Манай улсад хар тугалганы өндөр агууламжтай будаг хаа сайгүй худалдаж буйг 10-аад жилийн өмнө тогтоогоод, анхаарах зөвлөмж хүртэл боловсруулсан. “Зориг сан”-гаас 2017 онд “100 айл” барилгын материалын төвөөс ахуйн хэрэглээний 56 лааз будаг худалдан авч, түүнийг шинжлүүлэхэд 70 хувь нь хар тугалганы агууламжтай гарсан юм. Ингэхдээ 22 үйлдвэрлэгчийн 25 нэр, төрлийн брэндийн будгаас зөвхөн орон сууцын зориулалттайг нь шинжилж үзэхэд хар тугалганы агууламж хамгийн өндөртэйг нь БНХАУ-д үйлдвэрлэсэн байв.
Эл судалгааг тус сангийнхан IPEN буюу “Бохирдуулагч бодисыг устгах олон улсын сүлжээ” байгууллагатай хамтран хийсэн бөгөөд дээрх нэр, төрлийн будгийн 48-ынх нь хар тугалганы хэмжээ 10 мянган ppm-ээс давсан байжээ.
Иймд Монгол Улсын Засгийн газар дэлхийн бусад оронд мөрдөж буй стандартад заасан 90 ppm-ээс их хар тугалганы агууламжтай будгийг импортлох, худалдах, хэрэглэхийг хориглосон заалт бүхий журмыг нэн даруй боловсруулж, батлуулах зөвлөмжийг дээрх байгууллагаас өгсөн. Гэтэл өдгөө үүнээс сэргийлэх, хориг тогтоох хууль, эрх зүйн орч ныг бүрдүүлээгүй төдийгүй барилгын материал, будгийн 90 орчим хувийг Хятадаас импортолсон хэвээр. Дургүйд хүчгүй гэгчээр манай улсын шийдвэр гаргагчид “Үйлдвэрлэгч орон биш” гэсэн үгээр хэдий болтол ам таглах вэ.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхний хамгийн сүүлд буюу 2014 онд хийсэн, 7-14 насны хүүхдүүдийн цусан дахь хар тугалга тодорхойлсон судалгаанд 60 хувьд нь эл элемент зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан төдийгүй хичээл, сурлагадаа муу байдал түлхүү ажиглагдсан нь үүнтэйхолбоотойг дурдсан. Ийм ноцтой дата мэдээлэл байсаар атал хүн амын дунд хар тугалганы хор хөнөөлийг бууруулах тухайд эрх баригчид, эрүүл мэнд, боловсролын салбарынхан хуруугаа ч хөдөлгөсөнгүй.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөл тийн яамнаас хэд хоногийн өмнө Монгол Улсад будгийн найрлага дахь хар тугалганы агууламжийг зохицуулах хууль, эрх зүйг боловсронгуй болгох асуудлаар олон улсын түвшинд хэлэлцсэн юм. Тэд өнөөх л 2017 оны судалгааг эш татав. Энэ үеэр будаг болон түүнтэй адил төрлийн бүрэх материалын аюулгүй байдлын талаар Засгийн газрын техникийн зохицуулалт боловсруулах боломжийг эрэлхийлж буйгаа албаныхан мэдээлсэн. Тухайлбал, нийт хар тугалганы агууламжийг 90 ppm-ээр хязгаарлах, бүтээгдэхүүний шинжилгээ, тохирлын үнэлгээ, хаягжилт, хилийн болон зах зээлийн тандалт, хяналтыг цогцоор нь хэрэгжүүлэх юм гэнэ.
НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШХИРАВ
“Шинэ барилгад 3-6 сарын дараа нүүж очихыг өндөр хөгжилтэй орнууд иргэддээ зөвлөдөг. Хүний биед хор нөлөөтэй химийн бодис арилах хүртэл гэсэн үг. Нүдэнд үл харагдах хорт бодис бидний эргэн тойронд байсаар. Үүний улмаас харшил өгөх, толгой өвдөх, нойргүйдэх зэргээр таагүй мэдрэмжтэй нүүр тулдаг. Манайхны хувьд “эрүүл” барилгын талаарх ойлголт тааруу, энэ талаар хийсэн судалгаа байхгүй учраас хүмүүс барилга, байгууламжийн материал, ямар будаг ашигласан, эсэхэд төдийлөн ач холбогдол өгдөггүй” хэмээн ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Хот төлөвлөлтийн тэнхимийн багш, доктор Б.Ариунжаргал ярьсан. Гэтэл манай боловсролын байгууллагынхан оройтсон борооны хойноос цув нөмрөв гэгчээр одоо л сургууль, цэцэрлэгт ашигласан будгаас шинжилгээ авч буй.
