Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 106.2 мянган иргэн байгаагаас 11.1 мянга нь харааны бэрхшээлтэй аж. Тэд ГБХНХ-ын сайд Т.Аубакирыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхаж байна гэж үзэн, Тусгаар тогтнолын ордны гаднах талбайд өчигдөр тайван жагсаал зохион байгуулсан юм. Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг батлаад 10 жил өнгөрсөн ч бодит амьдралд огт хэрэгжээгүйг ажлын байр, хүртээмжтэй боловсрол эзэмших эрх өнөөдрийг хүртэл бүрэн хангагдаагүйд сэтгэл дундуур байгаагаа хэллээ.
Тиймээс тэд салбарын сайд Т.Аубакир болон хөдөлмөр, халамж, нийгмийн хамгааллын төрийн захиргааны байгууллагуудын дарга нарыг огцруулахыг шаардав. Энэхүү шаардлагаа тэд Ерөнхий сайдад өргөн барих аж. Мөн 60 гаруй жилийн түүхтэй, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвийн үйл ажиллагааг зогсоохыг оролдож байгаа бусармаг үйлдлийг шүүмжилсэн юм. Хэрэв шаардлагын дагуу арга хэмжээ авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Харааны бэрхшээлтэй иргэдээс гурав нь л гэхэд өчигдрөөс өлсгөлөн зарлаж байгаагаа мэдээллээ.
О.Оргилох