Бурхан багшийн Их дүйчин өдөр энэ ням гарагт тохионо. Энэ өдөр Бурхан багшийн лагшин мэндэлсэн, төгс гэгээрэлд хүрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван их үйл давхацсан хэмээн үздэг. Тиймээс буддын шашны сүм хийдүүдэд ном хурж, сүсэгтэн олон мацаг барих, мал сэтэрлэх, буян үйлдэх зэргээр тэмдэглэдэг уламжлалтай.
Өнөө жил эл өдрийг “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор тэмдэглэх бөгөөд Бурхан багшийн хоёр манлай шавь болох Шаарийбуу, Монголжийбуу нарын ариун ринсэлийг БНЭУ-аас Монгол Улсад анх удаа залах аж. Мөн энэ өдөр Сүхбаатарын талбайд соёл, урлагийн тоглолт, хөгжимт болон випашяна бясалгал, шашны зүтгэлтнүүдийн соён гэгээрүүлэх лекц, баярын жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн Гандантэгчэнлин хийдэд уламжлалт буян номын үйлээс гадна хийдийг тойрсон парад, хүүхэд залууст зориулсан жүжигчилсэн тоглолт толилуулахаар бэлтгэж байна.
Дэлхийн буддын шашинт орнууд энэ өдрийг энэрэн нигүүлсэхүй, амар амгалан, буян хишгийг түгээн дэлгэрүүлэхэд зориулан өргөн хүрээнд тэмдэглэдэг. НҮБ 1999 онд Их дүйчин өдрийг олон улсын тэмдэглэлт өдөр болгон тунхагласан бол манай орон 2019 оноос бүх нийтийн баяр, амралтын өдөр болгон хуульчилсан билээ.
Э.Сондор