Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) Улаанбаатар хотод өчигдөр эхэллээ. Монгол Улс түүхэндээ анх удаа дэлхийн 197 орны зочин төлөөлөгчдийг хүлээн авч, гадаад, дотоодын 12 мянга гаруй хүн ган, цөлжилт, газрын доройтлыг бууруулах гарц, шийдэл эрэлхийлж байна. Арабын цөл, Африкийн саванна, Латин Америкийн тал нутаг, Европоос гээд таван тивийн өндөр дээд түвшний зочид, олон улсын байгууллагын төлөөлөл, эрдэмтэд нэгэн дээвэр дор чуулж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй газрын доройтлыг сааруулах дэлхий нийтийн бодлогын чиг хандлагыг 12 хоногийн турш манай нийслэлээс тодорхойлох юм.
“ҮГЭЭ ҮЙЛДЭЛ БОЛГОХ ЦАГ ИРСЭН”
Эл арга хэмжээний эхэнд COP4 хурлыг 2000 онд даргалж байсан Байгаль орчны сайд асан, Байгаль орчны гавьяат ажилтан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Замбын Батжаргал агсны дурсгалыг хүндэтгэн оролцогчид нэг минут чимээгүй зогслоо.
Үүний дараа Ерөнхий сайд Н.Учрал COP17-г нээж, “Хүн төрөлхтөн бид эх дэлхийдээ энх мөнх оршин тогтноход улс орон бүрийн хичээл зүтгэл ус, агаар мэт хэрэгтэй. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд агаарын температур хэт халж, гал түймэр дэгдэж, гол, мөрөн ширгээд зогсохгүй мөнх цаст мөсөн оргилууд хайлж байна. Хэдийгээр бидний хэл, соёл, үндэс угсаа, шашин шүтлэг өөр ч эх дэлхийнхээ ирээдүйг хамгаалах хүсэл зориг нэг. Тийм ч учраас та бид эх дэлхийнхээ, өөрсдийн болон ирээдүйнхээ төлөө цөлжилтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхээр манай улсад цуглаад байна.
Дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын сорилтод хамгийн ихээр өртөж буй орнуудын нэг нь Монгол. Нэг ам километр нутагт хоёрхон хүн ногддог манай улсын 77 орчим хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байна. Бид өмнө нь хангалттай их ярьсан, олон тунхаглал гаргасан. Одоо үгээ үйлдэл болгох цаг ирсэн. COP17 бол өмнөх шийдвэрүүдийг давтах бус, хэрэгжилтийг нь хурдасгах түүхэн хуралдаан байх учиртай. Монгол Улс энэхүү бага хурлыг шийдлийн индэр байлгахыг зорьж байна” хэмээв.
“Торгоны замын жингийн цуваа”-нд оролцогчдыг угтан авч, Монгол Улсын болон НҮБын далбааг COP17 хурлын талбайд мандуулснаар эл арга хэмжээг албан ёсоор эхлүүлэв. “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-д зориулсан эл цуваа өнгөрсөн тавдугаар сард Бүгд Найрамдах Турк Улсаас аяллаа эхлүүлсэн билээ. Тэд ОХУ, Узбекистан, Казахстан, Киргиз, БНХАУ тэргүүтэй есөн улсаар дамжин 6000 гаруй км зам туулж, орон нутгийн иргэдтэй туршлага солилцон явсаар Улаанбаатарт иржээ.
Мөн Дундговь, Өвөрхангай, Архангай, Булган, Төв аймгийн малчин өрхүүдээр зочилж, Хустайн байгалийн цогцолборт газар, Орхоны хөндий, Өгий нуурт саатахдаа нүүдэлчид уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн даван туулж буй туршлагатай танилцсан байна. “Торгоны замын жингийн цуваа”-ныхан энэ үеэр “Малчдын ерөнхий тунхаглал”, “Эмэгтэй малчдын тунхаглал”, “Залуу малчдын тунхаглал”-ыг өргөн барилаа.
