Зургийг хиймэл оюун ухаанаар бүтээв
Монголын сэтгүүл зүй зүг чигээ нэгэнт алджээ. Яг л замаараа явж байснаа хааяа хажуу тийшээ халтирчихдаг хуучин галт тэргийг санагдуулам. Шугамд нь буцаагаад оруулчих завсарчин ч үгүй, хаашаа явж байгаагаа ч мэдэхээ байчихсан машинист лугаа болсон мэт. Сэтгүүлчид чухам ямар ажил хийдэг юм бэ гэх энгийн асуултад ч хариулахад бэрх болов. Угтаа бол үнэн бодит мэдээллийг тэнцвэртэй хүргэх, баримтыг шалгах, эрэн сурвалжлах, ард иргэдийн мэдэх эрхийг хангах, дуу хоолой нь болох, цаашлаад төр, бизнес, нийгмийн бусад институцийн үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүрэгтэй юм шүү дээ. Гэтэл сүүлийн үед салбарын энэ мэт үндсэн үйл ажиллагаа алдагдаж, хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид нь өөрсдөө ч ямар ажил хийдгээ умартаж. Нэг хэсэг сэтгүүлчдийг “шантаажчин” хэмээн цоллодог байсан бол одоо “хандивын сэтгүүл зүй” рүү бүгд ханцуй шамлах боллоо. Тиймдээ ч ард иргэд сэтгүүлчдээс үнэн бодит мэдээ, мэдээлэл шаардах гэхээсээ илүүтэй мөнгө босгохыг, редакцаас асуудал хөндсөн нийтлэл биш, хандивын аян зохион байгуулахыг хүсэх болсон нь харамсалтай.
Үүний хор уршгаар ард иргэд юм л болбол хэвлэлд хандаж, хандив, тусламж цуглуулах гэдэг болж. Зарим нь бүр өнгөтэй өөдтэй амьдардаг, бусдаас дутахгүй бэл бэнчинтэй хэрнээ эмчилгээний төлбөрөө олон нийтийн хандиваар босгож, шимэгч лэх хандлагатай болсон байна. Ямар сайндаа л Улаанбаатарын хамгийн үнэтэй байршил гэгддэг Зайсанд 600 сая төгрөгөөр үнэлэгдэх тансаг байртай, машинтай баячууд, урлаг соёлын нэртэй хүмүүс хүртэл ард иргэдээс хандив гуйж, өөрсдөөсөө сохор зоос ч гаргахгүйгээр тулгарсан асуудал, бэрхшээлээ шийдэх гэж улайрах болж. Мэдээж энэ бүхний буруутан нь нийгэмд сайн хүний дүрээр тодрох, олны дэмжлэг авч, хандалтаа өсгөх гэсэн сэтгүүлчид гэхэд хилсдэхгүй.
МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар “Сэтгүүл зүй хандив, тусламж, өрөвдөл нигүүлслийн хүндэт индэр лүү чирэгдсээр байна” хэмээн саяхан шүүмжилсэн удаатай. Өөрөөр хэлбэл, хэвлэлүүд аливаа тогтолцооны асуудлыг шийдэх гэж улайрдаг, мөнгө босгодог, сүүлдээ хэн нэгний зөв, бурууг хүртэл шүүдэг байгууллага болон хувирсанд сэтгүүл зүйн салбарын эрдэмтэн, судлаачид ийнхүү санаагаа чилээх болов. Ялангуяа мэдээллийн сайтууд орон гэргүй, өвдөж зовсон хүмүүст туслах нэрээр хандив, тусламж гардан зохион байгуулж, байр сууцыг нь худалдан авч өгч, тавилга хэрэгслийг хүртэл сонголцож, эмчлүүлэх эмнэлгийг нь зааж явуулах нь холгүй байна.
