Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүнийг шинээр томилох шаардлагыг УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дарга С.Бямбацогт тавьсан. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаад нэг жил болж буй даргаар хурал удирдуулж, шийдвэр гаргуулахыг түдгэлзүүлэх ёстой гэж тэд үзсэн юм. Гэвч өнгөрсөн хоёр долоо хоногийн дотор Цэцээс хоёр ч ноцтой шийдвэр гаргаад буй. Тиймээс УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр сөрөг хүчний гишүүд уг асуудлыг хөндөв. Бүрэн эрх дууссан хүнийг шинэчлэхгүй байгаа нь улс төрийн захиалгат шийдвэр гаргуулах зорилготой гэж хардахад хүргэж буйг тэд хэлсэн юм. Гишүүн Х.Тэмүүжин “Бүрэн эрх нь дуусаад жил болсон хүн Цэцийн дарга хийж буй нь уг байгууллагыг бүхэлд нь хууль ёсны чадамжтай юу гэж эргэлзэхэд хүргэлээ. Уг нь бүрэн эрх нь хүчинтэй бусад 5-6 гишүүн нь дотроосоо даргаа сонгоод явсан бол эргэлзэхгүй байсан. Гэтэл ингэж удааж буй нь улс төрийн захиалга гүйцэтгэж байна гэж хардахад хүргэсэн” гэсэн юм. О.Алтангэрэл гишүүн “Бүрэн эрх нь дууссан даргатай Цэцээр хэдэн асуудал шийдүүлэх ёстой юм бэ. Эрх баригчдын “хүслийн жагсаалт” нь дууссан болов уу” хэмээн асуусан.
УИХ-ын дарга С.Бямбацогт “Би ажлаа аваад сар гаруй л болж байна. Цэцийн гишүүнд тохирох ур чадвартай хүмүүсийг судалж буй, удахгүй томилно. Дараагийн хүнийг томилох хүртэл тухайн гишүүний бүрэн эрх хү чинтэй байгаа” гэсэн хариулт өгсөн.
С.Уул