Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагууд Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли болон санхүүгийн салбарын экспертүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Хөгжлийн банкны үйл ажиллагааг бэхжүүлэх, хөгжлийн төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих боломжуудын талаар санал солилцов. Дэлхийн банкны экспертүүд Хөгжлийн банкны санхүүгийн тогтвортой байдал, үйл ажиллагааны чадавхад хийж буй үнэлгээ, цаашид бий болгох санхүүжилтийн загварын талаарх судалгааны ажлыг энэ үеэр танилцуулав. Зээлжих зэрэглэлийг сайжруулах, олон улсын баталгааны байгууллагуудыг ашиглах, зөвхөн Хөгжлийн банкны үйл ажиллагаанд төвлөрөх биш, бусад олон улсын болон дотоодын хамтрагч байгууллагуудын хамтын ажиллагаа, эко орчинг зөв бүрдүүлэх талаар сайн туршлага, шинэлэг саналуудаа мөн танилцууллаа. Талууд цаашид бодлогын шинэчлэлийг бодит үр дүнд хүргэх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломжийг өргөжүүлэх, банкны засаглал, институтийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв.
Г.Сансар