ИРГЭД АСУУДЛАА ШИЙДҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛ ТӨДИЙХНӨӨР ХАРДАГ
Олон нийтээс хандив, тусламж хүссэн хүмүүсийн мэдээллийг нийтлэх нь буруу биш. Гагцхүү мэдээлэгч, зуучлагчийн хувиар бус, үүнд оройлж, түүнийг зохион байгуулах мөчөөс мэргэжлийн үнэ цэн, үндсэн үйл ажиллагаа алдагдаж буйг ухамсарлахгүй байгаад учир буй юм. МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор С.Амартүвшин үүнийг “мэргэжлийн хил хязгаараа давах үзэгдэл” гэж тодорхойлсон. Тэрбээр “Сэтгүүл зүйн салбарын үндсэн үүрэг, зорилго нь нийгэмд үнэн бодит мэдээллийг тэнцвэртэй хүргэх л юм шүү дээ. Гэтэл редакц хандивын аян санаачлаад, сэтгүүлч нь түүнийг дэмжээд, оройлоод, цуглуулахад оролцох нь сэтгүүл зүйд байж болшгүй. Ийм үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлдэг нийгмийн тусдаа статустай байгууллага, сан бий. Энгийнээр тайлбарлахад, сэтгүүлч хандивын тухай мэдээлж болно. Харин өөрөө оролцох ёсгүй. Эдүгээ энэхүү ялгаа зааг бүдгэрсэн нь асуудлын гол юм. Хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтийн анхаарлыг татахын тулд өр өвтгөм түүхүүдийг түлхүү гаргаж, улмаар тухайн хүний асуудлыг шийдвэрлэхэд өөрсдөө оролцох болжээ. Ингэх тусам иргэд хэвлэлийг асуудлаа шийдүүлэх хэрэгсэл төдийхнөөр харж байна. Өвдсөн нь эмнэлэгт үзүүлдэг, нийгмийн хамгааллын асуудалтай нь холбогдох байгууллагад ханддаг, хууль зөрчигдсөн бол шүүхээр шийдүүлэх зарчим үйлчлэх ёстой. Даанч иргэд, олон нийтэд төрийн байгууллагуудын дамжлага, халамжийг хүлээж цаг алдахын оронд хэвлэлийн хүчээр асуудлаа шийдүүлж болох юм гэсэн ойлголтыг сэтгүүлчид үүсгэчихсэн” гэж ярилаа.
Нийгэм нь олон салбар, тогтолцооноос бүрддэг. Тэр ч утгаараа ажил, мэргэжлүүд өөрийн гэсэн үүрэг, хариуцлагатай байдаг ч сэтгүүл зүйн салбарынхан дээр өгүүлсэнчлэн үндсэн үүргээсээ хальсан үйл ажиллагаа явуулах нь хэрээс хэтрэв. Нийгмийн хамгаалал, халамжийн бүхэл бүтэн яам, газар, хэлтсүүд Монголд ажиллаж байхад хэвлэл мэдээллийнхэн хүмүүнлэгийн үйлс рүү хошуурах болсон нь ердөө л хандалт. Сошиал орчинд энэ нь мөнгө олох гол арга, нөлөө гэж хэлж болно. Хэний түүх илүү олон хүний зүрх сэтгэлд хүрч, уйлуулах вэ. Хэний зовлон их хандалт авч, мөнгө босгох бол гэдгийг сэтгүүлчид сонгож, нийтэд цацдаг гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Энэ нь мэдээллийн үнэ цэнийг баримтын ач холбогдлоор биш, хандалтын хэмжээгээр үнэлэх үндэслэл болж буй.
Сэтгүүлчдийн хамгийн том “үнэт зүйл” нь хүмүүсийн итгэл байх ёстой. Энэ нь нэг хүний эмчилгээний зардлыг босгосноор хэмжигдэж, нэмэгддэг зүйл биш гэдгийг ч судлаачид хэлдэг. “Хандив, тусламжийн үйл ажиллагаанд сэтгүүлчид мэдээлэл түгээх, зуучлах зорилгоор оролцож болно. Энэ нь ч тодорхой хэм хэмжээтэй, хязгаартай байдаг. Учир нь сэтгүүл зүйд давж болохгүй бүс гэж бий. Харамсалтай нь, эл салбарт туйлширсан үзэл хандлага хавтгайрсан. Бусад салбарын өмнөөс дуугарч, хязгаараа давж дайрах нь яавч эрүүл үзэгдэл биш. Иймэрхүү хандлага нь хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх зэрэг гажуудлыг бий болгодог. Тийм жишээ ч цөөнгүй гарсан бол одоо олон нийтийн анхаарлыг татах, тэдний дэмжлэгийг авах, эерэг, сайн хүний дүрээр харагдах гэж сайн дурын үйл ажиллагаанд татагдан оролцож байна. Сэтгүүлчид хүмүүнлэгийн үйл ажиллагаа мэр сэр зохион байгуулдаг байсан ч өнөөдрийнх шиг хавтгайрчхаагүй байсан юм” хэмээн С.Амартүвшин багш халагласан.
“МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛЧИД ХЭЗЭЭ Ч ХАНДИВ ЦУГЛУУЛДАГГҮЙ”
Хэвлэл мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаа явуулахдаа тодорхой дүрмийн хүрээнд мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээгээ баримтлах ёстой. Энэ нь нэг ёсондоо “тоглоомын дүрэм” гэсэн үг. Үүнээсээ гажихаараа л мэргэжлийн ёс зүй, хариуцлага, зарчим гэдэг зүйл нь алдагддаг жамтай. Ийм зөрчил нь нийгэмд талцал үүсгэх, шүүмжлэлд өртөх, мэргэжлийн нэр хүн унах, үл итгэх байдал бий болгодог байна. Тиймдээ ч иргэд хэнд хандахаа мэдэхгүй, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг халамжийн сан шиг хардаг болоод удав. Мэргэжлийн үйл ажиллагаа гэдэг ийм эмзэг, нарийн зохицуулалттай байдгийг салбарын судлаачид анхааруулаад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээнийхээ хүрээнд ажиллах ёстойг сануулсан юм.
Сэтгүүл зүйн сургалтын хөтөлбөрүүдэд мэргэжлийн үндсэн үүрэг, зарчим ямар хэмжээнд явагдах ёстойг, ёс зүйн хэм хэмжээ, хариуцлага нь ямар байхыг онолын болон практик түвшинд зааж сургахаар, мэдлэг, ур чадвар олгохоор тусгасан байдгийг МУБИСийн багш нар хэлсэн. Үүнийхээ дагуу ч их, дээд сургуулиуд хичээлээ заадаг. Чөлөөт хэвлэлийн тогтсон зарчмаар хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Харин энэ явцдаа практикт үүсээд байгаа янз бүрийн гажуудал, мэргэжлийн бус үйл ажиллагаа, хандлагыг суралцагчдадаа тухай бүрд нь тайлбарлан таниулаад явдаг аж. Өнөөдөр амьдралд тохиолдсон жишээг сургалтын хөтөлбөрийг шинэчилсний дараа тайлбарлана гэвэл утгагүй гэдгийг ч учирласан. Тухайн цаг үеийн нөхцөл байдалдаа уялдуулаад, тухайлбал, хандив цуглуулах нь сэтгүүлчийн ажил биш гэдгийг ойлгуулаад энэ тохиолдолд мэдээлэгчийн үүргээр оролцох учиртайг заадаг гэв. Мөн тэд “Сэтгүүлчид хандив, тусламжаар далимдуулж нэр хүндээ өсгөх гэдэг болж. Тухайн хандив цуглуулагч жишээ нь 22 цагийн дотор олон нийтээс 300 сая төгрөгийн хандив цуглуулах хэмжээний нөлөө үзүүлсэн байж болно. Гэхдээ мэргэжлийн сэтгүүлчид ийм ажил хэзээ ч хийдэггүй л байхгүй юу. Мэргэжлийн ёс зүй, зарчмаа баримталдаг нь өмнөх ажлаа нэр төртэй хийгээд, үүрэг, хариуцлагаа ухамсарлаад, тогтолцооны гажуудлаа засахын төлөө хичээсээр ирсэн. Мэргэжлийн байна гэдэг асар том хариуцлага” гэв.
