-Таван саяд хүрэх мөрөөдөл 5-6 жилээр хойшлох нь-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эл өдрүүдэд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эмэгтэйчүүдэд “Эхийн алдар” одон гардуулж, гол усаар л нэг найр наадам, хөл хөөр болцгоож байна. Жил бүрийн энэ үеэр дөрөв ба түүнээс олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд I, II зэргийн одон хүртээж, төв талбайд дэвссэн улаан хивсэн дээгүүр алхуулж, алдаршуулдаг уламжлалтай. Одон гардуулах ёслолыг ийн сүр дуулиантай хийхээс ч аргагүй юм. Учир нь манай улсад хүн амаа өсгөх, олон хүүхэдтэй гэр бүл, төрөлтийг дэмжих бодлого үүнээс өөр байхгүй. Өөрөөр хэлбэл, эцэг, эхчүүдэд хүүхэд төрүүлж өсгөх, тэднийгээ эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, хүмүүжил хатуужилтай иргэн болгон төлөвшүүлж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх орчин нөхцөлөөр нь төр хангаж чадахгүй өдий хүрэв. Улсын хэмжээнд өнгөрсөн жил 14 480 хүн алдарт эх болж байжээ. Тэгвэл өнөө жил үүнээс 2174-өөр цөөн буюу 12 306 хүн “Эхийн алдар” I, II зэргийн одон хүртэх нь. Одон зүүж буй эхчүүдийн олонх нь 33-39, хамгийн залуу нь 22 настай аж. Ерөнхийлөгч одон гардуулах үеэрээ “Ээжүүдийн ач гавьяа, хөдөлмөр зүтгэлийн үр шимийг удам судар, гэр бүл, ураг төрөл нь, цаашлаад улс үндэстнээрээ хүртдэг учир Монголын төр алдаршуулахгүй байхын аргагүй” хэмээсэн.
Тиймдээ ч түүний санаачилгын дагуу одонг дагалдаж жилд нэг удаа олгодог мөнгөн урамшууллыг 2025 оноос нэмсэн. Тодруулбал, II зэргийн одонтой эхчүүдэд жилд 100 мянган төгрөг өгдөг байсныг 200, II зэргийнхийг 200-гаас 400 мянган төгрөг болгон өсгөөд буй. Долоо хоногийн хүнс ч авч хүрэлцэхгүй мөнгийг жилд ганцхан удаа олгодгоо ийн бахархан ярьсан байна билээ.
Гэтэл одон гардаж буй ээжүүдийн ард дөрөв болон түүнээс ч олон хүүхдийн ирээдүй бүрхэг, эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрх нь хангагдахгүй, хамгаалагдахгүй байна. Хүүхдүүд нийтээрээ нийгмийн ямар ч баталгаагүй, ядуу тарчиг, тэгш бус орчинд, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт дунд өсөж торниж буй хэвээрээ. Цаашлаад сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээгүй байдал, агаар, хөрсний бохирдлоос үүдэлтэй улирлын чанартай өвчлөлд дарлуулж, туйлдсаар хосууд сүүлдээ хүүхэд төрүүлж өгсөхөөс ч эмээх болсон. Үүнийг төрөлтийн түвшний “муруй”, одон авч буй ээжүүдийн тоо ч өлхөн гэрчилж байна.
Хүүхэд хүнстэйгээ ирдэг үе өнгөрсөн
Манай улсын 1000 хүнд ногдох хүн амын цэвэр өсөлт сүүлийн 20 жилийнхээ хамгийн доод түвшинд оччихоод буй. Энэ бол энгийн нэг статистик бус, улс орны эдийн засаг, хөдөлмөрийн зах зээл, цаашлаад төсвийн тогтвортой болон үндэсний аюулгүй байдалд ч шууд хамаарах эрсдэл юм. Иймдээ тулчхаад байхад эрх баригчид үүнийг бодлогын төвдөө ч оруулж чадахгүй явсаар өнөөдөртэй золгосон нь харамсалтай. Төрөлтийн “муруй” уруудсаныг агаарын бохирдол, эмнэлгийн хүрэлцээгүй байдал зэрэг дээр дурдсан хүчин зүйлтэй холбон, өнгөц дүгнэж болох ч уг шалтгаан нь энэ биш юм. Гол асуудал нь Монголд хүүхэд өсгөх орчин байхгүй болсон явдал юм. Өөрөөр хэлбэл, өнөөгийн нийгэмд хүн нэмэх нь тухайн гэр бүлийн хүсэл сонирхлоос хэдийн хальж, асар том хариуцлага, эрсдэл болж хувирсан.
