Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсад амьдарч буй 18-аас дээш насны иргэдийг цагаачлалын болон оршин суух статусаа нотлох холбогдох бичиг баримтаа биедээ байнга авч явахыг зөвлөв. АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE)-наас хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг илрүүлэх, саатуулах, албадан буцаах ажиллагааг эрчимжүүлж буйтай холбогдуулан эл сэрэмжлүүлгийг гаргажээ. Иргэдийн биедээ авч явах шаардлагатай бичиг баримтад Ногоон карт (Permanent resident card, green card), Ажиллах эрхийн карт (EAD), I-94 орж, гарах бүртгэлийн хуудас болон цагаачлалын статусыг нотлох бусад холбогдох баримт багтаж байна. Мөн виз болон оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацаагаа тогтмол шалгах, бичиг баримтынхаа цахим болон хуулбар хувийг найдвартай байршилд хадгалахыг анхаарууллаа.
Түүнчлэн хяналт, шалгалт чангарах үед иргэд өөрсдийн эрх ашгийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тухайн улсын хууль тогтоомжийг чанд мөрдөх шаардлагатайг онцолжээ. Хэрэв саатуулагдах, эсвэл цагаачлалын албаны ажилтнуудтай харилцах шаардлага гарвал тайван байж, консулын туслалцаа авах хэрэгтэй гэв.
У.Цэцэг