Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал үе үеийн цэрэг эрсийн эх орон ард түмэндээ өргөсөн тангарагт албаны үнэнчийн баталгаа болдог билээ. Олон зууны тэртээгээс төрт улсынхаа тооныг өргөж, баганыг тулсан эр цэргүүдээрээ эх орон нь бахархдаг, аюул тулгарсан цагт эрэлхэг хөвгүүдийнхээ баатарлаг үйлсээр хүнд бэрхийг итгэл төгс даван туулдаг нь эх орны тулганы гал эр цэргүүдийн цээжинд дүрэлздэгийн мөнхийн гэрч юм. Хээр талд адуу унагалж, хөдөө хотгүй хүү мэндэлж, эр цэргүүд үе үеэрээ өсөж өндийнө. Монгол Улс мөнхөд оршин тогтнохын тулганы чулуу хөх толбот хөвгүүдийн үргэлжлэл өнөөдөр тусгаар улсаа туглан дарцаглаж байна.
Цэргийн даргын тухай өгүүлнэ гэдэг маань угтаа орчин цагийн монгол цэргийн түүхэнд Говь-Алтай аймгаас төрсөн цэргийн зүтгэлтэн, цэргийн дээд цолтон генералууд Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штаб (ЗХЖШ)-ын дарга, төрлийн цэргийн командлагч, зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний хариуцлагатай албыг нэр төртэй хашиж байсан, хашсаар буй билээ. Ингэж омогшин бичихийн учир хамгийн олон генералтай аймаг Говь-Алтай юм. Засагт ханы зангарагтай хөх эрчүүдийн нэг нь хошууч генерал Я.Чойжамц. Тэр бээр Батлан хамгаалах яам (БХЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга, ЗХЖШ-ын дэд дарга бөгөөд Энхийг дэмжих хамтын ажиллагааны газрын дарга, Үндэсний батлан хамгаалахын их сургууль (ҮБХИС)ийн захирал зэрэг цэргийн хүний хүрч ажиллах нэн хариуцлагатай албанд томилогдон ажилласан, цэргийн хэргийн дээд түвшний мэдлэг, чадвартай шалгарсан сэхээтэн байлаа. Цэргийн даргыг цэргүүдийн дунд цэргийн хуаран хүмүү жүүлж, сургаж төлөвшүүлдэг. Цэргийн сургууль төгсөж, цэргийн анги, салбарт ажиллахдаа өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө ялж, ялгарч чадсан нь хошууч генерал Я.Чойжамц юм.
Хошууч генерал Я.Чойжамц 1956 онд ГовьАлтай аймгийн Халиун сумын Шонын хонд хэмээх газарт төрсөн юм. Энэ сумаас Монгол Улсын зургаан генерал төрсөн нь цэргийн түү хэнд бичигдэх ховор үзэгдэл гэдгийг хэлэхэд илүүдэх юун. Сод зохиолч Л.Түдэвийн төрсөн бууцны дөрвөн талын их уулсын энгэрт төрийн дөрвөн генерал төрсөн гэх содон тохиолдол мөнөөх Халиун сумд юм шүү. Я.Чойжамц 1978 онд Цэргийн ерөнхий дээд сургуулийг ерөнхий цэргийн командын мэргэжлээр төгсөөд “хээрийн академи” гэгдэх Зүүнбаянд салааны захирагчаар цэргийн хүний хүнд бэрх, шантаршгүй хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Цэргийн даргын намтарт шат дараалсан албан тушаалд ажиллаж, цэргийн шат дараалсан сургууль төгссөн гэж бичигддэг, Я.Чойжамц ч ялгаагүй ийм л зарчим, энэ л замаар өгссөн эгэл нэгэн офицер юм шүү дээ.
