Украины хүнгүй нисдэг төхөөрөмжүүд өнгөрсөн ням гаргийн шөнөөс Москва хот руу довтолж, үүнд 600 гаруй дрон оролцсоны 180-ыг нь устгасан хэмээн Оросын Батлан хамгаалах яам мэдээллээ. Өөр нэг эх сурвалж 800 дрон хөөргөсний 600-г нь Москва руу чиглүүлжээ гэсэн байх юм. Москва хотын захирагч Сергей Собянин, Москва мужийн амбан захирагч Андрей Воробьев нарын хэлснээс үзвэл уг довтолгоонд өртөж, “Wildberies” гэдэг агуулах шатсан байна. Аж үйлдвэрийн эл цогцолбор ийм довтолгоонд хоёр дахь удаагаа өртсөн нь энэ аж. Украины Батлан хамгаалах яамны нотолсноор энэ цогцолборын томоохон 10 төвийн долоо нь жагсаалтаас гарчээ. Цахилгаан дамжуулах шугамгэмтсэнээс Подольскийн тойрогт хувийн 110 байшин гэрэлгүй болжээ. Домодедовод эм, эмнэлгийн хэрэгслийн агуулах бас шатсан байна. Москвад мөн хэд хэдэн хүн, түүний дотор хүүхэд амь үрэгджээ. Москвагийн нисэх онгоцны дөрвөн ч буудал үйл ажиллагаагаа хязгаарлав. Энэ довтолгоог сүүлийн хоёр жилд болсон хамгийн томоохон үйлдэл гэж үзэж буй юм байна.
Орос ч энэ шөнө Украины Киев хот болон Днепропетровск, Полтав муж руу дрон, пуужингаар хариу довтолгоон хийжээ. Дэлгүүр, зах, худалдааны төвүүд өртсөн байна. Зарим үйлдвэрийн ажиллагаа зогсжээ. Тэдний дотор уул уурхайн үйлдвэрийн иргэний зориулалттай объект ч орсон аж. Оросын Батлан хамгаалах яамны мэдээлэлд дурдсанаар цэрэг, дайны зориулалттай “Фламинго” гэх далавчит пуужингийн хатуу түлшээр ажилладаг хурдасгагчийн үйлдвэр, цохилтын нисгэгчгүй төхөөрөмжийн эд ангийн “Киев111” үйлдвэр цохилтод өртжээ. Мөн зэвсэг, байлдааны техникийн ган бүтцийн металлургийн комбинатын цехүүд ажиллагаагүй болжээ. Полтав мужид нефть дахин боловсруулдаг заводод ч хохирол учирсан байна. Мэдээллүүдээс үзвэл, Украин энэ довтолгоондоо Британид үйлдвэрлэсэн төхөөрөмж түлхүү ашигласан бололтой. Оросын тал Британийг буруутгаж шүүмжилжээ. Лондон дахь Оросын ЭСЯ-ны мэдэгдэлд “Ийм маягаар нэгдсэн хаант улс цуст гэмт хэрэг, алан хядах ажиллагааг өөгшүүлж, түүнд оролцсон байна. Үүнийхээ төлөө Лондон хариуцлага хүлээх болно” хэмээн мэдэгдэлдээ өгүүлжээ. Британийн Батлан хамгаалах яам “Украинтай мөр зэрэгцэн зогсох болно. Путиний хууль бус довтолгооноос хамгаалахад нь шаардлагатай зэвсгээр туслах шийдвэр төгс байна” гэсэн хариу барьсан гэнэ. Британийн энэ байр суурь өөрчлөгдөшгүй болохыг Ерөнхий сайд Энди Бёрнем нь нотолжээ. Тэрбээр “Хүнд хэцүү үед нь бид Украины хажууд нь байх болно” гэж хэлжээ. Британийн хоёр ч компанид үйлдвэрлэсэн нисгэгчгүй төхөөрөмжийг украинчууд Оросын газар нутагт цэргийн болон нефть боловсруулах үйлдвэр заводуудад нь цохилт өгөхдөө ашигласаар иржээ.
Р.Жаргалант