Улаанбаатарт оюутан болж ирсний дараа хөдөө гэрээс мах болон бусад зүйл ирдэг байлаа. Цаасан хайрцагт хийгээд дээр нь нэр, утас бичсэн ачааныхаа ирэх хугацааг таамаглан “Нарантуул” зах орно. Эсвэл жолооч нь миний гар утас руу залгавал бүр тодорхой болж, очиж авна. 1500 орчим км-ийн зайд ачааны машин 6-7 хоног явж ирэх бөгөөд төдий хугацааны дараа л ачаагаа авахаар төлөвлөдөг байснаас хойш 20 гаруй жил өнгөрч. Харин ч тэр үед ачаа хэд хоноод, хаана ирэх нь тодорхой байсан гэхэд болно. Үүнээс хойш хоёр арван өнгөрч, хүн ам болон хэрэглээ өсөн, илүү олон улсаас бараа, бүтээгдэхүүн импортолдог болсон ч манай тээвэр, ложистик болон агуулах, зоорь, хүргэлтийн салбарт олигтой ахиц дэвшил гарсангүй.
Эл асуудлаар нэгэн иргэн “БНСУ-ын бараа борлуулдаг бүсгүйд “Хүүхдийн баяр”-аар охиндоо өмсүүлэх хувцаснууд захиад лав 40 хонолоо. Уг нь 2-3 долоо хоногт багтаж, гэртээ хүлээн авна гэсэн ч одоо болтол таг чиг.
Лавлаж асуухад Солонгосын ачаа гааль дээр саатаад байна л гэх юм. Ер нь БНСУ-аас гэлтгүй ойрхон Эрээн, Гуанжоугийн бараа ч саатаад, хугацаандаа ирэхээ больсон юм уу даа. Гаалийн шалгалт, тээвэрлэлт, түгээлттэй л холбоотой гэж ойлгосон” гэв.
“Өнгөрсөн сард Эрээн явж ажлын хувцас, багаж авсан юм. Ачаа хүнд, овор ихтэй болсон тул каргод тавьсан. Гурав хоногийн дотор Монголд бууж, эзэнд нь хүргэнэ гэсэн ч 12 өдөр хүлээсэн. Учир нь Монгол руу нэвтрүүлэх ачаа их, шалгаж хүч хүрдэггүй, хугацаа зарцуулдаг болсон гэж байсан. Ер нь ачаа, бараа хугацаандаа бууж, эзэддээ шуурхай хүрдэггүй юм биш үү. Манай тээвэр ложистикийн байгаа царай л энэ байх” хэмээн өөр нэг хүн өгүүлэв.
“Мах үнэд орсон ч малчдын орлого сайжрахгүй байгаа юм билээ. Тухайлбал, үхрийн мах Улаанбаатарт кг нь 35 000 төгрөгөөс давсан ч малчид 18 000 хүрэхгүйгээр борлуулж байна гэсэн. Тээвэр, үйлчилгээний зардлыг бүр хоёр дахин, түүнээс ч өндөр дүнгээр нэмдэг нь ямар учиртай вэ. Бас мах нөөцлөх зоорийн багтаамж бага, малчид түүхий эд, бүтээгдэхүүнээ борлуулах томоохон ложистикийн төв манайд байхгүй. Ийм байхад хүнсний үнэ тогтмол өсөх нь аргагүй шүү дээ” хэмээн гуравдагч хүн өгүүллээ.
Олон улсад гаалийн нэвтрүүлэх чадвар, ачаа эргэлтийн хурд үргэлж сайжирсаар байгаа аж. Тухайлбал, Сингапурт гаалийн системээ бүрэн цахимжуулж, ачааны хэмжээнээс үл хамаарч, шаардлагатай бичиг баримтыг нь 10-15 минутад л шийдвэрлэдэг гэнэ. Бүх ачааг бус, AI-ийн тусламжтайгаар зөвхөн эрсдэлтэйг нь шалгадаг бөгөөд гаалийн нэвтрүүлэх чадвараар дэлхийд хамгийн хурдан гэдгээрээ танигдсан юм байна. Түүнчлэн манай урд хөрш БНХАУ нь цахим шилжилтүүд хийн, нүүр таних төхөөрөмжийн тусламжтайгаар автоматаар хамгийн хурдан шалган нэвтрүүлж байна. Томоохон боомт хотууддаа төмөр зам, далай болон авто тээврийг хослуулсан нэгдсэн терминал байгуулж, их хэмжээний ачааг богино хугацаанд нэвтрүүлэх, шилжүүлэн ачих чадвараар олон улсад эхний байранд эрэмбэлэгдэж буй. Харин БНСУ нь боомт, үйлдвэр, агуулахыг холбосон нийлүүлэлт, түгээлтийн нэгдсэн сүлжээг бий болгожээ. Бүрэн цахимжсан, ялангуяа экспортлогчдодоо давуу эрх олгосон, шуурхай шийдлийг гаалийн ложистикийн төвүүддээ бүрдүүлж, олон улсад жишиг болжээ. Ийнхүү ачаа эргэлтийн хурд сайн, нэвтрүүлэх чадвар өндөр байх нь бараа, бүтээгдэхүүний үнэ хямд, борлуулалт сайтай байхад шууд нөлөөлдөг гэсэн. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горимыг алдагдуулахгүй, шинээр нь хүргэх, улмаар хүн амын эрүүл мэндийг хамгаалахад ч томоохон дэмжлэг болдог байна. Үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний хэрэглээг идэвхжүүлж, мөнгөн орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ашигтай аж.
