Канадын Бритиш Колумби мужийн Оканаган бүсэд энэ сарын 7-нд гарсан ойн түймэр богино хугацаанд эрчимтэй тархаж, 19 800 гаруй га талбайг хамраад байна. Түймрийн улмаас 20 мянга гаруй иргэнийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлсэн бөгөөд энэ үеэр 80 настай эмэгтэй амиа алджээ. Гал Саммерлэнд орчимд эрчимтэй тархаж, Траут Крик бүсэд 400 орчим байшин түймэрт өртсөн аж.
Түймэр маш хурдацтай тархсан тул зарим үед гал сөнөөгчид голомтыг тогтоон барихаас илүүтэй иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэхэд анхаарахаас өөр аргагүйд хүрчээ. Улмаар тус мужийн Ерөнхий сайд Дэвид Эби түймрийн тархалтын хурд урьдчилан тооцоолсноос давсныг онцолж, ийм хурдтай түймэр цаашид хэвийн үзэгдэл болох эрсдэлтэйг анхааруулсан юм.
Оканаган нь усан үзэм, дарс үйлдвэрлэл болон жимс тариалалтаараа алдартай бүс нутаг юм. Гэвч ойн түймэр хөдөө аж ахуйн салбарт ихээхэн хохирол учруулж байна. Нүүлгэн шилжүүлэлтийн улмаас зарим тариаланч ургацаа хураан авч чадахгүйд хүрсэн бол усан үзэм утаанд бохирдсоноор дарс үйлдвэрлэх боломжгүй болжээ. Тухайлбал, тоорын аж ахуй эрхлэгч нэгэн иргэн 300 мянга гаруй канад долларын алдагдал хүлээх төлөвтэй байна. Мал аж ахуйн салбарт ч нөхцөл байдал хүндэрч, түймрийн аюулаас болж 50 мянга орчим үхрийг нүүлгэн шилжүүлэх шаардлага үүсжээ.
Үүний зэрэгцээ хуурайшилт, өндөр температур, салхи зэрэг цаг агаарын нөхцөл түймрийн тархалтыг эрчимжүүлж, гал унтраах ажиллагааг хүндрүүлж байна. Албаныхан галын улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж буй аж.
Э.Сүйлэн