Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Дунд Дарь эхийн зам дагуу үйл ажиллагаа явуулдаг авто засварын газарт ажилладаг гадаадын иргэдэд халдаж, дээрэмджээ. Вьетнам иргэдийн ажилладаг уг засварын газарт энэ сарын 17-ны үдэш гурван залуу ороод засварчдыг зодож, орлогын хоёр сая төгрөгийг нь дээрэмдээд зогсохгүй засаж байсан хоёр ч машины цонх, салхины шилийг хагалан зугтсан байна. Тэнд 24-38 настай гурван ч вьетнам иргэн ажиллаж байсан аж. Дээрэмчид хохирогчдын гар утаснууд, хяналтын камерын серверийн хатуу дискийг нь авч одсон гэнэ.
Өдгөө уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн шалгаж, дээрэмчдийг эрэн сурвалжилж байна.