Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр бүр 1171 автобус иргэдэд үйлчилж буй. Эдгээр автобус нь ихэнхдээ 06.20-22.00 цаг хүртэл үйлчилгээнд явдаг. Гэхдээ зарим нэг автобусны хөдөлгөөн эхлэх, дуусахцаг бага зэрэг ялгаатай аж. Тухайлбал, М1 буюу “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлийн автобусны хөдөлгөөн эхлэх цаг 06.20, эцсийн цэг нь 22.47 цаг. Харин Ч:36 буюу “Гачууртын эцэс-Офицеруудын ордон” чиглэлийнх 06.00-21.48 цаг хүртэл хөдөлгөөнд оролцдог байна. Өөрөөр хэлбэл, 22.00 цагаас хойш нийслэлчүүд хөл дүүжлэх унаагүй болдог.
Урин дулааны улиралд энэ цагт хөл хөдөлгөөн ихтэй байдаг тул шөнийн тээвэр нийслэлчүүдийн аминд ордог ажээ. Тодруулбал, шөнийнавтобус өдөр бүр 22.00-02.00 цагийн хооронд дөрвөн чиглэлд үйлчилгээ үзүүлж байна. ШҮ:1 “Таван шарОфицеруудын ордон”, ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”, ШҮ:3 “Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай”, ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан” олон улсын нисэх буудал гэсэн чиглэлд долоон автобус үйлчилж буй аж. Иргэд энэ чиглэлд зорчих автобусны тоог нэмэх, мөн Хужирбулан, Гачуурт, Налайх зэрэг хотын зүүх захын чиглэлд зорчих нийтийн тээврийг 23.00 цагт хүртэл үйлчилгээнд явуулах тал дээр санал илэрхийлсэн юм.
Ч.Цэлмэг