Шүүхийн цахимжилтын бодлогын хүрээнд хэргийн оролцогчид болон иргэд, олон нийтэд зориулан шүүхүүд цахим хуудсаа шинэчлэн нэгдсэн загвартай болгожээ. Үүнийг Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-өөс албан ёсоор танилцуулсан юм. Өмнө нь шүүхүүд тус бүрдээ өөр загвар, бүтэц бүхий цахим хуудас ашиглаж байв. Харин шинэчлэлийн хүрээнд Улсын дээд шүүхээс бусад 88 шүүх нэгдсэн загвар, стандарт бүхий цахим хуудсыг ашиглаж эхэлж буй юм. Ингэснээр иргэд, хэргийн оролцогчид аль ч шүүхийн цахим хуудсанд хандсан ижил бүтэц, ижил хэрэглэгчийн орчинд мэдээлэл авах боломж бүрдэх бөгөөд хурлын тов, зар, мэдээ, шүүн таслах ажиллагаатай холбоотой мэдээллийг илүү хялбар, ойлгомжтой байдлаар авах нөхцөл бүрдсэн. Түүнчлэн энэ нэгдсэн цахим хуудас нь шүүхийн цахим үйлчилгээ, өгөгдлийн нэгдсэн менежмент, ухаалаг технологид суурилсан ирээдүйн цахим шүүхийн хөгжлийн суурь орчныг бүрдүүлж буй шинэ үүд хаалга хэмээн ШЕЗ-ийнхөн онцоллоо.
Шинэ цахим хуудас нь UI/UX буюу орчин үеийн хэрэглэгч төвтэй шийдэлд тулгуурлан бүтээгдэж, гар утас болон бусад төхөөрөмжөөс ашиглахад илүү хялбар, ойлгомжтой, хурдан болсон бөгөөд шүүхийн цахим үйлчилгээ, мэдээллийн нэгдсэн хандалтыг сайжруулсан онцлогтой юм.
Энэхүү цахим хуудас нь зөвхөн мэдээллийн сайт бус, шүүхийн цахим шилжилтийн бодлогын хүрээнд хөгжүүлж буй нэгдсэн дижитал экосистемийн нэг хэсэг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем, хэргийн оролцогчийн систем, шүүхийн захиргааны ERP, цахим архив зэрэг дотоод платформуудтай уялдан ажиллах гэнэ.