- Дэлхийн хамгийн том нууртай цуг экосистем арчигдаж эхэлсэн -
Дэлхийн онгон байгаль дахь усан сангийн жагсаалтад дээгүүр бичигддэг Каспийн тэнгисийн түвшин эр чимтэй буурч, хэмжээ нь багасаж буй нь экосистем болон хүмүүсийн амьжиргаанд ноцтой “осол” гэдгийг НҮБ-ын Байгаль орч ны хөтөлбөр (1972 онд байгуулагдсан, 193 гишүүн улстай)-ийн тайланд сүүлийн жилүүдэд онцлон тэмдэглэх болсон. НҮБ-ын ивээл дор өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2224-нд Астана хотод зохион байгуулсан RES2026 буюу Бүс нутгийн байгаль орчны дээд хэмжээний уулзалт (Монгол Улс оролцсон)аар уур амьсгалын өөрчлөлт, усны хомсдол, бүс нутгийн экосистемийг хамгаалах талаар хэлэлцэж, Каспийн тэнгисийн асуудалд анхаарал хандуулахыг уриалжээ. “Ирээдүйн төлөөх хамтын алсын хараа” сэдвийн хүрээнд чуулсан саммитын сэдэвчилсэн хуралдаанаар 2050 он хүртэл Каспийн тэнгисийн усны түвшин 21 хүртэл метрээр буурах өндөр эрсдэлтэйг мэдээлжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Ингер Андерсен “Дэлхийн хамгийн том, хаалттай усны нөөц болох Каспийн тэнгисийг хуваалцдаг бүх улс орон бүс нутгийн экологийг сайжруулах хөтөлбөрийг хамтран боловсруулахад идэвхтэй оролцох нь чухал” гэв.
Тодруулга Хэмжээгээрээ дэлхийд хоёрт жагсдаг Атлантын далайн нэг хэсэг болох Карибын тэнгис 390 000 гаруй ам км талбайтай. Дэлхийн тэнгисүүдийн жагсаалтад дөрөвт бичигддэг бөгөөд 1025 метр буюу хамгийн гүн хийгээд хамгийн идэвхтэй тектоник хөдөлгөөнтэйд тооцогддог. Гэхдээ далай руу шууд гарцгүй тул Карибын тэнгисийг нууруудын ангилалд багтаадаг. Гарал үүслээс гадна давсжилт, гүн ёроолын бүтэц нь далайн царцдасаас тогтсон, Ази болон Европын уулзварт дамнан орших тэнгиснуур энэ төрөлдөө эзлэхүүнээрээ үнэмлэхүй “аварга”. Эргийн шугамын урт нь арлуудыг оролцуулаад 7000 километр гэж тооцоолсон бөгөөд үүнийг Каспийн тэнгисийн бүс нутаг гэж тодорхойлдог. Үүнд Азербайжан, Иран, Казахстан, Орос, Туркменистан улсын нутаг дэвсгэрийн тодорхой хэсгүүд багтана. Каспийн тэнгисийн сав газрын байгаль орчны хамтын ажиллагааг эдгээр улс гарын үсэг зурж, баталгаажуулсан Тегераны конвенцоор зохицуулдаг. 70 гаруй том болон хагас арал, 10 булантай Каспийн тэнгист 130 орчим гол, мөрөн цутгадаг бөгөөд нийт урсгалын 70-80 хувийг Волга мөрөн бүрдүүлдэг. Дэлхийн хилэм (осётр) загасны нөөцийн дийлэнхийн эх нутаг болсон Каспийн тэнгист 101 зүйлийн загас бүртгэгджээ. Тэнгисийн бүс дэх амьтны төрөл зүйл 1809, үүнээс 415 нь сээр нуруутан эзэлж байна. Далайн хавны өлгий нутаг 728 зүйлийн мод, ургамалтайгаас гадна олон төрлийн замгаараа алдартай.
