Засгийн газрын өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учрал “Туулын хурдны зам” төслийг хууль хяналтын байгууллагынхан шалгалт дуустал зогсоох шийдвэр гаргасан. Гэвч Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төв болон цахим орчинд “Туулын хурдны замын ажлыг нууцаар үргэлжлүүлж байна” гэх гомдол, мэдээлэл иргэдээс тасралтгүй ирсээр байжээ.
Үүнтэй холбогдуулан Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд ерөнхий хянан шалгагч П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 8-нд төслийн талбайд ажиллаж, шийдвэрийн биелэлтийг шалгав. Нийслэлийн удирдлагууд тус төслийн үйл ажиллагааг зогсоосон хэмээн мэдэгдсэн ч бодит байдалд 40 орчим техник хэрэгсэлтэй инженер, техникийн ажилтнууд цемент цутгах, гагнуур хийх зэргээр ажлаа үргэлжлүүлж байсныг уг шалгалтаар илрүүлжээ.
Улмаар ерөнхий хянан шалгагч П.Батбаатар хяналт, шалгалтыг цаашид эрчимжүүлж, илрүүлсэн зөрчил болон бодит нөхцөл байдлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар танилцуулахаа мэдэгдэв. Шалгалтад нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр байлцсан бөгөөд хууль хяналтын байгууллагаас эцсийн шийдвэр гартал төслийн үйл ажиллагааг бүрэн зогсоохыг гүйцэтгэгч талд сануулсан юм.
У.Цэцэг