“Мета” компани ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд “Фэйсбүүк”, “Инстаграм”-ын хяналтгүй хэрэглээг дэмжиж, залуу үеийнхнийг сэтгэл гутрал, амиа хорлоход хүргэсэн, хувийн мэдээллийг зохих зөвшөөрөлгүйгээр цуглуулсан гэх агуулгатай нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хурал өнгөрсөн мягмар гарагт эхэллээ. АНУын нэр бүхий хоёр намын төлөөллөөс бүрдсэн бүлэг тус компанийг ийн буруутгаад буй. Энэ нь хүмүүсийн тү гээмэл хэрэглэдэг зарим аппликэйшний цаашдын үйл ажиллагааг өөрчилж болзошгүй нь. Калифорни мужийн Оакланд хотын Холбооны шүүх эл асуудлыг шийдвэрлэхээр болсон юм.
Харин “Мета”-гийн өмгөөлөгч Пол Шмидт “Өсвөр насныхны сошиал медиа хэрэглээ болон тэдний сайн сайхан байдлын хооронд тодорхой хамаарал үгүйг судалгаанууд харуулж байна. Гүйцэтгэх захирал Марк Зукерберг үйлчилгээгээ хэрэглэгчдэд ээлгүй болгохыг хүсэхгүй” хэмээсэн аж. Тус компани хуулийн хариуцлага хүлээх, эсэхийг АНУ-ын дүүргийн шүүгч Ивонн Гонсалес Рожерс эцэслэн шийдэх гэнэ. Хэрэв тэднийг буруутай гэж үзвэл “Мета” 1.4 их наяд ам.доллароор торгуулж болзошгүй байна. Энэ нь тус компанийн зах зээлийн үнэлгээтэй дүйх хэмжээний мөнгөн дүн юм. Калифорни, Колорадо, Кентакки, НьюЖерси мужийн удирдлага “Фэйсбүүк”, “Инстаграм”-ын “like” буюу таалагдсан тэмдэглэгээ, шинэ нийтлэлүүдийг тасралтгүй харуулдаг функцийг устгах, залуу хэрэглэгчдийн сошиал хэрэглээнд хязгаар тогтоох зэрэг арга хэмжээ авхуулах саналаа илэрхийлэв. Уг шүүх хурал эхлэх үеэр “Мета”-гийн хувьцааны үнэ 4.4 хувиар унаж, 543.6 ам.долларт хүрсэн байна. Шүүх хурал зургаан долоон хоног үргэлжлэх төлөвтэй.
Д.Хэрлэн