Сэтгүүлчид шүүгч, прокурор, халамжийн ажилтан, төрийн байгууллагын өмнөөс асуудал шийдэгч бүр ч биш. Харин дээд “эрх мэдэл” нь үнэн бодит мэдээлэл түгээх, зэвсэг нь баримт, хамгийн том хариуцлага нь олон нийтийн итгэл билээ. Тиймээс мэргэжлийн ажлаа хувийн нэр хүнд, хандалт, сайн хүний дүр бүтээх хэрэгсэл болгох ёсгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж буй. Сэтгүүлч хүмүүнлэг байж болохгүй гэсэнгүй. Харин нийгмийн аливаа зовлон бэрхшээлд мэдрэмжтэй хандахыг их сургуульд ч заадаг шүү дээ.
“МӨНГӨ БОСГОХ”, МЭДЭЭЛЭХ ХОЁР ӨӨР
Олон улсын сэтгүүл зүйн ёс зүйн зарчимд ч сэтгүүлчийн хараат бус байдал, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхыг үндсэн шалгуур болгодог. Олон улсын сэтгүүлчдийн холбооны Дэлхийн ёс зүйн дүрэмд сэтгүүлчийн нийгмийн өмнө хүлээх хариуцлага нь бусад үүргээсээ дээгүүр байх, баримт ба үзэл бодлыг ялгах, мэдээллийг нягтлах, мөн мэргэжлийн үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөлөөс зайлсхийхийг тодорхой заасан байдаг. Тэгэхээр Монголын сэтгүүл зүйд тулгараад байгаа дээрх асуудал нь шинэ зүйл биш. Харин бид мэддэг зарчмаа хэрэгжүүлэхээ больсон нь л асуудал юм. Улс орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагууд ч хүмүүнлэгийн болон хандивын үйл ажиллагааг мэдээлдэг. Гэхдээ мэдээлэх, мөнгө босгох хоёрын ялгааг маш тодорхой заагладаг. Тухайлбал, BBC агентлаг хандивыг мэдээлэх тусгай удирдамжтай. Үүнтэй холбоотой нэвтрүүлэг хийхдээ редакцын хараат бус байдал, төвийг сахих зарчмыг хадгалах, тухайн контент нь улс төрийн сурталчилгаа болж хувирахаас сэргийлдэг. Харин манайд сэтгүүлчид нь хандивт оройлж, улс төрчид нь өөгшүүлж, тухайн асуудлыг шуурхай шийдэж өгч буйгаар сайн хүний дүр бүтээсээр ирсэн.
Сэтгүүлчийг мэргэжлийн үйл ажиллагаагаа сурталчилгаа, тархи угаа хэрэгсэл болохгүй, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх, хараат бус байдлыг алдагдуулах аливаа ажилд оролцохгүй байхыг Олон улсын сэтгүүлчдийн холбоо шаарддаг. АНУ-ын Мэргэжлийн сэтгүүлчдийн нийгэмлэгийн ёс зүйн зарчмууд ч үнэнийг эрэлхийлж мэдээлэх, учирч болох хор хохирлыг багасгах, хараат бусаар ажиллах, хариуцлага хүлээх гэсэн үндсэн тулгуурт төвлөрдөг. Эдгээр жишгээс харахад сэтгүүлч сайн хүн байхаас гадна хараат бус мэргэжлийн зарчмаа баримтлах ёстой. Тогтолцооны алдааг шүүмжилж, олон нийтийн анхааралд аваачин түүнийг шийдүүлэхийн төлөө ажиллах үүрэгтэйг цаг ямагт сануулдаг байна.
Нийгмийн сүлжээнд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын нөлөө асар их болсон өнөө цагт богино хугацаанд олон хүнийг хөдөлгөж, хэдэн зуун сая төгрөгийн хандив босгож чадах хэмжээний итгэл төрүүлж буй нь нэг талаас хүчтэйг илтгэнэ. Гэхдээ хүчтэй байна гэдэг нь зөв, зарчмаараа ажилладаг гэсэн үг биш. “Би л бусдад тусалдаг, өгдөг. Надаас өөр хэн ч байхгүй” мэтээр сэтгэл хөдлөлөөрөө аливаад хандахаас илүүтэй мэргэжлийн хувьд юу хийх ёстойгоо ухаарах цаг болсныг салбарын судлаачид зөвлөснийг эцэст нь тэмдэглэх нь зүйтэй болов уу.