Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хоёр байршилд зам хаахаар болжээ

Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 23.00 цагаас эхлэн энэ сарын 14 хүртэлх хугацаанд хязгаарлахаар болжээ. Гачууртын авто замаас хойших 800 метр газарт, газар шорооны болон хашлага суурилуулах ажил гүйцэтгэн, зорчих хэсэгт асфальт, бетон хучилт хийх шаардлагаар ийнхүү зам хаахаар болжээ. Гачууртаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км зам тавих ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 10-наас эхлүүлсэн. Уг ажил үргэлжилсээр буй нь энэ аж. Тус замыг шинэчилснээр Шар хадны эцсийн буудлаас Гачууртын чиглэлд авто замын шинэ сүлжээ бий болох нь. Үүнээс гадна Гачууртын зам, Шар хадны гудамжны авто замын хөдөлгөөний ачааллыг хуваарилж, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой хэмээн нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлэв.

Мөн “Макс молл” их дэлгүүрийн баруун талын уулзвараас III, IV хорооллын зааг дахь Ахуйн үйлчилгээний ордны хажуугийн уулзвар хүртэлх замын зүүн талын урсгалын зорчих хөдөлгөөнийг маргааш 00.00 цагаас энэ сарын 8-ны 06.00 цагийн хооронд хязгаарлах аж. Уг замд өнгөн хучилт хийхийн тулд ийнхүү хааж буй юм байна. Тухайн хэсгийн буюу С.Амарсанаагийн гудамжны авто замын засвар, шинэчлэлийн ажлыг өнгөрсөн зургадугаар сарын 25-нд эхлүүлжээ. Эл ажил дуусах шатандаа орсон бөгөөд энэ удаад хоёр урсгалыг ээлжлэн хааж, хучилтын ажил гүйцэтгэхээр төлөвлөжээ. Замын хөдөлгөөн хязгаарлах хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг хучилтын түвшинд тааруулж хийх аж. Мөн асфальт бетон хучилтыг хүчитгэхийн сацуу замын тэмдэг, тэмдэглэгээ ч байршуулах нь.