Цаг уур, орчны шинжилгээний газраас зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” сэдэвт салбар хоорондын хэлэлцүүлгийн үеэр Азийн хөгжлийн банк хөдөө аж ахуйн салбарт 1.9 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Энэ нь цаг уурын урьдчилан тооцоолох, мэдээлэх, сэрэмжлүүлэх чадавхыг сайжруулах замаар хөдөө аж ахуйн эрсдэлийг бууруулах зорилготой.
Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга “Монгол орны газар нутгийн 81.9 хувь нь цөлжилт, доройтолд өртөж, байгалийн аюулт үзэгдлийн давтамж сүүлийн 10 жилд гурав дахин нэмэгдсэн энэ үед цаг уур болон хөдөө аж ахуйн мониторингийн тогтолцоог шинжлэх ухаан, дэвшилт технологид суурилан боловсронгуй болгох шаардлага нэн чухал” гэдгийг хэлэлцүүлгийн үеэр дурдав.
Цаг уур, орчны шинжилгээний газрынхан Дэлхийн цаг уурын болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагынхантай хамтран хөдөө аж ахуйн цаг уурын чадавхыг бэхжүүлэх, таван сая ам.долларын төсөл хэрэгжүүлэх саналыг Дасан зохицох санд хүргүүлэхээр бэлтгэж буйгаа мөн энэ үеэр танилцууллаа.
Ж.Сувд