Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг үүсгэн байгуулсны 60 жилийн ойд зориулсан “Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өчигдөр “Чингис хаан” үндэсний музейд боллоо. Тус хурлаар Мон голын музейн салбарт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн оруулсан хувь нэмэр, монголчуудын оюун санааны дархлаа болсон үзмэр, цуглуулгын урлал, хийц, технологийн судалгааны үр дүнгийн талаар нийт 23 илтгэл хэлэлцүүлэв.
Тодруулбал, уг арга хэмжээний хүрээнд хоёр салбар хуралдаан зохион байгуулсан юм. Эхний хуралдаанаар музейн түүхэн замнал, сан хөмрөгийн бүрдэл, Богд хааны ордон музейгээс шилжүүлсэн үзмэрүүд, Өндөр гэгээн Занабазарын бүтээлийн ур хийц, бэлгэдэл, технологийн судалгаа болон Төвхөн хийдийн үнэт зүйлс зэрэг сэдвийг хөндлөө. Удаах салбар хуралдаанаар XX зууны эхэн үеийн үз мэрүүдийг нарийвчлан судалсан ажлуудыг хэлэлцэв. Тухайлбал, Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалж буй монгол зургийн цуглуулга, Очироор огтлогч судрын зэс бар, археологийн олдворууд, монгол шатрын дүрслэл, Хангагч эрдэнэс болон Хүрээ хамба Агваанхайдавын зохиосон урлахуй ухааны бүтээл, зураач Б.Шарав, Б.Соёлтой нарын бүтээлд холбогдох архивын баримт, судалгааны үр дүнг танилцуулсан юм.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэн, Дүрслэх урлагийн академи, Соёлын өвийн үндэсний төв, Богд хааны ордон музей, Улаанбаатар хотын музей, Оросын Дорно дахины урлагийн музей, Унгарын Өтвөш Лорандын нэрэмжит их сургууль, Өвөр хангай аймгийн ССАЖЗГ, Зүүн хүрээ коллеж, Ганданпун цоглин хийд зэрэг гадаад, дотоодын 10 орчим бай гууллагын төлөөлөл оролцов.
У.Сүрэн