Ерөнхий сайдаар ахлуулсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдаж гэнэ. Хүүхдийн төлөө “за” гэж хэлэх биш, бодит ажил хийх юм байх. Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг “Хүүхэд хөгжлийн ордон” болгож, Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр засварлана, зуны цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спортын заалуудыг хүүхдүүдэд чөлөөлж өгнө, цэцэрлэгийн багачуудыг эрт илрүүлэгт хамруулна, “Хараацай” зусланг засаж сайжруулна хэмээн Ерөнхий сайд Н.Учрал уржигдар мэдэгдсэн. Хүүхдийн аюулгүй байдлыг дээд зэргээр зөрчдөг энэ хотод эдгээр амлалт биеллээ олох нь юу л бол. Төв талбай орчимд авто замын түгжрэл ямар билээ. Хотын захиргааны хуучин байранд түмэн хүүхэд түжигнээд эхэлбэл замын ачаалал, түгжрэлийг хэрхэн шийдэхээ Ерөнхий сайд тооцоолсон болов уу. Сургуулийн урлаг, спорт заал хүрэлцээгүй, заримд нь огт байхгүй атал зуны цагт хүүхдүүд тэнд тоглох уу. Ялангуяа төрийн байгууллагууд багачуудад үүдээ нээх үү. “Дээрээс зарлигдсан” гээд хүч түрэн орох гэвэл хүүхэд багачуудыг харуул хамгаалалтынхан нь хөөгөөд гаргах биз. Үүнтэй адил шийдвэрийг сарын өмнө нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид гаргасан. Ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдрүүдэд сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах санал танилцуулж байв. Эл шийдвэр албажсан, эсэх нь ч тодорхойгүй. Гэтэл хүүхдүүд амралтын өдрүүдэд сургуулийнхаа зааланд үнэ төлбөргүй тоглоно гэж очоод жижүүртээ зодуулах шахам буцсан тохиолдол гарчээ. Ахлах ангийн хөвгүүд тоглохоор очтол сургуулийнх нь жижүүр хөөж, “Та нараас болж цалингийнхаа 20 хувийг хасуулсан. Дахиж чадахгүй” хэмээн омогдсон байна. Ядаж амралтын өдрүүдэд тоглох боломжоор нь эхлээд хангаад өг. Эрх баригчдын ярьсан, хэлсэн нь хөрсөндөө буухгүй, хэн хариуцах, хэрхэн зохицуулах нь тодорхойгүй нөхцөлд иргэд хоорондоо зодолдохоос өөр ид шид алга. Эрх баригчдын хоосон амлалт хор болсон явдал нэгээр тогтохгүй.
УЛС ТӨРЧДИЙН ХИЙРХЭЛ
Хэрэгжүүлж л чадвал хүүхдийн эрх ашгийг хамгаалах хууль, эрх зүйн баримт бичиг манай улсад багадаагүй. Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц, Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулиас гадна Үндсэн хууль, Иргэний хууль, Гэр бүлийн, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Нийгмийн халамжийн, Боловсролын ерөнхий, Эрүүл мэндийн, Хөдөлмөрийн тухай зэрэг хуульд хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг тусгасан байдаг. Гэтэл үүний зэрэгцээ УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн тэргүүтэн Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл боловсруулж, үүнийг нь Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны энэ сарын 26-ны хурлаар хэлэлцэхийг дэмжив. Эл хуулиар хүүхэд бүрийн хичээлээс гадуурх сургалтад хамрагдах үйл ажиллагааг төр, орон нутгийн болон боловсрол, соёл, спорт, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоо, эрх, үүргийг зохицуулах юм гэнэ. Нэг ёсондоо төр таны хүүхдийг хүмүүжүүлж, сургахад хошуугаа ч, хуруугаа ч дүрэх нь. Эцэг, эхчүүдийг нь татвараар дарамтлахгүй, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг, илүү цагаар ажиллуулдаггүй ээлтэй нийгэм, эрүүл аюулгүй орчин бүрдүүлчихвэл хүүхдэдээ цаг гаргаад, хүссэн дугуйланд нь хамруулж, авьяас билгийг нь нээгээд өгөхөө аав, ээжүүд мэдэж байгаа. Гэтэл ингэж худлаа сүржигнэх хэрэг юун. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ойртсон тул эрх, мэдэлтэн, албан тушаалтнууд ийн хоосон “жүжиглэх” нь арга ч үгүй юм уу. Үнэндээ хүүхдийн төлөө ажил хийсэн мэт харагдах гэсэн л улс төрчдийн увайгүй үйлдэл, хоосон попролоос цаашгүй. Үүгээр зогссонгүй, УИХ-ын гишүүн П.Наранбаяр нарын гишүүд Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлж буй. Олдвол өлдөнө гээч болох вий.
