Энэтхэгийн Дехрадун хотод зохион байгуулж буй “Азийн нээлттэй шорт трек, тэшүүрийн цом-2026” аварга шалгаруулах тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлагад Монголын 11 тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн долоон насны ангилалд 14 улсын 272 тамирчинтай өрсөлдөж байна. Хөвгүүдээс өсвөр үеийнхний E ангилалд оролцсон Б.Эрдэнэбулган 333 метрийн зайд уралдаж, мөнгөн медалийн эзэн боллоо. Охидоос залуучуудын Б ангилалд Б.Энгүүн шорт трекийн 500 метрийн зайд хурд сорьж, дэд байрт шалгарав. Түүнчлэн насанд хүрэгчдийнхэд Монголын тэшүүрийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Мөнх-Эрдэнэ 500 метрийн зайд медалийн төлөө өрсөлдөж, IV байр эзэлжээ. Уг тэмцээн өнөөдөр өндөрлөнө.