МОНГОЛ УЛС 2028 ОН ХҮРТЭЛ UNCCD-ИЙГ ДАРГАЛНА
Саудын Арабын Байгаль орчны дэд сайд, доктор Осама Факеха COP16 хурлаас гарсан санаачилгуудыг дүгнэж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт COP17-гийн ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хүлээлгэн өглөө.
COP16-гийн үеэр оролцогч талууд 12 тэрбум ам.долларын санхүүжилт босгохоор төлөвлөснөөс тус улс хоёр тэрбум “ногоон”-ы санхүү жилт олжээ. Монгол Улс 2028 хүртэл эл арга хэмжээг даргалах бөгөөд энэ хугацаанд COP17гоос гарсан санал санаачилгыг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах чиглэлээр олон улсыг манлайлан ажиллана.
НҮБ-аас COP17 хурал нь хий хоосон лоозон, тунхаглал бус, бодит хэрэгжилт, үр дүнд чиглэсэн хурдасгуур байх ёстойг санууллаа. Түүнч лэн дэлхий дахинд бэлчээрийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, хүн төрөлхтний оршин тогтнох суурь болох бэлчээрийг дэлхийн хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл болгох түү хэн боломж Монгол Улсын өмнө нээгдэж байгааг онцлов.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад “Өнөөдөр 100 гаруй орны төлөөлөл ган, цөлжилт, газрын доройтлын эсрэг авч хэрэгжүүлэх бодлого, амбицаа хөрөнгө оруулалт татахуйц тодорхой төсөл болгон хувиргахад биднээс дэмжлэг хүсэж байна. Монгол Улсын газар нутгийн талаас илүү хувь нь цөлжилтөд өртсөн бөгөөд эдийн засаг, хүн ам нь хөдөө аж ахуйгаас ихээхэн хамааралтай. Тиймээс санхүүжилт болон хөдөө аж ахуйн салбарын шинэчлэлийн талаар ярихад хувийн хэвшлийн оролцоог хангах, гарсан шийдвэрийг бодитой хэрэгжүүлэх нь нэн чухал” хэмээсэн юм.
COP17-гийн эхний хэвлэлийн хурлын үеэр Саудын Арабын Байгаль орчны дэд сайд, доктор Осама Факеха “Энэхүү бага хурал нь олон талт оролцогчдын хувьд чухал эргэлтийн цэг болж байна. Бидний хамгийн гол зорилго бол газрын ач холбогдлыг ойлгож, менежментийн арга барилаа өөрчлөх явдал. Монгол Улсын хувьд бэлчээр нэн чухал бөгөөд энэ нь байгаль орчин төдийгүй малчдын амьжиргаанд шууд нөлөөлж байна.
Мөн улс орнуудын 40 орчим хувь нь газрын доройтлын талаарх мэдээллээ бүрэн тайлагнадаггүй. Тиймээс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц урьд өмнөхөөсөө илүү хариуцлагатай ажиллах шаардлагатай. Энэ бол зөвхөн нэг улсын асуудал биш, дэлхий нийтийн сорилт тул Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучуудын хамтын хүчин чармайлтаар л шийдэж чадна” хэмээв.
“АВРАХ ГАРЦ” НЬ БЭЛЧЭЭР, УС, НОГООН ДЭД БҮТЭЦ
Ирэх өдрүүдэд үргэлжлэх хуралдаанаар газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэрлэх чадавх, бэлчээр болон хүнсний аюулгүй байдлыг хэлэлцэхийн зэрэгцээ манай орноос санал болгож буй “Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцуулж, олон улсын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох юм. Үүний хүрээнд 2030 оноос хойших стратегийн хүрээний дараагийн үе шатыг эхлүүлж, санхүүжилтийн шинэчилсэн журмыг батлан, 2027-2028 оны хөтөлбөр, төсвийг эцэслэх хүлээлттэй байна. Мөн бэлчээрийн хамгаалал, малчдын амьжиргаа, газрын эзэмшил, ашиглалтын эрхийн баталгааг бодлогын түвшинд тусгах асуудлыг хөндөх аж. Тэрчлэн элс, шороон шуурга үүсэхээс нь өмнө эрт сэрэмжлүүлэх, хил дамнасан хамтын ажиллагаагаар шийдвэрлэхэд анхаарна.