Засгийн газар, байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүд “Хүүхдүүд хохирч байна, эвий минь, хөөрхий дөө” хэмээн ам уралдан шаагилдаж, харамсан халаглах боллоо. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан өсвөр насны охидын жирэмслэлт жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь хүүхэд хамгааллын асуудлыг орхигдуулсныг харуулж буйг тодотгоод, энэ бол зөвхөн эрүүл мэндийн биш, боловсрол, нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудал гэв. “Манай улсад жил бүр 15-19 насны 2600 орчим охин жирэмсэлж байна. Энэ бол бага тоо биш” хэмээн халагласан. Яаж бага тоо байх билээ. Ийм насандаа ээж болсон нэг хүүхэд байлаа ч анхаарах асуудал. Гэтэл жилд хэдэн мянгаараа насанд хүрээгүй ээжүүд төрж байгаа нь эмгэнэл гэхээс яалтай. Тэд сургууль завсардахаас эхлээд маш олон эрсдэл туулдаг. Т.Мөнхсайхан гишүүн Эрүүл мэндийн сайдын эрх мэдлийг атгаж байхдаа л үүнд санаа тавихгүй яав. Яагаад одоо дуугарч, худал хийрхэнэ вэ.
ЦЭЦЭРЛЭГ НЬ ХҮРТЭЛ АЮУЛТАЙ
Монгол бол хүүхэд, залуусын орон. Нийт хүн амын 39 хувийг 19 хүртэлх насны хүүхэд залуус эзэлж буй. Тодруулбал, 3.5 сая хүний 1.3 сая нь 0-19 насныхан байна. Энэ цагт л бид хүүхэд, залуучууддаа эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж, тэдний дуу хоолойг сонсохгүй юм бол оройтно. Аажимдаа ахмад настнуудын хүн амд эзлэх хувь нэмэгдэж, хүүхэд, залуучуудынх хумигдах юм. Гэтэл одоогийн нийгэм, хүрээлэн буй орчин хүүхдүүдэд ээлгүй. Ганц жишээ хэлэхэд, 2020-2024 оны байдлаар хүүхэд оролцсон гэмт хэрэг 811-ээс 1373 болж нэмэгдсэн байна. Гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн тоо дөрөвхөн жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдэв. 2020 онд 1101 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон бол 2024 онд 2413 болжээ. Үүнийг дагаад амиа алдсан хүүхдийн тоо огт буурсангүй. 2021 онд 83, 2022 онд 92, 2023 онд 99, 2024 онд 111 хүүхэд гэмт хэргийн улмаас нас баржээ. Энэ нь дөрвөн жилийн хугацаанд гэмт хэргийн золиос болж, 385 хүүхэд амиа алдан, 3285 нь гэмтсэн байна. Гэмт хэрэг бусармаг явдлаас хол байж, сурч хөгжиж, үеийнхэнтэйгээ хөгжилдөж, гэрэлт ирээдүйнхээ талаар мөрөөдөж, зорилготой, золбоотой явах ёстой хүүхэд багачууд ийм олноороо цаг бусаар амиа алдсаны бурууг хэнээс нэхэх вэ. Томчуудын хариуцлагагүй байдал, төр засгийн буруу бодлого, шийдвэрийн л золиос юм.
