Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сиамын ихрийг салгахаар 100 орчим эмч оролцсон мэс засал хийжээ

2022-08-03

Бразилд эмч нар гавлын ясаараа нийлсэн сиамын ихрийг салгаж чаджээ. Британийн нийслэл Лондон дахь хүүхдийн “Грейт-ормонд-стрит” эмнэлгийн эмч нарын удирдлагад Рио-де-Жанейро хотод гурван настай Бернардо, Артур Лима нарт мэс засал хийсэн байна. Эмч нар компьютер болон цахилгаан соронзон томографын тусламжтайгаар хөвгүүдийн биеийн бүтцийг судалж, тэднийг салгах хамгийн найдвартай аргыг хэдэн сар хайжээ. Мэс засалч Нур ул Овасе Жиланигийн тодорхойлсончлон “сансрын эрин үеийн” эл хагалгааны үеэр өөр өөр орны мэс засалчид цахимаар нэг өрөөнд “цуглан”, хамтран ажилласан байна. Нийт долоон удаа хагалгаа хийсэн бөгөөд сүүлийнх нь 27 цаг гаруй үргэлжилж, үүнд 100 орчим эмч оролцсон гэнэ. Энэ хугацаанд эмч нар дөрөвхөн удаа хоолны 15 минутын завсарлага авсан байна.

Мэс заслаас хойш дөрөв хоногийн дараа хоёр хүүгийн биеийн байдал хэвийн болжээ. Одоо тэд зургаан сарын хугацаанд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэнэ. Эмч Жиланигийн байгуулсан “Gemini untwined” эмнэлэгт үүнээс өмнө Пакистан, Судан, Израил, Туркийн сиамын ихэрт мэс засал амжилттай хийсэн байна. Эцэг, эх нь хоёр жил хагасын өмнө тус эмнэлэгт авчирснаас хойш Бернардо, Артур Лима нар эмч нарын хяналтад байжээ. Статистикийн мэдээгээр сиамын ихэр 50-60 мянгад нэг төрдөг. Тэдний ердөө таван хувь нь толгойгоороо нийлсэн байдаг гэнэ.