ДӨРӨВХӨН ТЕРМИНАЛААР НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Харин манайд эдгээрийн яг эсрэг зохион байгуулалт бий болгосон. Гаалийн байгууллагын ажил удаан, ачаа, барааг шалган нэвтрүүлэх хурд байхгүй. Мөн томоохон боомтуудад тээвэр, ложистикийн цогц төв бий болгож чадаагүй, гар ажиллагаа ихтэй хэвээр байна. Үүнийг засаж сайжруулна, гаалийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлнэ гэж олон жил ярьж буй ч үр дүн алга. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах төвийн дарга Б.Мөнх-Амар “Иргэд, ялангуяа Замын-Үүд боомтоор нэвтрүүлэх ачаа удаан, хүлээлт үүсээд байна гэж бухимдах болсон. Замын-Үүдээр өдөрт дунджаар 500 тээврийн хэрэгсэл Монгол руу нэвтэрдэг. Үүнээс 400 орчмынх нь жолооч гаалийн бүрдүүлэлт хийгээд л хяналтын дөрвөн бүсээр саадгүй нэвтрүүлж буй. Харин үлдсэн нь болох нийт нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн 10-20 хувийг буюу түүвэр ачаа ачсан, олон нэр, төрлийн бүтээгдэхүүн тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийг шалгаж буй. Ийм түүвэр ачаа ачсан хүмүүс юу ачсанаа ч мэддэггүй учраас заавал шалгах шаардлагатай. Ингэхдээ нэг бүрчлэн л шалгахыг хичээнэ. Үгүй бол хориотой бараа, бүтээгдэхүүн, татвараас зайлсхийх зорилготой ачаа байхыг үгүйсгэхгүй. Гаалийн байгууллагын ажилчид худалдааг хөнгөвчлөх, татварын суурийг бэхжүүлэх, хяналт тавих зэрэг олон үүргээ биелүүлэх гэж л хичээж байна” гэв.
Манай улс нийт импортынхоо 60 гаруй хувийг Замын-Үүдийн боомтоор оруулж ирдэг гэсэн статистик бий. Ялангуяа өргөн хэрэглээний болон цахилгаан бараа, автомашин, тоног төхөөрөмж, барилгын бүх материал, түүхий эдийг уг боомтоор хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл, бараг гурван бараа тутмын хоёр нь эл боомтоор дамждаг байх нь. Гэтэл дөрөвхөн терминалаар тээврийн хэрэгслийг шалгадаг юм байна. Бас шаардлагатай бол 20-30 тоннын даацтай автомашинуудын ачааг нэг бүрчлэн шалгадаг гэсэн үг. Ядаж шалган нэвтрүүлэх олон хэсэг бий болговол ажил арай шуурхай шийдэгдэх байх. Бас хүн хүч ч дутмаг байдаг бололтой. Энэ талаар нэгэн иргэн “Одоогийн гаалийн систем цөөн нэр, төрлийн масс ачаанд л тохиромжтой. Харин орчин үеийн олон нэр, төрөлтэй, e-commerce буюу онлайнаар захиалга нь хийдэг, олон улсаас ирүүлдэг бараанд тохиромжгүй. Гэтэл жил ирэх бүр ийм ачаа улам бүр ихэснэ. Тэр бүрийд гаалийн байгууллагынхан нэг нэгээр буулгаад шалгаад байх хэрэг үү. Маш их хугацаа, хүч зарсан ажил болно. Тиймээс e-commerce ачааг тусад нь шалган нэвтрүүлдэг шугам бий болгох хэрэгтэй. Ийм шугамаар нэвтрүүлж буй барааг рентгенээр харчихдаг, бүр шаардлагатай бол байцаагч шалгадаг байж болно. Мөн бүртгэл хийхэд тохиромжтой онлайн платформ үүсгээд, цахимаар хүмүүс бараагаа мэдүүлдэг болговол зохино. Багцлаад бага хувиар татвар ногдуулна. Ингэснээр татвар төлүүлэх болон хянах ажил зэрэг хийгдэх юм. Нэвтрүүлэх хугацаа ч хамаагүй нэмэгдэнэ” гэжээ.
