Тэмцэгч, жагсагч гэх нэг төрлийн “мэргэжил”, асар ашигтай бизнес манайд бий болжээ. Өнгөрсөн хугацаанд энэ “салбар”-т олон ч “баатар” төрөөдхөж. Нэг хүнд ногдох тэмцэгчийн тоогоороо лав Азидаа дээгүүр залрахаар болж байх шиг. Бүх хилээ хаагаад шатахуун, цахилгаангүй, эх нутагтаа мах, сүүнээс өөр хүнсгүй амьдрахыг ухуулагч, Монгол Улсад нэн хэрэгтэй төсөл, хөтөлбөрүүд рүү шүлсээ үсэргэх тэд энэ нийгэмд юу хийж, бүтээж амьдардаг нь тун нууцлаг. Британийн зохиолч, шүүмжлэгч Самуэл Жонсон “Адгийн шаарнуудын сүүлчийн хоргодох газар бол эх оронч үзэл” хэмээсэн нь улс орноо үнэнчээр хайрлах цэвэр ариун сэтгэлийг үгүйсгэсэн бус, хувийн явцуу ашиг сонирхлоо биелүүлэх гэж бузар, балмад танхай үйлдэл гаргагч, эздийн утсан хүүхэлдэй, турхирагч “гар хөл”-үүдийг хэлж буй. Их том санхүүжүүлэгч “ар”-тай, хөрөнгөжсөн, эх нутаг, уул ус, иргэд олны нэр барьж гэмт хэрэг үйлдэж буйгаа лайваараа ил цагаан үзүүлдэг эдгээр адгийн шаарнуудыг хулхи “эх орончид” гэвэл зохилтой.
Сүүлийн хэдхэн хоногт л гэхэд нэгэн дуулиан цахим орчинд газар авав. Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр луу нэр бүхий иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөд нь халдаж, дураар авирлаж буйгаа фэйсбүүкээр шууд дамжуулсан юм. Уг хэргийг тус аймгийн цагдаагийн газар бүртгэж, шалгалтын ажиллагаа явуулж байгааг албан ёсны эх сурвалж мэдээлсэн. Одоогоор үүнээс цааш хэрхсэн талаар тодорхойгүй ч тэд эл “тэмцэл”-ээ цаашид тууштай үргэлжлүүлэхээ мэдэгдээд буй.
Энэ хугацаанд “Солонго Галсандорж” гэх фэйсбүүк хаягтай эмэгтэй сошиал орчинд жинхэнэ “бөөлөх” шиг боллоо. Кэмпийн ажилчдыг дэглэж, орон байранд нь нэгжлэг хийж, заамдаж аваад “түй” гэж нулимах жишээтэй. Улс орны хөгжил, эдийн засгийн биеэ даасан байдал нь хөрөнгө оруулалт, томоохон бүтээн байгуулалтын төслүүдээс шууд хамаардаг. Гэвч байгаль орчны үнэлгээгээ хийлгэж, төрийн бүх шатны зөвшөөрлийг хуулийн дагуу авсан, олон улсын стандартын шаардлага хангасан компаниуд ажлаа эхлэх гэх бүрд ийм “бэлтгэгдсэн” эсэргүүцэгчидтэй нүүр тулдаг нь ёс боллоо. Эл бүлгийнхэн шинжлэх ухааны үндэслэлгүй, худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр асар идэвхтэй “сэвж”, түүнийгээ турхирах замаар дэмжигчид цуглуулдаг башир тактиктай. Нийт иргэнд, өөрсдийнх нь амны уншлага болсон “эх орон”-д нь нэн шаардлагатай бүтээн байгуулалт байсан ч нүдээ аниад “шантаажлах”-аа өмнөө барина.
Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Төрийн ордонд болсон Оюутолгойн сонсголын үеэр “Miu miu” хэмээх хочтой нэгэн “тэмцэгч” сэтгүүлч рүү нулимж, танхайрсныг уншигчид санаж буй биз ээ. Уржигдархан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-т тайлбар өгөхөөр очихдоо өөртэй нь холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч байхад хүртэл тус газрын гадаа нь өнөөх “тэмцэгч” ирчихсэн утсаа барьчхаад бужигнуулж явна лээ. Дээрх сонсгол болохоос гурван сарын өмнө мөн л Төрийн ордонд М.Саранцэцэг гэх иргэн “Би 45 насандаа Монгол Улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болно. Намайг мэдэхгүй хүн байхгүй. Уран бол цөмийн зэвсэг. Би Ховдод очоогүй ч харсан юм шиг мэдэж байна” гэж залсан удаатай.
Дорноговь аймгийнУлаанбадрахад Францын “Орано майнинг” группийн ураны төсөл хэрэгжвэл мал хордож, хүүхдүүд ургийн гажигтай төрнө, газрын гүн рүү их хэмжээний хүхрийн хүчил шахах гэж байна гэх цуу яриаг тухайн үед зохион байгуулалттайгаар тархааж, албаны эх сурвалжуудын дүгнэлтийг үгүйсгэж байв. Тэр байтугай, 2010 онд илрүүлсэн “Зөөвч овоо” ордын талбайд уран олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн туршилтыг хийж, гүйцэтгэсэн “Бадрах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеардыг нэгэн эмэгтэй “Чамайг алчихмаар байна” хэмээн заамдаж, зодсон нь саяхан. Үүний дараахан Монголын уул уурхайн үндэсний ассоциаци “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тулгуур уул уурхайн салбар нь экспортын орлогын 94, төсвийн орлогын 35, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 79 хувийг дангаараа бүрдүүлж байна. Тус салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд 75 000 гаруй ажлын байр бий болгож, улсын хөгжлийн төлөө зогсох эрхгүй ажиллаж ирсэн. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гишүүн компаниуд Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж, уул уурхайн олон улсын жишиг стандартыг ханган ажиллаж, цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтыг сайшааж буйгаа мэдэгдье. Бид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, таатай орчныг бүрдүүлэхийн төлөө төрийн байгууллагууд, хувийн хэвшилтэй цаашид нягт хамтран ажиллах болно” хэмээн мэдэгдсэн юм. Эргэн харвал энэ бүхний цаана улсын эдийн засгийн бие даасан байдлыг саатуулах ашиг сонирхол нуугдаж байна уу гэж хардахад хүргэнэ. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, хэрэгжүүлснээр улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум, мөн уг хугацаанд хоёр их наяд төгрөгийг төвлөрүүлж, 1600 орчим ажлын байр бий болгоно гэж тооцоолсон байдаг.
