НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2025-2034 оныг “Элсэн болон шороон шуургатай тэмцэх 10 жил” болгон зарлаад буй. Үүний хүрээнд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэмжлэгтэйгээр Монгол, Хятад, Япон, БНСУ дөрвөн талт хамтын ажиллагааг эхлүүллээ. Талууд цаашид элсэн болон шороон шуурганы давтамжийг бууруулах, нөлөөллийг сааруулах ажлыг эрчимжүүлэх бөгөөд тогтвортой бэлчээр ашиглалтын загвар боловсруулах, хиймэл оюунд суурилсан эрт сэрэмжлүүлэх систем нэвтрүүлэх, хил дамнасан дата солилцоог сайжруулах, ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ойжуулалт, нөхөн сэргээлтийг чанаржуулах чиглэлээр төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх нь.
Дэлхийн цаг уурын байгууллага болон НҮБын Цөлжилттэй тэмцэх конвенцоос хийсэн судалгаагаар шороон шуурганы давтамж, хамрах цар хүрээ жилээс жилд нэмэгдсээр, агаар мандалд дэгдэх элс, тоос, тоосонцрын хэмжээ хоёр тэрбум тоннд хүрчээ. Дэлхийн нийт хуурай газрын хөрсний 40 хувь нь доройтсон нь шуурга үүсэх үндсэн голомт болж буй гэнэ. Харин газар тариалан эрхлэлт, бэлчээр, ус ашиглалт зэрэг хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан хүчин зүйлс тоос, тоосонцрын 25 хувийг бүрдүүлдэг аж. Шороон шуурга, газрын доройтлоос үүдэлтэйгээр нийгэм, эдийн засагт учирч буй хохирлын хэмжээг 3.6 их наяд ам.доллар гэж тогтоожээ.
“Элсэн болон шороон шуургатай тэмцэх 10 жил” олон улсын санаачилгын хүрээнд дээрх дөрвөн улсын судлаач, эрдэмтэд PM2.5 болон PM10 тоосонцор, хүнд металлууд хүний амьсгалын зам, зүрх судасны тогтолцоонд хэрхэн нөлөөлж буйг өргөн хүрээнд судалж, эрүүл мэндийн зөвлөмж боловсруулахаар тогтсон байна. Тэрчлэн Япон, Өмнөд Солонгос улс шар шороон шуурганы нөлөөнд хамгийн их өртдөг хотуудад амьдардаг иргэдийн эрүүл мэнд, эдийн засгийг хамгаалах зорилгоор Монголын говьд хэрэгжүү лэх төслүүдэд технологийн болон санхүүжилтийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийджээ.
Н.Мишээл