Замби улсын Ерөнхийлөгч Хакаинде Хичилема энэ сарын18-нд болсон сонгуульд ялж, таван жилийн хугацаагаар дахин сонгогдов. Өрсөлдөгчдөөс 50 хувийн босго давсан санал авсаныг нь ялсанд тооцдог юм байна. Тиймээс Хичилема 61.4 хувийн санал авснаар хоёр дахиа санал хураалгах шаардлага гарсангүй.
Хакаинде Хичилема 1962 онд мэндэлжээ. Бизнес эрхэлж байгаад 2006, 2008, 2011, 2015, 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөний эцэст 2021 оны наймдугаар сарын дундаас Ерөнхийлөгчөөр ажиллажээ. Хакаинде Хичилема нь Үндэсний хөгжлийн нэгдсэн нам гэдэг улс төрийн либерал байгуулагын гишүүн юм. 2006 онд намынхаа даргаар сонгогдов. Түүнчлэн сөрөг хүчний гурван намыг нэгтгэсэн Ардчилсан нэгдмэл альянсыг бас удирдаж байв. 2006 онд энэ альянсаас нэрээ дэвшүүлж, Ерөнхийлөгч асан Кеннет Каундын дэмжлэгийг авсан ч 25 хувийн санал авч гуравдугаарт эрэмбэлэгдэв. 2008 онд болсон ээлжит бус сонгуульд авсан саналын тоогоор мөн л гуравдугаарт оржээ. 2011 онд бас л бүтсэнгүй. 2015 оны нэгдүгээр сард Хакаинде Хичилема хоёр гол өрсөлдөгчийн нэг байсан ч эрх баригч намаас нэрээ дэвшүүлсэн өрсөлдөгчдөө ялагджээ. 2016 онд сөрөг хүчний гол нэр дэвшигч байсан ч өмнөх сонгуульд ялагдсан өрсөлдөгчдөө тун цөөн саналын зөрүүгээр тахим өгчээ. 2017 оны хавар улсаасаа урвасан, Засгийн газраа унагаахыг оролдсон хэргээр баривчлагдаж, шоронд дөрвөн сар болоод суллагдав.
Хакаинде Хичилемаг Ерөнхийлөгчөөр эхний удаа сонгогдсоны дараа Замбийн үндэсний мөнгөн тэмдэгтийн доллартай харьцах ханш 30 гаруй хувиар дээшилж, 2021 онд энэ үзүүлэлтээр тус улс дэлхийд тэргүүлсэн байна.
Хичилема гэргий, гурван хүүхэдтэй. Тэрбээр саятан бөгөөд малынхаа тоогоор улсдаа хоёрт ордог аж. Панамын баримтад тэмдэглэснээр Хичилема нь Бермудын арлууд дээр байрладаг “AfNat resources” компанийг 2008 оноос удирджээ.Энэ компани Замби болон Африкийн бусад улсад никелийн хайгуул хийдэг юм байна. Олон улсын эрэн сурвалжлагч- сэтгүүлчдийн консорциумд байгаа баримтаар тус компани 2010 онд 14 сая ам.доллароор Канадын “Axmin” компанид арилжигдах хүртлээ Лондоны биржид бүртгэлтэй байжээ.