АМЬДРАХ ОРЧНЫ “АГШИЛТ” БА ЭКОСИСТЕМИЙН ДАРАМТ
Каспийн тэнгисийн усны түвшин буурч байгааг 1990-ээд оноос хиймэл дагуулын мэдээлэлд түшиглэсэн гидрологи, цаг уурын судалгаагаар баримтжуулж ирсэн бөгөөд сүүлийн 20 гаруй жилд эрчимтэй багасаж байна. Тэнгисийн баруун эргийн Апшерон хойгийн нам дор газар, тодруулбал Азербайжаны эргийн зарим хэсэгт усны түвшин мэдэгдэхүйц буурч, гүехэн байсан бүсүүд нь одоо хатаж, хуурай газар болжээ. Үүнтэй хамт орчны доройтол явагдаж бүс нутгийн усны алдагдал эрчимжиж байгаа нь эрэг орч мын экосистем, биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлж байгааг олон орны эрдэмтэд судалгаанууддаа онцлон дурдаж ирэв.
Каспийн тэнгис нь далайд гарцгүй сав газар бөгөөд энэ нь хур тунадас, ууршилтын байдлаас бүрэн хамаардаг гэсэн үг. Урсгалынх нь гол эх үүсвэр болсон Волга мөрний урсацын өөрчлөлт, бүс нутгийн температурын өсөлт уг тэнцвэрийг алдагдуулж буйг судалгаагаар баталсан гэдгийг “Каспийн шинжлэх ухааны нэгдсэн сүлжээ” байгууллагын зохицуулагч, доктор Элнур Сафаров тайлбарлав.
Каспийн тэнгис “агшиж” буй нь бүс нутгийн уугуул далайн хавын амьдралд ноцтой нөлөөлж байгаа. Эл амьтныг сав газрын экосистемийн эрүүл мэндийн гол үзүүлэлт гэдэг. Байгаль хамгаалах олон улсын холбооны үнэлгээгээр эл төрөл зүйлийн тоо толгой эрчимтэй буурч, устах аюул ойртжээ. Түүнчлэн байгаль орчны хяналт шинжилгээгээр тус тэнгисийн усны түвшин буурч байгаа нь намгархаг газар, зэгсний замд нөлөөлж эхэлснийг тогтоосон байна. Тэнгисийн загас, тэр дундаа хилэм зэрэг эндемик зүйл амьдрах орчноо алдаж байгаагаас гадна хотон, фламинго, нугас гэхчлэн шувуудын үүрлэх, үржих нутгийн тогтвортой байдал үгүй болох эрсдэл нүүрлэснийг судлаачид өгүүлээд “Каспийн тэнгис нь цаг уурын хэлбэлзэл болон хүний дарамтанд онцгой өртсөн. Температурын өсөлттэй холбоотой урсгал нь буурч, ууршилт нэмэгдэх нь гидрологийн тэнцвэрт байдлыг өөрчилж байна” хэмээн онцолжээ.
АРАЛ ТЭНГИСИЙН ЭМГЭНЭЛ ДАВТАГДАХ УУ
Каспийн тэнгисийн түвшин буурсаар буй нь ширгэж үгүй болсон Арал тэнгис шиг эмгэнэлтэй тулах эрсдэл гэдгийг дэлхийн хэвлэлүүдэд онцолжээ. “ХХ зууны байгаль орчны хамгийн том эмгэнэл” хэмээн тодотгосон Арал тэнгис үгүй болсон талаар товч хон өгүүлье. Ташрамд тодотгоход тус усан сан Кайнозойн галвын үеэс буюу барагцаагаар 21 сая жилийн тэртээгээс зэргэлдээх Каспийн тэнгистэйгээ холбоотой байсныг судалгаагаар тогтоосон.