“Тал хээрийн төлөвлөгөө” нь бэлчээр, ус, газар болон дэд бүтцийн асуудлыг харилцан уялдаатай шийдвэрлэх гурван санаачилгаас бүрдэж байна. Тухайлбал, “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” нь Монгол Улс болон UNCCD-ийн Нарийн бичгийн дарга нарын газрын хамтарсан манлайллаар экосистемийг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэх юм. Ингэхдээ бэлчээрийн төлөв байдлыг үнэлэх аргачлал, стандартыг боловсруулж, олон улсын түвшинд дэмжлэг үзүүлэх дэлхийн эвсэл байгуулахаар зорилт тавьжээ.
Мөн “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”-ын хүрээнд ус, газар, экосистемийг салангид бус, харилцан хамааралтай нэгдмэл тогтолцоо гэж үзэж, уур амьсгалын сорилтуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэхийг зорьж байна. Цаашид голын сав газрыг нөхөн сэргээх, ус дахин ашиглах технологи, менежментийг нутагшуулан, санхүүжилт татах боломжтой төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Харин “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга”-ын хү рээнд хиймэл оюун, зайнаас тандан судлах зэрэг дэвшилтэт технологийг төлөвлөлтөд ашиглахаар тусгажээ. Ингэснээр байгаль орчинд ээлтэй “ногоон”, усны нөөцийг хамгаалсан “цэнхэр” болон уламжлалт “саарал” дэд бүтцийг зохистой хослуулан хөгжүүлж, экосистемийн эрсдэлийг бууруулах юм.
Талуудын бага хурлын бас нэгэн онцлох зочин нь Рамсарын конвенцын ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Мусонда Мумба байв. Манай улс 1998 онд уг конвенцод нэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар олон улсын ач холбогдолтой 1.4 сая га намгархаг газрыг буюу тусгайлан хамгаалсан 11 бүсийг Рамсарын сүлжээнд бүртгүүлээд байна.
Доктор Мусонда Мумба “Газрын доройтол, цөлжилт, ган болон усны хомсдол гэдэг нэг зоосны хоёр тал. Ус болон намгархаг газрыг хамгаалахгүйгээр цөлжилтийг зогсоох боломжгүй. Тиймээс эдгээр асуудлыг нэг дор цогцоор нь хэлэлцэж байгаа нь COP17-гийн гол онцлог” гэв.
“БАЙГАЛЬ” ПАВИЛЬОНД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ АРГА ЗАМЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
Бага хурлын ногоон бүсэд “Байгаль” павильоныг албан ёсоор нээж, байгаль хамгаалал, цөлжилтийн эсрэг олон талт хамтын ажиллагааны хэлэлцүүлгүүдийг эхлүүллээ. Хүн төрөлхтний өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол, газрын доройтол зэрэг гурван том сорилтыг ганц улс дангаараа шийдвэрлэх боломжгүйг олон улсын байгууллагын төлөөллүүд энэ үеэр онцолж байв. Энэхүү павильон нь экологийн тэнцвэрийг хангах, цөлжилтийн уялдаа холбоо болон тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хэрхэн бүрдүүлэх чиглэлээр бодит шийдэл хэлэлцэх талбар юм.
Монголын байгаль орчны сангийн гүйцэтгэх захирал Э.Номиндарь “Цөлжилт, ган, бэл чээрийн доройтолтой тэмцэх хамгийн үр дүнтэй арга хэрэгсэл бол байгаль хамгаалал юм. Монгол Улс экосистемийн хувьд онцгой ач холбогдолтой нутаг дэвсгэрийнхээ есөн хувийг тусгай хамгаалалтад нэмж авснаар одоо байгаа 21 хувийг 30-д хүргэх үндэсний болон олон улсын зорилт тавин ажиллаж байна” гэв.
