Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумд өчигдөр 05.00 цагийн үед цас оржээ. Зуны эхэн сар хэдийн гарсан ч ихэнх нутгаар цаг агаар дулаарахгүй, салхи шуургатай, уулархаг нутгаараа нойтон цас орж, сэрүүхэн өдрүүд үргэлжилж буй. Тэгвэл бороо ороосой хэмээн хүлээж байтал цас орсон талаар Есөнзүйл сумын иргэд цахим орчинд хуваалцсан байна. Цас үүрээр орж эхэлсэн бөгөөд 07.00 цагт ч бударч буй талаар бичжээ. Цасны зузаан 10-15 см-т хүрсэн гэнэ. Энэ талаар цаг уурын байгууллагаас тодруулахад “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хужирт, Баян-Өндөр зэрэг хэд хэдэн сумд цас орсон. Есөнзүйлд цас арай ахиу оржээ. Мөн Дундговийн Эрдэнэдалайд ч бас цас орсон. Эхлээд бороо орж байгаад нойтон цас унасан байна. Ихэнх нутгаар шөнөдөө хасах хэмтэй хонож байна. Өчигдөр шөнө гэхэд Улаанбаатар хотод Тэрэлж орчимд таван хэмийн хүйтэн өнжлөө. Чийг ихтэй, шөнөдөө нэмэх хэмд шилжвэл ургамлын гарц сайн байдаг. Гэтэл ихэнх газруудад шөнөдөө хасах хэмтэй тул ургамал ургах таатай нөхцөл бүрдэхгүй байна” гэв.
Мөн зургаадугаар сард цас орох нь цаг агаарын хувьд байж болох үзэгдэл бөгөөд долоодугаар сартай харьцуулахад боломж хамаагүй их гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн. Урьд нь долоодугаар сард Солонготын даваа болон уулархаг нутагт нойтон цас орж байв. Ташрамд, энэ сарын 4, 5, 6-нд ихэнх нутгаар бороо орж, уулархаг газарт дөрвөн хэмийн хүйтэн байх нь. Харин 6-наас эхлэн Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай зэрэг баруун аймгийн нутагт шөнөдөө 8-13 хэм хүрч, дулаарах аж.
Ч.Цэлмэг