Олон нийтийн сүлжээнд цацагдаж буй олны анхаарал татсан хэрэг, зөрчлийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв, Мөрдөн шалгах болон Экологийн цагдаагийн албанаас өчигдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, “арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй, Сүхбаатар аймагт хятад иргэдийн орон байранд халдсан Г.Солонго, Г.Адилбиш, Төв аймгийн нутаг дэвсгэрээс шонхор шувуу барьж буй гадаадынхны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Экологийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Нямрагчаа “Засгийн газрын 2026 оны 263 дугаар тогтоолоор энэ онд гадаад улсад тусгай зориулалтаар гаргах шонхор шувууг барих зөвшөөрөл олгосон. Үүний дагуу 350 толгой шонхор шувуу барих зөвшөөрлийг 11 аймагт, гадаадын дөрвөн улсын 24 иргэнд олгохоор шийдвэрлэсэн. Уг зөвшөөрлийн хүрээнд 11 аймагт отог байгуулахаар болсон. Төв аймгийн нутаг дэвсгэрт иргэдийн маргаан үүсэж, цахим орчинд олны анхаарал татсантай холбоотойгоор гадаадын нэр бүхий иргэний гаргасан гомдлын дагуу Төв аймгийн Цагдаагийн газарт шалгалтын ажиллагаа явуулж байна. Тодруулбал, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгаж байна” гэлээ.
Мөрдөн шалгах албаны дэд дарга, хурандаа Б.Батдэлгэр “Засгийн газрын 2024 оны арваннэгдүгээр сарын 21-ний 137 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Матад, Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумд газрын тос эрэн хайх эрх олгосон байна. Үүний дагуу гадаадын хөрөнгө оруулалттай дээрх компани энэ оны долоодугаар сарын 4-нөөс эхлэн газрын тос эрэн хайх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Дорнод аймгийн Матад сумын Хэрлэн тохой гэх газарт газрын тос эрэн хайх үйл ажиллагаа явуулах зорилгоор энэ сарын 7-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт хайгуулын тоног төхөөрөмж, ажилчдын зөөврийн кэмп түр байршуулсан. Гэвч нэр бүхий иргэд “Зөвшөөрөлгүйгээр газрын тос олборлох гэж байна” хэмээн нутгийн иргэдийг уриалан, “Монголиа бейсен энержи” компанийн ажилчдын кэмп рүү хууль бусаар нэвтэрсэн. Уг хэрэгт холбогдуулан нэр бүхий иргэдэд Эрүүгийн хуулийн холбогдох заалтын дагуу хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дөрвөн иргэнийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай баривчилсан бөгөөд өчигдөр буюу наймдугаар сарын 18-нд нэг иргэнийг 30 хоногийн хугацаатай цагдан хорих захирамж шүүх гаргасан. Үлдсэн гурван иргэнд таслан сэргийлэх арга хэмжээ авах, эсэх асуудлыг өнөөдөр харьяалах нутаг дэвсгэрийн шүүх шийдвэрлэнэ” гэсэн юм.
Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Цао Ли “Нутгаа аврагч чойбалсанчууд” ТББын гэх хүмүүс хятад иргэдийн эрхэд ноцтой халдсан үйлдэл нь Монголд төдийгүй Хятадад маш их яригдсан. Энэ явдалд БНХАУ-ын зүгээс санаа зовж байна. Цаашлаад хуулийн байгууллагууд тухайн явдалд буруутай хүмүүст шийтгэл хүлээлгэх, эсэхийг анхааралтай ажиглана” гэдгээ мэдэгджээ.
Араб иргэд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд багийн нутагт хүүгийнх нь дэргэд аавыг нь машинаар дайрч хөнөөсөн” гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Тус аймгийн Цагдаагийн газрынхнаас авсан мэдээллээр Бууцагаан сумын IV багт мал хариулж байгаа хүнийг мөргөөд зугтсан гэсэн дуудлага энэ сарын 18-нд ирсэн. 32 настай малчин залууг марк, улсын дугаар нь тодорхойгүй, хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй хүн мөргөж, амийг нь хохироогоод зугтсан хэргийг шалгаж, эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгаа. Арабын иргэн үү, эсвэл өөр хүн үү гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох аж. Харин тухайн малчны ар гэрийнхэн нь зарим мэдээллийн хэрэгсэлд “Арабуудтай шонхор бариулахгүй гэж маргалдсаны улмаас ийм явдал болсон. 10 настай хүү нь хамт явсан учраас баталж байгаа” хэмээн мэдээлжээ.