Мөн Баруун бүсийн эрчим хүчний эх үүсвэр болох Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл нутгийн иргэдийн эсэргүүцлээс болж саатсан нь уг ажлын өртгийг нэмэгдүүлж, цаг хугацааг сунжруулсаар буй. Нийслэлд ч дахин төлөвлөлт, сургууль, цэцэрлэг, зам гүүрний бүтээн байгуулалтын дэд бүтцийн төслүүд ийм хүмүүсийн нэрмээсээр гацаж, төрийг шантаажлан их хэмжээний нөхөн төлбөр шаардах нь жишиг болсон нь өөрөө асуудал. Төсөл гацаагчдын сэдэл ихэвчлэн хоёр чиглэлтэй байгаа юм. Эхнийх нь хэрэгжүүлэгч компаниас зөвлөх үйлчилгээ, орон нутгийн ханган нийлүүлэлт, эсвэл шууд бэлэн мөнгө шаардах зэрэг эдийн засгийн “шантааж”. Хэрэв эл шаардлагыг нь биелүүлбэл эсэргүүцэл гэнэт зогсох жишээтэй. Нөгөөх нь сонгууль угтсан тэмцэл. Ийм хуурамч “эх орончид”-ын “буянаар” олон улсад Монголын эрх зүйн орчин тодорхойгүй, журмын дагуу зөвшөөрөл авсан ч тэр нь юу ч биш болж дуусдаг эрсдэлтэй орон гэсэн имижтэй болж буйг дурдах нь зүйтэй.
“Монгол орны ундны усан дахь уран” хамтын бүтээлээрээ Төрийн шагнал хүртээд буй физикч, доктор Н.Тэгшбаяр энэ талаар “Баялаг бүтээгчээсээ илүү шантааж хийгч нь баян болдог ийм улс хөгжихгүй. Бизнес эрхэлж, эрсдэл үүрч, хөрөнгө оруулж, ажлын байр бий болгон татвар төлж байгаа хүнээс илүүтэй эх оронч хэмээн цээжээ дэлдсэн шантаажчин нь илүү баян амьдардаг нийгэмд хөгжлийн тухай ярих үнэхээр хэцүү. Хөрөнгө оруулагч орж ирэх бүрд эх орон, ард түмэн, үндэсний эрх ашиг гэх ариун дагшин үгсээр зайдагнан, айлган сүрдүүлж, дарамталж, нэр хүндэд нь халдаж, мөнгө нэхдэгийг эх оронч хэмээж болохгүй. Энэ бол эх оронч үзэл бус, түүгээр халхавчилсан шантааж гэвэл зохилтой. Ийм орчин хөрөнгө оруулагчдыг үргээнэ. Бизнес эрхлэгчдийг залхаана. Баялаг бүтээгчдийг мохооно. Эцэст нь Монголын хөгжих боломжийг хаана. Хамгийн аюултай нь, шантаажчин өөрийгөө эх оронч болгож харагдуулаад, хөрөнгө оруулж, бүтээн байгуулж байгаа хүнийг нутаг усаа худалдсан мэтээр нийгэмд “цоллодог” болсон явдал. Хөрөнгө оруулагчдыг хөөж гаргачхаад тээгчдээ нүд үзүүрлэчхээд баян улсыг хэн байгуулах юм бэ. Үндсэрхэг үзэл гэдэг хөрөнгө оруулагчийг хөөхийг хэлдэггүй. Харин үйлдвэр босгож, ажлын байр бий болгож, технологи нутагшуулан татвар төлж, үндэсний баялгийг нэмэгдүүлэхийг хэлнэ. Монгол Улс шантаажаар баяждаг хүмүүсийн диваажин биш. Хөдөлмөрлөж, бүтээж, хөрөнгө оруулсан нь чинээлэг болох ёстой. Шантааж хөгжлийг бүтээдэггүй, хөөдөг” хэмээн цахим хуудсандаа байр сууриа илэрхийлжээ.
Эх орны нэр барьж, улсаа хорлогсдод төр төмөр нүүрээ үзүүлэх цаг болсон гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Төрийн байгууллага руу дур зоргоороо дайрч орчхоод утсаа тулгаж, шүлсээ үсэргэхээс нь төрийн албан хаагчид айхаа болих хэрэгтэй. Улс төрч бол хулгайч, “хужаа” бүхэн дайсан гэх нийгмийн хэвшмэл үзэл, айдсаар удирддаг аргад нь хүмүүс хэрсүү хандах нь зүйтэй юм. Харин төр ийм балмад үйлдлүүдэд эс үйлдэхүй үзүүлэлгүй, “эх орончид”-той хуулийн хэлээр ярьдаг байж л хөгжилд хүрэхийг сануулах нь зөв биз.
Д.Хэрлэн