Олон мянган арлаас бүрдсэн учраас Арал тэнгис хэмээн нэрлэсэн их усан сан 1960-аад оноос хурдацтай ширгэж эхэлсэн нь ЗХУ Амударья, Сырдарья мөрний гольдролыг өөрчлөн газар тариаланд ашигласнаас үүдэлтэй. Арал тэнгист цутгадаг хоёр том мөрний цутгал тасарснаар 1100 шоо км усны нөөц бүхий, 68 000 ам км талбайд оршин байсан тэнгис хэдхэн жилийн дотор 90 хүртэл хувь ширгэжээ. 1998 оны байдлаар 28 687 ам км болтлоо багасаж, усны түвшин нь 20 гаруй метрээр буурсан тэнгисээс хэдэн хэсэг “шалбааг” үлдэж, эцэст нь таван сая гаруй га талбай хамарсан, давстай элсэн цөл Аралкум үүссэн. Тэнгис үгүй болсноор бүс нутгийн цаг уур өөрчлөгдөж, пестицидээр бохирдсон шороогоор шуурах болов. Хатсан тэнгисийн давсархаг, хортой хөрс хэдэн зуун километрт тархаж, бүс нутгийн экосистемд хөнөөл учруулахын зэрэгцээ хүмүүсийн эрүүл мэндэд ч нөлөөлж эхэлсэн. Зах нь харагдахгүй их усан сангаас цөл болон хувирсан өдгөөгийн Аралкум буюу Аралын цөлийн өчүүхэн хэсэгт буюу 10 000 орчим км талбайд алслагдсан хэдэн нуур бий. Нэгэн цагт дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэж, олон улсын эдийн засаг, амьжиргааны эх үүсвэр болж байсан Арал тэнгисээс үлдэж, тусгаарлагдсан тэдгээр усны ай савыг хамгаалахад Орос, Азербайжан, Казахстан, Туркменистан зэрэг улс анхаарч иржээ. Энэ оны байдлаар гурван үндсэн хэсэг байна. Үүнээс Хойд Арал гэх жижиг хэсэг Казахстанд байрладаг. Үүнд далан барьсны үр дүнд усны түвшин нь тогтворжиж, нэмэгдэх хандлагатай байгааг тус улсын мэргэжилтнүүд тайландаа өгүүлсэн байна. Түүнчлэн Баруун Арал хэмээн нэрлэсэн, арай ахиу устай хэсэг нь Узбекистаны нутаг дэвсгэрт бий бөгөөд маш их давстай, Сөнөсөн тэнгисийнхтэй бараг адил. Өөр нэг хэсэг нь улирлаас шалтгаалан хааяа сэлбэгдэн, “мэлтэлздэг” гэнэ.
Арал тэнгисээс үлдсэн сав газрыг хамгаалах, нөхөн сэргээхээр 2010-2015 онд эхний төслийг хэрэгжүүлсэн. Гэхдээ шинжээчдийн дүгнэснээр Амударья, Сырдарья мөрний гольдролыг сэргээн урсгасан ч эргэн тэнгис бий болох магадлал бага. Үүнд байгаль экологийн нөхцөл байдал, уур амьсгалын өөрч лөлт, дулаарал зэрэг хүчин зүйлийг тооцох ёстой. Сэргэнэ гэж үзвэл багадаа 200 жилийн дараа “дүүрэх” аж.
