Боловсролын яам “Таван богд автомотив” ХХК, “Таван богд финанс” ББСБ хамтран ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчин болон анги, танхимын тохижилтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын есөн сургуульд нэн шаардлагатай байгаа гал тогооны тоног төхөөрөмж, тавилга хандивлахаар болжээ. Ингэснээр сурагчдын үдийн хоолны чанарыг сайжруулж, тухтай орчин бүрдүүлэхэд чухал дэмжлэг болох юм.
Мөн сурагчийн үдийн хоолонд үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн хэрэглэх ёстой талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлсэн. Тус газрын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтайван “Хагас боловсруулсан болон машиндсан махан бү тээгдэхүүнийг хэрэглэснээр төсвийн хэмнэлт гарч байгаа. Тухайлбал, үхрийн ястай мах 25-30, хониных 25-35 хувийн хорогдол гардаг. Нийслэлийн хэмжээнд хүнсний түүхий эд нийлүүлэхээр 160 гаруй багцад 29 аж ахуйн нэгж, байгууллага шалгарч, хичээлийн жилийн бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна. Цаашид дунд, ахлах ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулахаар төлөвлөж буй учраас хүнсний түүхий эд, бү тээгдэхүүнийг хагас боловсруулсан бэлдэц байдлаар нийлүүлэх ажлыг эрчимжүүлнэ” гэв.
Ч.Цэлмэг