Хятадын эдийн засаг, жижиглэн худалдааны өсөлт энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн суларлаа. Тус улсын бодлого боловсруулагчид цаг агаарын эрс тэс үзэгдэл гаарч, дотоодын эрэлт тааруу байгаа нь үүнд голчлон нөлөөлсөн хэмээн тайлбарласан аж. Өнгөрсөн долоодугаар сард Хятадын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 4.5 хувиар өссөн ч нийт дүнгээр сүүлийн гурван сард анх удаагаа саарсан байна. Мөн тайлант хугацаанд хөрөнгө оруулалтын хэмжээ 6.7 хувиар агшин, тэр дундаа үл хөдлөх хөрөнгийн салбарынх өмнөх жилийн мөн үеийнхээс 19.2 хувиар буурчээ.
Үндэсний статистикийн товчооны хэвлэлийн төлөөлөгч Фү Линхуэй сэтгүүлчдэд мэдээлэл өгөх хурлын үеэр дотоодын эрэлтийг дэмжихийн тулд мөчлөгийн эсрэг бодлогын зохицуулалтыг эрчимжүүлнэ хэмээн мэдэгдэв. Эдийн засагчдын тооцоолсноор Хятад өрхүүдийн нийт хөрөнгийн 52 хувь нь үл хөдлөхөд төвлөрсөн байдаг гэнэ. Харин уг салбарын удаан хугацаанд үргэлжилж буй хямралын улмаас иргэд үл хөдлөхөд бус, алт болон бусад металл руу хөрөнгө оруулах сонирхолтой болсныг дурдлаа. Өнгөрсөн сард Хятадын зүүн болон өмнөд эргийг хар салхи дайрсан ч эдийн засгаа 20 их наяд ам.долларт хүргэх үндэсний зорилтод саад болохгүйг Фү Линхуэй онцолсон юм.
Дэлхий даяар хиймэл оюуны дэд бүтцүүдийг эрчимтэй байгуулж буй нь тус улсын экспортыг дэмжиж, жижиг компаниудад эергээр нөлөөлсөөр байна. Европын холбоо Хятадтай хийж буй худалдааны алдагдлаа бууруулахын тулд илүү хатуу арга хэмжээ авах, эсэхээ өнөө хэлэлцэж байгаа бол АНУ тус улсын бараа, бүтээгдэхүүнд шинэ тариф ногдуулахаа мэдэгдсэн. Урд хөршийн удирдагчид эдийн засгийн уналтаа тогтворжуулахын тулд төсвийн зарцуулалтыг хурдасгаж, бодлогын арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүү лэхээ зарласан аж.
Ташрамд, БНХАУ-ын гангийн гарц долоодугаар сарын байдлаар сүүлийн 10 жилийн доод түвшиндээ хүрэх төлөвтэй байгааг шинжээчид онцоллоо. Өнгөрсөн сард 76.9 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 3.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Үл хөдлөхийн эрэлт буурснаар барилга, дэд бүтцэд өргөн хэрэглэгддэг арматурын спот үнэ мөн л уруудсаар буй.