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЛОЖИСТИКИЙН ТӨВ БАЙГУУЛАХ НЬ ХУДЛАА БОЛЖЭЭ
Дээр дурдсанчлан манайд хүнсний бүтээгдэхүүний дотоодын хадгалалт, тээвэрлэлт, ялангуяа махны нийлүүлэлт, хангамж асуудал дагуулсан хэвээр л байна. Жил бүр төсвийн татаасаар нөөцийн мах бэлтгэдэг ч хаврын хаварт махны үнэ өндөр, сонголт бага байдаг боллоо. Эл асуудлыг шийднэ, төмөр зам дагуулж мах, ногоо, гурил зэргийг хадгалах хөргөлттэй агуулах барина хэмээн 7-8 жилийн өмнө л Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлж байв. Бүр “Барс” захын ойролцоо, эсвэл бидний нэрлэж заншсанаар Гурвалжингийн гүүр орчимд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний дундын ложистикийн төв байгуулна гэсэн. Эл төлөвлөгөөний хүрээнд малчид мах, түүхий эдээ, ногоочид ногоогоо зориулалтын агуулахад хадгалж, дундын зуучлагч цөөнтэйгээр иргэдэд хүргэнэ гэж байв. Тэгвэл уг ажил хэрэгжих, эсэх талаар ХХААХҮЯ-наас тодруулсан ч ямар ч хариулт авч чадсангүй. Ер нь хүнсний бүтээгдэхүүний нэгдсэн ложистикийн төв, ачих, буулгах томоохон терминал байгуулахгүйгээр бид хүнсний хангамж, аюулгүй байдал гэж хэдэн жил яриад ч үр дүнд хүрэхгүй нь. Энэ тухайд эдийн засагч Н.Энхбаяр “Хүнсний үйлдвэрлэл хөгжөөгүй, зоорь агуулах дутмаг үед бид махыг нөөцлөхдөө гулуузаар нь бэлтгэдэг байжээ. Сүүлийн жилүүдэд мах боловсруулах үйлдвэрүүд нэмэгдсэнээр махыг хөрөөдөж, ууталж савладаг болсон нь бага боловч ахиц юм. Гэхдээ орчин үеийн ололт амжилт, хүнсний үйлдвэрлэлийн хөгжлөөс бид хоцорсон хэвээр л байна. Үнэндээ 20 тоннын багтаамжтай агуулахад мах, яс тус бүр нь 10 тонныг л нөөцөлж ихээхэн зардал гаргаж буй хэрэг. Буруу технологиор, чанаргүй мах (яс ихтэй, туранхай) хадгалснаар махны шим шүүс алдагдаж, муудна. Харин олон улсад махыг тогтсон стандартын дагуу ангилж, яс багатай, цул хэлбэрээр зүсэж, савладаг. Тусгайлан савлах, хөлдөөх, агааргүйжүүлэх зэрэг олон аргаар нөөцөлдөг. Хэрвээ махыг олон улсын сайн туршлагад үндэслэн бэлтгэвэл зоорийн ашиглалт 40 хувиар сайжирч, хэмжээ нь өсөх боломжтой” гэжээ.
Эдгээрээс харахад, манай улсад тээвэр, ложистикийн салбар хөгжих болоогүй байна. Захиалсан ачааг хүргэхдээ ч удаан, мах, ногоо, хүнс нөөцөлж түгээхдээ ч болхи, стандартын бус хэвээр. Үүнээс гадна гаалийн нэвтрүүлэх чадварыг сайжруулна, Замын-Үүдийг чөлөөт бүс, олон улсын жишигт нийцсэн ачаа тээврийн төв болгон хөгжүүлнэ гэж ярьсаар олон жил өнгөрлөө. Гэтэл Эрээн боомтыг ӨМӨЗО-ы гурван том чөлөөт бүсийн нэг болгох шийдвэр гарч, цаад талд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж эхэлсэн байна билээ. 18 га талбайд бүх төрлийн агуулах, ачих, буулгах терминал, гаалийн бүрдүүлэлтийн хэсгийг байгуулж, бүрэн цахимжуулж, Замын-Үүдээр дамжуулан ОХУ, Европт нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээгээ өсгөхөөр ажиллаж байна. Урд хөрш манай боомтоор дамжуулж Европын зах зээлд нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ гэж байхад Монгол Улс ядаж ачаа, бараагаа шуурхай нэвтрүүлж, цагаа хэмнэж, үйлчилгээгээ сайжруулж болохгүй гэж үү. Цаг алдана гэдэг нь шууд утгаараа мөнгөө алдах, санхүүгээр хохирохын л нэр шүү дээ.
С.ДУЛАМ