Сургууль, цэцэрлэгүүдэд хэрэглэсэн будгаас хүнд металл илэрсэн хэмээн өнгөрсөн хавар салбарын сайд нь сенсаацалж байсан ч шинжилгээг авч дуусаагүй талаар Боловсролын яамныхан хэлэв. Тус яамны салбарын хяналтын хэлтсийн дарга Г.Наранбаатар “Есдүгээр сарын 1-нээс өмнө засвар, үйлчилгээ хийсэн, боловсролын сургалтын барилга, байгууламжид дэгдэмхий органик нэгдэл, хүнд металлын шинжилгээ хийж байна. Будсан анги, танхимаас агаарын чанарын шинжилгээ авч байгаа. Наймдугаар сарын 25-ны дотор дээж авч дуусах бөгөөд хариу нь ирэх сарын дундуур гарах юм. Дэгдэмхий бодисын шинжилгээг Монголдоо хийх бол хүнд металлынхыг Австрали улсад шинжлүүлнэ. Урьдчилсан байдлаар улсын хэмжээнд сургалтын 120 байгууллага анги, танхимаа будаж, засварласан” гэв. Тэдний зарим нь усан болон тосон будаг ашигласан бол хүний биед ээлтэй, эко нь илүү үнэтэй учраас хүчрээгүйгээ учирлажээ. Тиймээс есдүгээр сарын 1-нд будаг ханхалсан ангид хичээллэх нь хэмээн баярлаж болохгүй . Засварын ажлыг аль болох хавар, зуны улиралдаа багтааж, элдэв үнэргүй, эрүүл танхимд хүүхдүүд хичээллэх нь чухал юм.
ХҮН ТӨВТЭЙ БУЮУ “ЭРҮҮЛ” БАРИЛГА
Дэлхийн барилгын чиг хандлага “хүн төвт” буюу “Healthy building” стандарт руу шилжиж эхэлсэн. АНУ-д төвтэй “World green building council” байгууллагаас орон сууц, оффис, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга, барихад тавих шаардлагыг анагаахын болон шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан гаргасныг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд буй. Тухайлбал, оюун санааны тав тух, дуу чимээ, байгалийн гэрэл, ундны ус, дулаан байдал, барилгын дотоод орчны ая тохь, бүх юмандаа алхаад хүрэх зайд байрлах, агаар, шим тэжээл нь “эрүүл” барилгын үндэс гэжээ. Үүн дотроо барилгын материалаас ялгарах бодис нь температур, чийгийн нөлөөгөөр агаарт нян үүсгэж бохирдуулдаг. Тиймээс дотор агаарын чанарыг алдагдуулахгүй байх нь нэн чухал аж. Мөн байгалийн гэрэл гэрт их хэмжээгээр тусах нь амьсгалын замын өвчлөлийг эрс багасгаж, хөгц болон бусад бактер үржихээс сэргийлдэг байна. Харин эсрэгээрээ харанхуй болон нарны гэрэл бага тусдаг газарт амьдарснаар толгой өвдөх, нойргүйдэх, сэтгэл зүйн гүн хямралд өртдөг болохыг дээрх байгууллагынхан нотолжээ.
Тэгвэл манай улсад, тэр дундаа өдрөөс өдөрт өргөжин тэлж буй Улаанбаатар хотод “эрүүл” барилга, байгууламж ус, агаар мэт хэрэгтэй байна. Байртай л болбол мөрөөдөл биелэх биш, эрүүл амьдралыг тэтгэх орон сууц барихыг холбогдох хүмүүсээс нь шахаж, шаардах, хяналт тавих эрх нь иргэдэд бий. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаснаар аливаа хяналт, шалгалт суларч, ялангуяа барилгын салбарынхан дураараа дургих болсон гэхэд хилсдэхгүй. Барилгын материалын чанарыг нийслэлийн Хяналт, шалгалтын газрынхан хянах үүрэгтэй аж. Гэвч будагч бодист хар тугалганы хэмжээ стандартаас давсан, эсэхийг шинжлэх лаборатори байдаггүйг дээрх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Аз хэлсэн юм.
“World green building council” байгууллагын гаргасан судалгаагаар хүн амьдралынхаа турш амьсгалж буй агаарынхаа 50 хувийг гэрээсээ авдаг. Гаднаас авч буй агаарын 92 хувь нь хангалттай аюулгүй байж чаддаггүй. Нярай болон бага насны хүүхэд гэр доторх агаарын найрлага дахь химийн бодисоос илүү их хорддог. Судалгаагаар агаар сэлгэлтгүй гэрт амьдардаг хүүхэд шал болон хивсэн дээр хөрвөөснөөр өдөрт гурван ширхэг тамхи татсантай тэнцэхүйц хэмжээнд хорддог гэжээ.
