийн төслийг эсэргүүцсэн 192 санамж бичгийг сөрөг хүчнийхэн Д.Мурмуд өргөн барьжээ. Мужийн Засгийн газар шинэ хуулийн тусламжтайгаар мөнгө олохын тулд газар нутгийг нь авах гэж байна хэмээн сөрөг хүчний удирдагч Хемант Сорен мэдэгдэв. Ийм шахалтын улмаас 2017 оны тавдугаар сарын 24-нд Д.Мурму бууж өгч, намын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг батлахаас татгалзсан байна. Тэрбээр хүлээн авсан санамж бичгүүдийн хамт мужийн Засгийн газартаа хуулийн төслийг буцаан өгчээ. Мөн оны зун уг хуулийн төслийг эгүүлэн татсан аж. 

УЛС ТӨРИЙН ХЯМРАЛЫН ҮЕД 
ОНЦГОЙ ЭРХ ЭДЭЛНЭ

Энэтхэгийн Ерөнхийлөгчийг Үндсэн хуульд нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын тэргүүн хэмээн заасан байдаг ч эдгээр нь ёслолын төдий албан тушаал юм. Практикт эрх барих ихэнх чиг үүргийг Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газар гүйцэтгэдэг бөгөөд Ерөнхийлөгч тэдний шийдвэрийг соёрхон баталдаг. Энэтхэгийн Үндсэн хуультай шууд харшлахаас бусад тохиолдолд Төрийн тэргүүн Ерөнхий сайдын шийдвэрт нөлөөлөх боломжгүй.

Үүний сацуу Засгийн газрын тэргүүнийг Ерөнхийлөгч томилдог. Ерөнхий сайдын албан тушаалыг парламентад хамгийн олон суудал авсан нам, эвслийн дарга хашдаг. Сайд нарыг мөн Ерөнхийлөгч томилдог ч үнэн хэрэгтээ Ерөнхий сайд тэднийг сонгодог.

Ерөнхийлөгч парламентын хоёр танхимыг зарлан хуралдуулж, тэдний баталсан хуулийг батлахгүй, дахин хэлэлцүүлэхээр буцаах эрхтэй. Гэхдээ буцаасан хуулийг дахин санал хураалтад оруулж, энгийн олонхын саналаар баталбал Ерөнхийлөгчийн гарын үсэггүйгээр хүчин төгөлдөр болно. Мөн Ерөнхийлөгч төсвийн бүх хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах үүрэгтэй. Тэрбээр парламентын доод танхимыг хугацаанаас нь өмнө тараах эрхтэй.

Шүүх засаглалын тэргүүний хувьд Энэтхэгийн Ерөнхийлөгч нь парламентын даргатай зөвшилцсөний үндсэн дээр Улсын дээд шүүхийн дарга болон бусад шүүгч, Ерөнхий прокурорыг томилдог. Хэрэв парламент нь Дээд шүүхийн даргын сонголтыг хүлээн зөвшөөрөхгүй бол санал хураах замаар Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүчингүй болгох боломжтой.

Онцгой тохиолдолд, Энэтхэгийн Ерөнхийлөгч түр хууль, тогтоомж гаргаж болдог. Тухайлбал, парламент амарсан, эсвэл ямар нэг шалтгаанаар яаралтай хуралдуулах боломжгүй, яаралтай оролцох нөхцөл байдал үүссэн үед ийм шийдвэр гаргадаг байна. Үүнийг парламент нь ажилдаа орсны дараа батлах, эсвэл цуцалдаг ч улс төрийн хямралын үед шийдвэр гаргах эрх нь Ерөнхийлөгчид хангалттай өндөр мэдэл олгодог аж.

“ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧДИЙНХЭЭ ИТГЭЛ НАЙДВАРЫГ БИЕЛҮҮЛЭХИЙН ТУЛД ХҮЧИН ЧАРМАЙЛТАА ЭРЧИМЖҮҮЛНЭ”

Шинэ Дели хотын парламентын төв танхимд Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа Драупади Мурму үг хэлэхдээ “Улсынхаа тусгаар тогтнолын 75 жилийн ойн жил энэ албан тушаалыг хашиж байгаадаа баяртай байна. Тусгаар тогтносон Энэтхэгийн иргэдэд олгосон эрх чөлөөний төлөө тэмцэгчдийнхээ итгэл найдварыг биелүүлэхийн тулд бид хүчин чармайлтаа эрчимжүүлэх хэрэгтэй” хэмээн мэдэгдэв. Мөн “Алслагдсан бүс нутагт төрсөн, ядуу айлын охин Энэтхэгийн Үндсэн хуулийн хамгийн өндөр албан тушаалд сонгогдож чадаж байгаа нь манай ардчиллын хүч юм. Хөгжил цэцэглэлийн үр шимийг олон зууны турш хүртээгүй ядуус, далитууд (нийгмийн доод гаргалтнууд)-ыг төлөөлж буйдаа миний бие маш их баяртай байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.