БҮС НУТГИЙН ТӨЛӨӨЛӨЛ НЭГДСЭН БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭВ
Хурлын эхний өдөр Латин Америк ба Карибын тэнгис, Баруун Европ, Ази, Төв ба Зүүн Европ, Африк гэсэн таван бүс нутгийг төлөөлсөн иргэний нийгмийн байгууллага нэгдсэн байр сууриа илэрхийлж, тэргүүлэх чиглэлүүдээ галын өөрчлөлт, газрын доройтол, хүнсний аюулгүй байдлыг тус тусад нь бус, хоорондоо харилцан уялдаатай цогц асуудал гэж үзэн шийдвэрлэхийг уриалав.
БИД ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
Манай улсын газар зүйн байршил, эрс тэс уур амьсгалын нөхцөл нь цөлжилт, газрын доройтлын асуудлыг судлах, шийдэл эрэлхийлэхэд онцгой ач холбогдолтой. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн өртөмтгий 10 орны нэгт тооцогддог Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртөөд байна. Иймд манай улс талуудын бага хурлыг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ 2021 онд илэрхийлж, удаах жил нь Кот-д’Ивуарт болсон COP15 хурлын үеэр гишүүн орнуудын 100 хувийн дэмжлэгээр COP17-г зохион байгуулах эрх авсан түүхтэй. Монгол Улсад болж буй энэхүү хурал нь манайд нүүрлэсэн газрын доройтлын асуудлыг дэлхийн анхаарлын төвд авчрахын зэрэгцээ олон улсын шилдэг туршлагаас суралцах, нүүдэлчдийн уламжлалт туршлагыг хуваалцах чухал боломж юм.
COP17 бага хурал цэнхэр болон ногоон бүс гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Эл хурлын хамгийн чухал хэсгүүд цэнхэр бүсэд үргэлжилж, өдөрт дунджаар 2-3 мянган хүн цуглах юм. Харин энэ сарын 24-27-нд гол арга хэмжээ буюу сэдэвчилсэн өдрүүд болно. Тухайлбал, санхүү жилтийн өдрөөр Сангийн сайд нар, хөгжлийн банкнууд, хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, санхүүжилт татах аж. Мөн усны, газар ба хүн төвт, хүнсний систем ба хөрсний эрүүл мэндийн өдөрт зориулсан тусгай арга хэмжээ болно.
Түүнчлэн “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг энэ сарын 20-22-нд зохион байгуулах юм. Тус уулзалтад 110 хотын 270 орчим төлөөлөгч оролцохоос 50 гаруй нь хотын удирдлага байна. Уулзалтаар хотын ойжуулалтын чиглэлээр хамтран ажиллах, тоосжилтын эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Улаанбаатар бусад хоттой хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД Ч ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛГҮЙ
Дэлхийн томоохон арга хэмжээг эх орондоо гардан зохион байгуулж буй нь сайшаалтай ч зохион байгуулалт, бэлтгэл ажлын явцад анхаарал татах зүйл хэд хэд байв. Тухайлбал, цэнхэр бүсэд ажиллаж буй сайн дурынхан болон зохион байгуулагчдаас хөтөлбөр, танхимын байршил лавлахад тодорхой мэдээлэл, чиглүүлэг өгч чадсангүй. Арга хэмжээг зохион байгуулж буй хүмүүс нь өөрсдөө нэгдсэн мэдээлэлгүй байсан нь хачирхалтай. Үүнээс гадна олон нийтэд чиглэсэн мэдээлэл хомс байгаа нь иргэдийн дунд эргэлзээ үүсгэв. Энэхүү чуулган нийгэмд ямар ач холбогдолтой, улс оронд яг ямар бодит үр өгөөж өгөх талаарх ойлголт ч хангалтгүй. Тиймээс өмнө нь зохион байгуулсан АСЕМ-ын адил их хэмжээний хөрөнгө зарцуулчхаад, “хоосон” үлдэх вий гэсэн болгоомжлол ч нийгэмд байна.
У.Цэцэг