“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийнхэн Цахилгаан машины цех барьж, ашиглалтад оруулсныг Зам, тээврийн яамнаас мэдээлэв. Ингэснээр их засварт жил бүр гадагшаа урсдаг байсан найман тэрбум төгрөгийн валютыг дотооддоо авч үлдэх боломж бүрджээ. Тодруулбал, “Улаанбаатар төмөр зам”-ынхан саяхныг хүртэл илчит тэрэгний татах цахилгаан хөдөлгүүрүүдийг ОХУ болон БНХАУ-д засварлуулж, үүний улмаас зүтгүүрүүд засвараас гарахгүй удаж, тэр хэрээр их хэмжээний мөнгө зарцуулдаг байж. Зүтгүүрийн шугаман ангийн их засварт жилд дунджаар 7-8, үүнээс татах цахилгаан хөдөлгүүрийн засварт 5-6 тэрбум төгрөг зарцуулж ирсэн гэнэ. Тэгвэл эл зардлыг хэмнэх, хүлээгдэл, чирэгдлийг бууруулах, зүтгүүрийн хөдөлгөөний найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор Улаанбаатар татах хэсгийг түшиглэн энэхүү Цахилгаан машины цехийг байгуулжээ.
Цехийг “Улаанбаатар төмөр зам”-ын үндсэн хөрөнгө болох 143 илчит тэрэгний нийт 10 017 ширхэг татах цахилгаан хөдөлгүүр, генераторуудад үйлдвэрийн түвшний их засвар хийх хүчин чадалтайгаар байгуулсан гэв. Барилга, байгууламжийг барих, 30 нэр, төрлийн тоног төхөөрөмжөөр хангах зэрэгт өнгөрсөн жил 9.3, энэ онд 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан байна. Уг зардлыг 4.9 жилийн дотор нөхөх санхүү, эдийн засгийн тооцоолол ч гаргасан аж.
Цахилгаан машины цехэд энэ онд 42 мотор, 18 якорь, 24 ширхэг татах цахилгаан хөдөлгүүр засварлахаар төлөвлөн, ажлаа эхлүүлжээ. Цехийн хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд ажилтнуудыг БНХАУ-д мэргэшүүлэх сургалтад үе шаттай хамруулж буй гэнэ.
О.Ундрах