Цэцэрлэг, сургууль, түр хамгаалах байр, гэр бүлдээ хүүхдүүд хүчирхийлэлд өртөж, гэмтэж бэртэж, цаашлаад амиа алдсан харамсалтай явдлыг тоочвол бичээд дуусахгүй биз. Саяхан Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нэгэн цэцэрлэгийн шатнаас хоёр настай хүүхэд унаж, толгойдоо хүнд гэмтэл авсан хэрэг гарсан. Хүүхэд ухаангүй байсан тул Улаанбаатар хот дахь Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтайгаар авчирчээ. Энэ талаар тус төвөөс тодруулахад “Толгойн мэс заслын тасагт хагалгаа хийлгээд эмнэлгээс гарсан. Өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Хэргийн талаар цагдаагийн байгууллагаас лавлахад “Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрынхан шалгаж байгаа. Нотлох баримт цуглуулж, ажиллагаа явуулж байна” гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Хоёр настай балчир хүүхэд яагаад шатнаас унав, харж хандах ёстой багш, ажилтнууд нь юу хийж байв, аюулгүй байдлыг хангаж, зохион байгуулах үүрэгтэй эрхлэгч нь хариуцлага хүлээх үү гэх мэт олон асуулт хариулт нэхэж үлдлээ. Хоёр жилийн өмнө яг л ийм хариуцлагагүй байдлын улмаас Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Буман жаалууд” цэцэрлэгт ой хоёр сартай хүү амиа алдсан. Хүүхэд амиа алдчихаад байхад хэн ч хариуцлага хүлээгээгүй, багш нар нь эрх чөлөөтэй явж байгаад гомдолтой буйгаа талийгаач хүүгийн ээж сэтгүүлчдэд хандан ярьсан юм. Боловсролын яам, харьяа газрууд нь “Хуулийн дагуу арга хэмжээ авсан” гэж ам хаагаад л өнгөрүүлдэг болохоос дахин ийм харамсалтай хэрэг гарахаас сэргийлэх талаар юу ч хийдэггүй.
БАЯРЫН ӨДӨР ЧИХРЭЭР ХУУРЧ,БУСАД ҮЕД НЬ ЧИМЭЭГҮЙ ХҮЧИРХИЙЛЖ БАЙНА
Цагийн ажил хийж байсан хүү барилгын хананд даруулж нас барсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн урд нүхэн цооногийн тогтоол усанд 15 настай хүүхэд унаж, амиа алдсан гээд энэ сард л гэхэд хүүхэдтэй холбоотой хэд хэдэн осол гарсан. Энэ бүхэн тухайн байгууллагынхны хариуцлагагүйн улмаас үүджээ. Хэрэв хоолны газар насан хүрээгүй хүүхэд ажиллуулаагүй, тухайн компанийнхан нүхэн цооногтоо хамгаалалтын тор татаж, орохыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан бол гээд бодоод үзээрэй. Энэ мэтээр эргэн тойронд нь аюул, эрсдэл дүүрэн байхад засаж, залруулж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарах бус, тийм ч ордон байгуулна, ийм ч хууль батална гэх нь цуурай мэт хоосон. Цэцэрлэгтээ аюулд өртөж, сургуульдаа дээрэлхүүлж, хоёр ээлжээр хичээллэж, харанхуй бүрэнхийд айж ичин, гудамжаар нохой шуугиулан явах хүүхдүүдийн бодит байдалтай нүүр тулж, хөрсөндөө буух хэрэгтэй байна, эрх баригчид аа. Эцэг, эхчүүд ч үр хүүхэддээ хараа хяналтаа сайжруулахгүй бол гэмт хэргийн золиос болсоор. Уржигдар л гэхэд Дархан-Уул аймагт 15 настай таван хүүхэд эцэг, эхийнхээ автомашиныг зөвшөөрөлгүй жолоодож яваад осолдож, хоёр нь амиа алдчихлаа. Нийгмийн бусармаг байдал, томчуудын хариуцлагагүйн балгийг хүүхдүүд амиараа төлсөөр л байх уу. Баярын өдөр нь чихэр, жимсээр хуурч, бусад үед нь чимээгүй хүчирхийлдэг улс манайхаас өөр байхгүй биз.