Ялангуяа аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн олонх нь хүнд металлд хордсон байдаг хэмээн эрүүл мэндийн салбарынхан дүгнэдэг. Тэгвэл хүүгээ аутизмтай гэдгийг мэдсэн цагаасаа аль болох эрүүл хүнс, эрүүл орчинд амьдрахыг эрхэмлэн хичээснээр үр дүнд хүрсэн талаараа хүүгийн ээж, барилгын салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай Ц.Батсэлэнгэ бидэнд хуваалцсан юм. Тэрбээр “Европын орны иргэд өдөр бүр биеийн тамир, спортоор хичээллэж, эрүүл хоол хүнс хэрэглэдэг хэрнээ хорт хавдрын өвчлөл, нас баралт нь яагаад буурахгүй байна вэ. Энэ бүхний үндэс нь амьдарч буй барилга, байгууламжтай нь холбоотойг олон улсын судалгаанд дурдах болсон. Хэдэн зуун жилийн настай эртний болон орчин үеийн шинэ барилгууд нь ч хүний биед хортой бодис агуулсан, эрүүл мэндэд ээлгүй байх болжээ. Манай улсын тухайд ундны усны чанар харьцангуй сайн. Зэвтэй болон тунадастай ус хэрэглэх нь бараг үгүй учраас заавал шүүгч хэрэглэх шаардлагагүй. Харин барилгын материалын тухайд үйлдвэрлэгч орон биш. Тиймээс барилгын материалын 90 хувийг урд хөршөөс оруулж ирдэг. Наймаачид аль болох хямдыг нь сонгодог. Үнэ хямд байх тусмаа хү ний биед илүү хортой. Ядаж л бид өдөр тутамд хэрэглэж буй ахуйн бараа, бүтээгдэхүүнийг аюулгүй болгоход анхаарах хэрэгтэй. Наад зах нь төмөр хүний биед ороод задардаггүй. Тиймээс төмөр зүйл дээр мах, ногоогоо хэрчээд байж боломгүй. Мах, ногоо, хүнс, цагаан идээгээ мал чин, тариачин зэрэг найдвартай эх үүсвэрээс нь авч, кадми, хар тугалга агуулаагүй сав суулга хэрэглэж, органик, веган гэрчилгээтэй угаалгын бодис ашиглаж, синтетик орц багатай чанартай хувцас, эм, амин дэмээ сонгохдоо ч ихэд анхаарч байгаа. Үүний үр дүнд хүү минь ер антибиотек ууж үзээгүй” хэмээсэн. Мөн тэрбээр агаарын солилцоо сайн, цонхыг нь барилга хаагаагүй орон сууц сонгож, тавилгаа ч цэвэр модоор хийлгэх хэрэгтэйг зөвлөсөн юм. Ханын цаас сайн, чанартай байлаа гээд муу цавуугаар наачихвал “эрүүл” биш болдгийг ч анхааруулсан. Энэ бүхэн тансаглал биш, эрүүл эд, эсийг аажмаар гэмтээхээс хамгаалах гарц гэдгийг онцолсон юм. Тухайлбал, тэрбээр нарны гэрэл тусах, агаарын солилцоо сайтайг нь бодож том цонхтой байр сонгосон гэнэ лээ. Хойшоо болон баруун тийшээ харсан цонхтой өрөө хамгийн муу байршилд тооцогддог аж. Өглөөний нарны тусгал хүний биед хамгийн сайн тул зүүн, урагшаа харсан цонхтой байр ээлтэй гэнэ. Дэлхийн ногоон барилгын зөвлөлөөс улс орнууд орон сууцын барилга төлөвлөхдөө аль болох хойшоо харсан өрөөний төлөвлөлтийг бага хийж, нэг талдаа цонхтой барилгыг цөөн барихыг зөвлөжээ.
ДЭМБ-аас хар тугалга хүний биед байх босго хэмжээ таван мкг/дл гэж тогтоож өгчээ. Энэ нь гэхдээ зөвшөөрөгдөх хэмжээ биш, босго хэмжээ гэдгийг онцлох нь зүйтэй. Эл хэмжээ рүү ойртсон, эсвэл давсан тохиолдолд хүн хорддог байна. АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв хүний биед байх хар тугалганы босго хэмжээг 2021 оноос 3.5 мкг/дл болгож бууруулжээ. Харин монголчууд стандартаас давсан хар тугалганд хордсоор байг уу.