Нэг хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг дундаж амьдралтай өрхийн хувьд төсөл хэрэгжүүлэхтэй л ижил хэмжээний ярвигтай гээд хэлчихэд буруутахгүй. Жирэмслэхээс эхлээд төрөх, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, хоол хүнс, хувцас, дугуйлан, дамжаа, хэлний сургалтын төлбөр, орон байр гээд бүх л шатанд мөнгө санхүү шаардана. Хосуудад олон хүүхэдтэй болохын тулд наанадаж том байшин, олон өрөөтэй байр хэрэгтэй. Учир нь хүүхэд өсгөхөд хайр халамжаас гадна тэдэнд өөрсдийн гэсэн орон зайг бүрдүүлж өгөх нь эцэг, эхчүүдийн үүрэг. Даанч төрөөс үзүүлдэг дэмжлэг нь энэ бүхний хаана нь ч хүрдэггүй, зүгээр л “хошин шог”. Сар бүр өгдөг “Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөг нь өнөөдрийн инфляц өндөртэй нийгэмд уут живхний үнэд ч хүрэхгүй. “Эхийн алдар” одонгийн 200, 400 мянган төгрөг ч бодит дэмжлэг болж чадахгүй, улс төрийн шинж чанартай, бэлгэдэл төдий зүйл байсаар ирсэн. Төр ард иргэдийнхээ амьдралаас асар хол тасарсны бэлээхэн жишээ энэ.
Гэтэл үүний цаана эцэг, эхчүүд өнөө, маргаашийн хоолоо залгуулахаас өгсүүлээд орон сууцын үнийн өсөлт, зээлийн хатуу нөхцөл, инфляц, ажил, амьдралын тогтворгүй байдал, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсний зөрүүтэй үнэлэмж, татварын дарамт зэрэгт нухлуулсаар хашин морь шиг л болчхоод буй. Дээрээс нь хүүхдэд минь цэцэрлэг олдох болов уу. Өвдвөл эмнэлгийн ор хүрэлцэх үү, утаанд хордуулахгүй өсгөж чадах уу. Орон сууцын зээлээ яаж төлөх вэ, ирээдүйд хүүхдээ их сургуульд хэрхэн сургах билээ гэхчлэн түмэн асуултад төөрч амьдарсаар залхаж байгаа. Эдгээр асуултад эрх баригчид бодит хариулт өгч чаддаггүй атлаа одон, медаль тараах болохоороо уянгалж, попроод гараад ирэхийг нь яана. Хүүхэд хүнстэйгээ ирдэг гэх үг хэдийн ул болчихсон байхад нийгэм, цаг үеэ өчүүхэн ч мэдэрч, бодлого, стратегиа чиглүүлж чаддаггүй нь хөөрхийлөлтэй.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2025 онд улсын хэмжээнд 56 695 хүүхэд төрсөн нь өмнөх жилийнхээсээ 3500 орчмоор буурсан үзүүлэлт юм. Он гарснаас хойш ч төрөлт эрчимтэй буурсаар байна. Хүн амын ердийн цэвэр өсөлт мөн 8.1 хувиар саарсан. Аливаа улс оронд төрөлт буурч эхэлснээс хойш 10-20 жилийн дараа хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол үүсдэг гэх судалгаа бий. Улмаар 30 жилийн дараа төсвийн орлого буурч, нийгмийн даатгалын сангийн ачаалал нэмэгддэг аж. Цаашлаад 40 жилийн дараа тэтгэврийн тогтолцоонд нь хямрал нүүрлэдэг гэнэ.
