УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж, үнийн өсөлтөөс иргэдээ хэрхэн хамгаалах, орлогыг нэмэх, түлш шатахуун, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тогтоолын төсөл боловсруулсан байна. Үүнд НӨАТ-ыг таван хувь болгон бууруулах, шатахууны нөөцийн менежментийн шуурхай төлөвлөгөө батлах, эрчим хүчний хангамжийг нэмэх талаар тусгажээ. Тэд уг төсөлдөө олон нийтээс санал авах гэнэ. Энэ талаар АН-ын дарга О.Цогтгэрэл “Эдийн засаг, нийгмийн байдал хүндэрсний шалтгааныг эрх баригчид гадаад нөхцөл байдалтай холбон тайлбарладаг. Гэтэл 10 жилийн өмнө нэг тонн нүүрс 30, баррель нефть 120 ам.доллар байсан. Харин өнөөдөр нүүрс 100 ам.доллар давж өсөн, баррель нефт 70 ам.доллар болж буурсан байна. Тиймээс энэ бүхэн эрх баригчдын сүүлийн 10 жилд явуулсан буруу бодлогын уршиг” гэв.
Сөрөг хүчнийхэн төсвийн тодотголыг яаралтай өргөн барихыг Засгийн газраас шаардаж байсан нь биеллээ. Гэвч уг тодотголд бүтцийг цомхтгох зэрэг чухал асуудлыг тусгаагүй, төсвийн орлого 2.4 их наяд төгрөгөөр тасарсан байхад 1.4 их наядаар танах нь хангалтгүй гэсэн байр сууриа илэрхийлэв. Мөн энэ Засгийн газар байгуулагдаад удаагүй ч МАН 10 жил эрх барьж буй, сүүлийн 2-3 сард эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал улам муудсан зэргээс үүдэн огцруулах санаачилга нь хэвээр байгааг хэллээ. АН-ын бүлгийн 42 гишүүнээс Ч.Лодойсамбуу огцруулах саналд гарын үсгээ зурахаас татгалзсан. Энэ талаар АН-ын дарга О.Цогтгэрэл “Чуулган завсарлахын өмнө би манай бүлгийн 42 гишүүнээс 40 нь гарын үсгээ зурсан. Ж.Баясгалан гишүүн эрүүл мэндийн шалтгаантай гадаадад явааг хэлсэн ч үлдсэн нэг хүнийг дурдаагүй. Намын нэгдмэл байдал, бодлого гэж нэг зүйл бий. Тиймээс тухайн хүнд холбогдох дүрмийн дагуу хариуцлага тооцно” гэлээ.