АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын рейтинг 33 хувь хүрч унасан нь Цагаан ордонд буцаж ирснээс нь хойших хамгийн доод үзүүлэлт гэнэ. Энэ сарын 17-нд “Reuters”-ийн явуулсан санал асуулгаар түүнд оролцсон хүмүүсийн ердөө 33 хувь нь Трампын үйл ажиллагааг дэмжсэн байв. Энэ үзүүлэлт наймдугаар сарын эхээр 35 хувь байсан аж. Трамп 2025 онд Цагаан ордонд эргэж ирэхэд Америкийн ард түмний бараг тэн хагас нь түүнийг дэмжиж байв. Израилтай хамтран Иран руу довтлох шийдвэр гаргасны дараа нэр хүнд нь огцом доошилжээ. Уг шийдвэрээс үүдэж дэлхийн нефтийн худалдааны тав орчим хувь нь хумигдсанаас шатахууны үнэ огцом өсөж, удахгүй болох завсрын сонгуульд Конгресст олонхын байр сууриа хадгалж үлдэхийн төлөө тэмцэж буй БНН дахь Трампын холбоотнуудаас түүнд үзүүлэх дарамт шахалт ихэсжээ.
Дайн сунжрах вий гэх айдас ихэнх америк хүний сэтгэлийг зовоож байна. Инфляцыг хянаж, улсаа ужиг дайнд татан оруулахгүй хэмээн сонгуулийн өмнө Трамп амлаж байжээ. Ирантай зөрчилдөж эхлэхдээ ч дайн ердөө хэдхэн долоо хоног үргэлжилнэ гэж мэдэгдэж байв. Гэтэл Иран хариу эсэргүүцэл үзүүлэх чадвартай төдийгүй Ормузын хоолойгоор нефть нийлүүлэхэд саад хийсээр байна. Санал асуулгын дүнгээс үзвэл, америкчуудын 80 хувь нь, түүний дотор АН-ын сонгогчдын 87, БНН-ын сонгогчдын 71 хувь нь Ирантай өдөөсөн дайн урт хугацаанд үргэлжилнэ гэсэн бодолтой байгаа юм. Дайн эхэлснээс хойших бүхий л хугацааны туршид Трампын байр суурь байнга өөрчлөгдөж, байлдааны ажиллагааг шатлан өргөжүүлэх боломжтой гэж хэлснээ тэр дороо хувиран энхийн хэлэлцээр гарцаагүй гэж байх жишээтэй. Ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох завсрын сонгууль ойртох тусам бүгд найрамдахчуудын сэтгэлийг дайн хийгээд бензин шатахууны үнэ түгшээж байна. Одоогийн байдлаар тус нам Төлөөлөгчдийн танхимд ялихгүй илүү суудалтай байгаа бол ардчилагчид Сенатад хяналтаа тогтоох боломж ирнэ гэдэгт улам бүр итгэлтэй болж буй аж.
Энэ сарын 14-нд Дональд Трамп Нью-Йорк мужид болсон улс төрийн цуглаан дээр Ираныг цөмийн зэвсэгтэй л болгочихгүй байж чадвал бензиний үнэ нэмэгдэх нь юу ч биш гэсэн утгатай үг хэлсэн байна.Энэ бол дайнаа зөвтгөж буй Трампын гол шалтгаануудын нэг нь. Гэлээ ч шатахууны үнэ нэмэгдэж буй нь хүмүүсийн амьдралд дарамт үзүүлээд зогсохгүй, эдийн засгийн асуудлуудаар БНН давамгайлдаг байдлыг нь үгүй хйиж байна. Сүүлийн 10 жилд эдийн засгийг удирдан жолоодох ардчилагчдын чадварыг бүгд найрамдахчуудаас илүү гэж сонгогчдын 38 хувь нь анх удаа үнэлснийг сүүлчийн санал асуулгын дүн харуулсан байна. Амьдралын өртөг өсөж буй ч асуудлыг нааштай шийдвэрлэхийн хувьд Ардчилсан нам илүүтэй хэмээн үнэлэгдэх болжээ. Трампын хувьд энэ нь түгшүүрийн дохио мөн. Цагаачлалын асуудлаар ч БНН-ын давамгайлал багасаж байна. Цагаачлалын бодлогоо чангаруулах шийдвэр Ерөнхийлөгч гаргаснаас хойш хилийн дээс алхах хүмүүсийн тоо эрс цөөрчээ. Энэ талаарх бодлогод БНН арай л амьдралд нийцсэн бодлого баримталж байна гэж бүртгэлтэй сонгогчдын 40 орчим хувь нь үзэж байгаа бол 38 хувь нь АН-д дэмжлэгтэй хандсан байв.