Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)ийнхөн ротаричуудын халуун дэмжлэгтэйгээр хүүхдийн цэцэрлэг болон сэргээн засах эмчилгээний тоног төхөөрөмжтэй болжээ. Тодруулбал, эмнэлгийн дэргэд 87 мянган ам.долларын санхүүжилтээр барьсан цэцэрлэгийг өнгөрсөн баасан гарагт ашиглалтад оруулж, нээлээ. Тус төвийн 600 гаруй ажилчны нийгмийн баталгааг хангаж, хүүхдэдээ санаа зовохгүйгээр ажлаа сэтгэл тайван хийх боломж бүрдүүлж өгсөнд тухайн эмнэлгийн хамт олон талархаж буйгаа илэрхийлсэн юм. Тухайлбал, Ротари олон улсын байгууллага, “Хангай ротари клуб”, “Ротари Чеоннан вест клуб”, “АйВиКо”, “Тонхил хайрхан” ХХК-ийнхан сэтгэлийн хандив өргөсөн байна.
Түүнчлэн тус төвийн Сэргээн засах тасагт өндөр технологийн тоног төхөөрөмж нэвтрүүлсэн юм. Төслийн хүрээнд өндөр эрчимтэй лазер, соронзон орны болон өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээг нэвтрүүлсэн бөгөөд уг төхөөрөмж нь жилд дунджаар 10 000-12 000 хүнд хавдрын дараах сэргээн засах тусламж үзүүлэх хүчин чадалтай гэнэ. Ташрамд, Олон улсын ротари байгууллага, “Хүрээ ротари клуб”ийнхэн 70 мянган ам.долларын санхүү жилтээр ХСҮТ-д 2024-2026 онд шинэ тоног төхөөрөмж, технологи нэвтрүүлсэн байна.
Ч.Туяа