
Франад нэгэн хачирхалтай хэргийн шүүх хурал болох гэж байна.
Тус улсын Соёлын яамны бүс нутгийн соёл хариуцсан захирал Кристиан Нэгре гэгч олон жилийн турш өөртэй нь ажлын шугамаар уулзах гэж ирсэн эмэгтэйчүүдийг кофегоор дайлангаа дотор нь хаван хөөдөг эм өндөр тунгаар өгч, дараа нь салхинд гаръя гэх нэрийдлээр гудамжаар олон цаг явж зовоодог байжээ. Ингэхдээ тэрбээр албаар бие засах газаргүй гудамжаар удаан алхдаг байв.
Хөөрхий шээс нь хүрсэн эмэгтэйчүүд маш ихээр тавгүйтэн зовж, эцэст нь бараг хаа тааралдсан газраа бие засахад хүрдэг байжээ. Хамгийн гол нь тэдгээр эмэгтэйчүүд ажилд орох ярилцлагад Негрэтэй уулзахаар ирсэн болохоор хамаагүй өөрийнхөө дураар яваад өгч чадахгүй байж. Ийм эвгүй байдалд орсон эмэгтэйчүүдийн ихэнх нь өөртөө итгэх итгэл нь буурч, цаашдын карьераа тийм ч амбицтай биш замаар явжээ.
2009-2018 оны хооронд бараг 250 орчим эмэгтэй тэрхүү гаж дотны хохирогч болжээ.
Хохирогчид өөрсдийгөө "химийн дарангуйлалд" буюу хүнийг хянахын тулд ямар нэгэн бодис хэрэглэсний хохирогчид болсон гэж мэдэгдэж байгаа аж.
Хохирогчдын нэг болох Мари-Элен Брайсын ярьснаар, 2016 онд Страсбург хотын Соёлын газарт ажилд орохоор Нэгретэй ярилцлага хийжээ.
Нэгре түүний биеэ барьсан, айдастай байна, тайвшруулахын тулд “салхинд алхах” санал болгожээ. Ингэхийнхээ өмнө албан тушаалтан өрөөндөө Мари-Эленийг кофегоор дайлжээ.
Голын эргийн суваг дагуу алхаж байхдаа Мари-Элений шээс маш ихээр хүрч, сүүл рүүгээ хэвлийгээр нь өвдөж эхэлжээ.
Ннгре ойролцоо нийтийн бие засах газар байгаа хэмээн дагуулж явсан ч юу ч тааралдаагүй байна.
"Би үнэхээр шаналж байсан. Өвдөлт улам хүчтэй болоход хөлс минь цувж, нулимс хацар даган урсаж байсан" гэж Мари-Элен хэрхэн зовсноо ярьжээ.
Түүний хэлснээр, олон нийтийн газар шээхээс өөр аргагүй болсон бөгөөд Нэгре түүнийг хүрмээрээ халхлан зогссон байна.
"Би маш их ичсэн. Бас тэрбээр над руу салахгүй ширтээд байсан" гэж хохирогч ярьжээ.
Өөр нэгэн хохирогч болох Мари-Хелен мөн л Элэнтэй адил байдалд орж, хэдий нэгэн цайны газар орж бие засах гэсэн ч бие засах газраа хүрч чадалгүй өмдөндөө шээсэн байна. Бүсгүй олон жилийн турш эл явдлаас ичсээр иржээ.
Олон бүсгүйчүүдийн хэлснээр, сэтгэл зүйн хохирлоос гадна энэ явдлаас хойш тэд шээсний замын асуудалтай болжээ.
Прокурорын газрын мэдэгдэлд дурдсанаар, Нэгрегийн эсрэг мөрдөн шалгах ажил 2018 оны зургадугаар сард эхэлжээ. Түүнтэй хамт ажилдан нэгэн Нэгрег ширээн доороос эмэгтэй хүний зургийг авч байгааг хараад зохих газар нь мэдэгдсэн байна. Цагдаа нар мэдээллийн дагуу шалгахад Нэгрегийн компьютерээс "Туршилтууд П" нэртэй хохирогчдын талаарх мэдээлэл бүхий хүснэгт олжээ.
Нэгре "эмэгтэйчүүдийг доромжилсон байдалд оруулсан" гэдгээ мөрдөн байцаагчдад хүлээн зөвшөөрсөн байна.
Тэрбээр 2019 онд ажлаасаа халагдсан бөгөөд одоогоор хувийн нууцад халдсан, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан, бэлгийн хүчирхийлэл зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгагдаад байгаа аж.