Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

 Японд 100-гаас дээш настны тоо 90 000 давлаа

2022-09-20

Японд 100 болон түүнээс дээш настны тоо 90 526-д хүрч, 52 дахь жилдээ шинэ дээд амжилт тогтоов. Энэ нь өнгөрсөн оныхоос 4000-аар илүү үзүүлэлт аж. 100 настнуудын бараг 90 хувийг эмэгтэйчүүд эзэлж буйг Эрүүл мэндийн яамнаас нь мэдээллээ. 100-гаас дээш настны тоо ердөө 310 хүн байсан 1970 оноос хойш уг үзүүлэлт тасралтгүй өссөөр байна. Хамгийн өндөр настай эрэгтэй нь Осака мужийн оршин суугч, 115 настай Тацүми Фүса бол эмэгтэй нь Хирошима мужийн, 111 настай Накамура Шигерү юм. Ирэх оны гуравдугаар сарын эцсээр 45 000 орчим хүн 100 нас хүрэх гэнэ. Үүнд гадаадад амьдардаг иргэд болон тус улсад байнга оршин суух статустай гадаадын харьяат багтжээ. Тэрчлэн тус улсын 75 болон түүнээс дээш настнуудын тоо нийт хүн амын 15 хувийг давсан байна. Тодруулбал, 19.73 сая иргэн буюу нийт хүн амын 15.5 хувь нь энэ насны ангилалд багтаж буй. 80-аас дээш насныхан 9.9 (12.3 сая), 90-ээс дээших нь 2.1 хувийг (2.65 сая) эзэлжээ. Япон Улс 65-аас дээш настнуудын эзлэх хувиар (29.1 хувь буюу 36.27 сая) дэлхийд нэгдүгээрт бичигддэг. Дараа нь Итали (24.1), Финланд (23.3 хувь) жагссан байна. Мөн Японы түүхэнд 65-69 насны ахмадуудын дунд ажил эрхэлдэг хүний тоо 50 хувиас давлаа. Үүний сацуу тус улсад байнга оршин суудаг гадаадын иргэд 2020 оны аравдугаар сараас 2021 оны мөн сар хүртэл 644 мянгаар (0.51 хувь) буурч, 125.5 сая болжээ.