Тэгвэл тэнгисийн ай сав газрын экологи нөхөн сэргэх нь нэгэнт оройтсон болохыг олон улсын судалгааны дүнгээс харж болно. Гэхдээ Арал тэнгисийг аврах найдлага тасарсан ч үлдсэн өчүүхэн хэсгүүдийн ширгэлтийг тодорхой хэмжээнд бууруулах боломжийн төлөө мэргэжилтнүүд ухаан зарж байгаа бөгөөд бүсийн орнуудын ганц нэг амжилт бий ч хамтын ажиллагаа чухал. Хэдийгээр хамтрах нь үр дүн авчрах боломж гэдгийг мэдэх ч нэгэн улсад зангидагдаж байсан, туурга тусгаарлаад 20, 30 жил болж буй, Төв Азийн орнуудын хувьд эдийн засгийн хүндрэл “илүү” зүйлд анхаарал хандуулахад нь саад болж байна гэсэн шалтаг, шалтгаантай. Энэ асуудлаа хойш тавих хэрэгтэйг саммитын үеэр зарим судлаач хөнджээ. 1992 онд Төв Азийн орнуудын санаачилгаар байгуулсан Арал тэнгисийг аврах олон улсын сангийн шинжээч Фолькер Фробарт, Женнифер Зеринг нар “Арал тэнгисийн мөхөл буюу шинээр эхлэх оролдлого” судалгааны өгүү лэлдээ өнгөрсөн хугацаан дахь ололт, туршлагыг дурдсан байна. Гэвч Арал тэнгисийн асуудлыг шийдэх олон улсын хэмжээний нэгдсэн шийдвэр, арга зам хэрэгтэй.
КАСПИЙН ТЭНГИС ҮГҮЙ БОЛ...
Эргээд Каспийн тэнгистэй “холбогдож”, хамгийн сүүлийн үеийн зарим баримтыг дэлгэе. Мэргэжилтнүүдийн урьдчилсан тооцооллоор дэлхийн хамгийн том нуурын түвшин 10 метрээр доошлоход нийт талбайн гуравны нэг нь үгүй болно гэсэн үг. Гэтэл ирэх 25 жилд усны түвшин нь 21 хүртэл метр буурах эрсдэлтэй гэсэн тооцоо байгаа. Гүехэн болох тусам бохирдол нэмэгдэхээс гадна түвшин буурахад дагаад өвөрмөц экосистем нь сүйднэ. Өөр нэг том асуудал нь олборлолт, тээвэрлэлт, аж ахуй гэхчлэн олон талаар улс орнуудын эдийн засагт том хохирол учрахын зэрэгцээ ажилгүйдэл нэмэгдэнэ. Каспийн тэнгисгүй бол Орос, Казахстан, Туркменистан, Иран, Азербайжанд эдийн засаг, байгаль орчны гамшиг болно. “Дунд коридор” нурж Транскаспийн олон улсын тээвэр сүйрнэ. Эргийн дулааны цахилгаан станцууд зогсож, бүс нутгуудад эрчим хүчний хямрал үүснэ гэхчлэн хар жагсаалт үргэлжилнэ.
Энэ бүх гамшгийг зайлуулахын тулд усан санг аварахад бултаараа хичээх хэрэгтэйг Каспийн тэнгисийн төлөв байдлын тайланд дурдсан байна. Мөн “Каспийн тэнгис нь дэлхийн дулаарал (75-80 хувь) болон хүмүүсийн үйл ажиллагааны нөлөөллөөс болж ноцтой хямарч байна. 2005 оноос хойш түвшин нь эрчимтэй буурч, зургаан жилийн өмнөөс жилд 30 см хүртэл багасаж, хойд хэсэг нь гүехэн болж, экосистем болон эргийн шугамд өөрчлөлт орсон. Өнөөгийн байдлаар үргэлжилбэл энэ зууны эцэс гэхэд орших, эс орших талаар өгүүлэхэд бэрх” гэжээ. Тэгвэл Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх биологийн олон янз байдлыг хамгаалах таван жилийн “Каспийн тэнгисийг цэнхэр болгох” төслийг (20 гаруй сая ам.долларын өртөгтэй) өнгөрсөн дөрөвдүгээр сард баталжээ, Астанагийн дээд хэмжээний уулзалтаар. Энэ бол нэг том алхам. Дэлхийн хамгийн том тэнгис-нуурыг Арал тэнгисийн араас тавиад туу чихгүйн тулд дэлхий нийтээр нэгдэх ёстой.
Э.Хана