Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд дайн саад болж буйг тодотголоо

2022-09-22

АНУ-ын Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы хүрээнд дээд хэмжээний уулзалтууд үргэлжилж байна. Энэ сарын 13-нд эхэлсэн тус чуулганы гол хэсэг нь уг арга хэмжээний сүүлчийн долоо хоног байдаг. Үүнд олон орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар оролцдог уламжлалтай. Оролцогчид нь цар тахлын дараа анх удаа Нью-Йоркт биечлэн ирж байна. Зөвхөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский цахим хэлбэрээр Ерөнхий ассемблейд үг хэлэх болжээ.

Украины дайн энэ удаагийн чуулганы гол сэдвүүдийн нэг юм. “Энэ дайнаас хохирол амсаж байгаа нь зөвхөн Украин биш. Тус улсын ард түмэн рүү пуужин болон бусад зэвсгээр гал нээж буй бол дэлхийн бусад орон эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нэрвэгдэж байна” гэж Европын Холбооны гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель мэдэгдэв. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийн хэлснээр энэ дайн болон дэлхийн бусад бүс нутагт өрнөж буй геополитикийн үл ойлголцол нь өлсгөлөн, тэгш бус байдал, боловсролын хямрал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэхэд саад болж байна. Коронавирусийн цар тахал, өнөөгийн мөргөлдөөн нь хүн төрөлхтний амьдралын гол салбаруудын хөгжлийг наад зах нь таван жилээр ухраасныг тэрбээр тэмдэглэв.

Британийн хатан хаан II Элизабет таалал төгссөнтэй холбогдуулан Ерөнхий ассамблейн цагийн хуваарьт өөрчлөлт оржээ. Тухайлбал, Жозеф Байден дээд хэмжээний уулзалтын эхний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч үг хэлдэг уламжлалыг эвдлээ. Тэрбээр илтгэл тавих өдрөө хойшлуулсан байна. Европын Холбоог тэргүүлэгчдийн нэг Германы Канцлер Олаф Шольц өөрийн улсыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн байх ёстой гэж үзэж буйгаа чуулганы индрээс мэдэгдэв. Тэрбээр Аюулгүйн зөвлөлийг шинэчлэхийг уриалахдаа “30, 50, 70 жилийн өмнө баталсан дүрэм, бий болгосон байгууллагуудаа XXI зууны бодит байдалд нийцүүлэх ёстой. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд ч хамаатай” хэмээн онцолжээ. “Ази, Африк, Өмнөд Америкийн ирээдүйтэй, эрч хүчтэй хөгжиж буй улсууд болон бүс нутаг дэлхийн тавцанд улс төрийн илүү нөлөөтэй байх нь зүйтэй” гэж Олаф Шольц тэмдэглэв. НҮБ-ын нэр хүнд унасан тул энэ байгууллагыг шинэчлэх яриа хэлэлцээг эхлүүлэх шаардлагатайг Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы хүрээнд болж буй улс төрийн ерөнхий санал шүүмжлэлийн үеэр үг хэлэхдээ мэдэгджээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нь одоогийн байдлаар Орос, Британи, Хятад, АНУ, Франц гэсэн байнгын гишүүн таван оронтой. Тэд зөвлөлд хориг тавих эрхтэй. Газар зүйн байршлаар сонгогдсон, тус зөвлөлийн 10 гишүүн нь байнгын бус гэсэн статустай. Улс төрийн ерөнхий санал шүүмжлэлийн долоо хоногт 92 улсын Төрийн тэргүүн, дөрвөн Дэд Ерөнхийлөгч, 61 Засгийн газрын тэргүүн үг хэлэхээ урьдчилан мэдэгджээ.