Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гишүүн Х.Ганхуяг, Р.Батболд, Ц.Мөнхбат, Х.Жангабыл нар УИХ-ын даргад өргөн барив. 2002 онд баталж, 2015 онд шинэчлэн найруулсан Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг тэд шинэчлэн боловсруулсан аж. Өнгөрсөн хугацаанд чөлөөт бүсийг хөгжүүлэх ажил манай улсад төдийлөн урагшлаагүй тул өмнөх алдааг засаж, арай өөр арга барилаар ажиллаад үзэх нь зөв хэмээн гишүүд үзжээ. Уг хуулийг баталснаар бүх төрлийн чөлөөт бүсэд үйлч лэх боломжтой эрх зүйн зохицуулалт бий болох гэнэ. Тухайлбал, чөлөөт бүсийн төрөл, хэлбэр, тусгай дэглэмийн талаар нарийвчлан зохицуулжээ. Мөн олон улсад эдийн засгийн тусгай бүсийг зорилго, үйл ажиллагааны чиглэлээс нь хамааран чөлөөт худалдааны, экспорт боловсруулах, аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологийн парк, нэгдсэн тусгай бүс гэсэн төрөлд ангилдаг юм байна. Үүний дагуу чөлөөт бүсийг төрөлжүүлэхээр төсөлд тусгажээ. Түүнчлэн эдийн засгийн тусгай бүс байгуулах эрхийг Засгийн газарт хуулиар өгөх, тэнд үйл ажиллагаа явуулах тусгай болон энгийн зөвшөөрлийг цахимаар олгож, богино хугацаанд шийдвэрлэх гэнэ. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн бүртгэл, хөрөнгө оруулалт, гадаадаас ажиллах хүчний мэдээллээс бүрдсэн нэгдсэн санг бүрдүүлэх, төрийн холбогдох байгууллагатай харилцан мэдээлэл солилцох талаар хуульчлахаар тусгажээ.
С.Уул