“Ганц, хоёрыгоо л чанартай өсгөе”
Манайх шиг цөөхүүлэхнээ улсын хувьд төрөлт одоогийнх шигээ буурсаар байвал хүн амын бүтэц “хөгширч”, мөдхөн ажиллах хүчгүй болно гэсэн үг. Тэр цагт үйлдвэрлэл, үйлчилгээ, инновац яриад ч нэмэргүй. “Хүн амын өсөлт саарч, цонх үе тохиох нь” гэж эмч, судлаачид эртнээс сануулсаар атал төр засгаас хуруугаа ч хөдөлгөөгүй нь хачирхалтай. Тэдний хийж чаддаг ганц ажил нь сонгуулиар “Олон хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд хамруулна, орон сууцжуулна”, “Хүүхдийн тэтгэмжийг нэмнэ” гэж худлаа амлаад дараа нь мартдаг. Энэ нь Монгол Улс хүн ам зүйн нэгдсэн бодлого, стратегигүй, залгамж чанаргүй байгааг илтгэнэ.
Олон хүүхэдтэй өрхийг дэмжсэн бодлогогүй учраас тэд хамгийн түрүүнд ядуурлын шугам руу “халтирч” байгааг цөөнгүй судалгаа харуулжээ. Гэтэл нөгөө талд чинээлэг, эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд хувийн цэцэрлэг, сургуульд сурч, төрсөн цагаасаа хойш борог амьдралтай хүүхдүүдтэй нэг орчинд огтлолцож уулзахгүй байсаар гадаад улсыг зорьдог жишиг тогтсон. Тэд өвдсөн ч хувийн эмнэлэгт үйлчлүүлдэг, өсөж торниж буй орчин нь ч цэвэр агаартай, амины хаус, хотхон. Өөрөөр хэлбэл, Монголд эдүгээ дундаж давхарга ийн үгүй болж буй учраас гэр бүлүүд “ганц, хоёр хүүхдээ л чанартай өсгөе” гэсэн сонголттой нүүр тулж байна.
Дэлхийн туршлагаас харахад нэг удаагийн мөнгөн тэтгэмж төрөлтийг тогтвортой өсгөдөггүй. Харин хүүхэд асрах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ажил, амралтын цагийг тэнцүүлэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хамгаалах, орон сууцын хөнгөлөлттэй зээлд хамруулах, үнэ бууруулах зэрэг урт хугацааны тогтвортой дэмжлэг л үр дүнтэй аж.
Франц улс нөхөн үржихүйн насны эмэгтэйд ногдох төрөлтийн түвшнийг 1.8 орчимд тогтвортой барьж чадсан цөөн орны нэг. Учир нь тэд 30 гаруй жилийн турш гэр бүлийн болон хүн амаа өсгөх бодлогыг тасралтгүй, системтэй хэрэгжүүлжээ. Скандинавын орнууд хүүхэд асаргаа, цэцэрлэгийн үйлчилгээ, халамжийн сан, аюулгүй хөдөлмөрийн зах зээлтэй. Тиймээс эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцдог, хүүхдийн сайн сайхан байдлыг хангах бодлого нь ч хүрээмжтэй. Сингапур төрөлтийг дэмжихийн тулд гурван үндсэн чиглэлд урт хугацааны бодлого баримталсаар байна.
Харин Монголд “Цалинтай ээж”-ийн тэтгэмж, “Эхийн алдар” одонгийн урамшууллаас өөр дэмжлэг үндсэндээ алга. Энэ хэвээрээ үргэлжилбэл Монгол Улсын хүн ам 2033 онд дөрөв, 2047-2048 онд таван саяд хүрэх тооцоолол 5-6 жилээр хойшлох магадлалтайг Үндэсний статистикийн хорооноос анхааруулжээ. Улмаар нөхөн үржихүйн насны нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо эдүгээ 2.63 байгаа бол 2054 он гэхэд 1.96 болж буурах төсөөлөлтэйг НҮБ-ын тайланд ч дурсан байна. Эл үзүүлэлт 1994 оноос хойш 20 жилийн турш хоёроос дээш түвшинд тогтвортой хадгалагдсан бол дараагийн 30 жилд ийнхүү нэг рүү “унах” нь тодорхой болжээ.
Иймд эмэгтэйчүүдийг төрүүлсэн хүүхдийнх нь тоогоор алагчилж, “алдарт эх” гэж өргөмжлөхөөсөө илүүтэй төрөлтийг дэмжих, тухайлбал залуу гэр бүлүүдэд зориулсан орон сууцын тогтвортой бодлого, татварын хөнгөлөлт, ажил, амьдралын тэнцвэрийг дэмжсэн хөдөлмөрийн зохицуулалт, хүүхдүүдэд чанартай, хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн бүрэн хамгаалалт хэрэгтэй байгаа юм.