Дагестаны суут яруу найрагч Расул Гамзатов Зөвлөлтийн утга зохиолын музейд зочлоход түү ний хөрөг зураг музейн хананд, гэхдээ таазанд тулсан өндөрт байхыг хараад “Би тэр дээрээс бууж ирээд та нарын дунд зогсоогүй юм шүү, би та нарынхаа дундаас тэр дээр очсон юм шүү” гэж даруухан атлаа тун ч энгийн, тун ч ухаалгаар хэлсэн байдаг. Я.Чойжамц үе тэнгийн сонсогчдынхоо эгнээнээс, үр хүүхэд шигээ цэргүүдийнхээ дундаас генерал цол хүртэж, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж, АНУ-ын Төвийн командлалын дэргэд суух үндэсний ахлах төлөөлөгчөөр ажилласан юм. Дээр эш татсан үгтэй Я.Чойжамцын ажил, хөдөлмөрийн замнал агаар нэгэн сонсогдож байгаа биз. Аливаа амжилтын үндэс, оргилд хү рэх зам доороосоо дээш ороомог байдлаар үргэлжилдэг. Бэлээс оргил руу татсан шулуун зам гэж үгүй. Нэгэнт шулуун биш замд ээдрээ, бүдрээ, алдаа оноо, ухралт, гацаа байх нь дамжиггүй, тэр бүхнийг тойрч биш, туулж гарах сэтгэлийн хат Я.Чойжамцад байсан нь эргэлзээгүй л дээ. Сэтгэлийн тийм хат түүнд байгаагүй ч юм бил үү, хэн мэдлээ. Сэтгэлийн хатыг сэхээрч, ухаарсан хүн нугаршгүй ган мэт өөртөө суулгадаг орчин бол цэргийн анги, цэргийн хуаран. Хошууч генерал Я.Чойжамц “Хүүхэд л байлаа шүү дээ, арми намайг хүн болгосон” гэж нэгэнтээ ярьж байв.
Өнгөрсөн зууны дал, наяад оны цэргийнхэн хүйтэн дайны сүүдэр дор түргэний сомданаа дэрлээд хэзээ мөдгүй түгшүүр дуугарахад гэрээс годхийн гарахад бэлэн бараг сэрүүн хонодог байсан гэх яриа бий. Үнэхээр ч тэр цагт байлдааны бэлэн байдал гэдэг цэргийнхний амин сүнс нь байлаа. Чухам үүнд л бие бялдрын болон улс төрийн өндөр сонор сэрэмжтэй байхыг Я.Чойжамцын үеийнхэн туулсан даа. Өглөө гэрээс гараад орой эргэж ирэх, ирэхгүй нь мэдэгдэхгүй тийм өдөр хоногуудыг эр цэргийн хатуужил, тэвчээрээр туулдаг байсан, тэр зан чанар нь ч манай зэвсэгт хүчний ахмад үеийнхнээс өвлөгдөн өнөөгийн цэргийнхний үйл хэрэгт үлгэр дуурайл болсон, үүнийг ахмад үеийн дай чин баатарлаг уламжлалаас суралцах гэнэ, ийм л уламжлал цэргийнхний одоо, ирээдүйг холбодог юм. “Үүрэг бол үүрэг, ухрах газар байхгүй” гэж Я.Чойжамц нэгэн тохиолдлыг ярьсан юм.
Дэлхийн цэрэг улс төрийн байдал нэн ээдрээтэй байсан 1979 онд зэвсэгт хүчний түүхэнд хамгийн том хэмээн тодотгон бичигдсэн МонголЗөвлөлтийн зэвсэгт хүчний хамтарсан “Найрамдал-79” нэртэй өргөн хэмжээний маневр-хээрийн сургууль өмнөд хөршийн хил орчимд өргөн фронтоор явагдсан юм. Хоёр улсын хорин мянга орчим хүнтэй тухайн үедээ цөмийн зэвсгээс бусад бүх төрлийн зэвсэгтэй энэ хээрийн сургуулийн дараа зэвсэгт хүчнийг өргөтгөн зохион байгуулах, орчин цагийн зэвсэг техникээр дээрх жишээ илтгэнэ. “Бидний үед ажил маань хуаранд биш, хээрийн майханд өрнөнө. Зарим үед сард гэртээ гурав, дөрөв л хонодог байлаа. Энхийн цагт хөлс хэчнээн их гаргана, дайны талбарт цус бага асгарна гэдэг бичигдээгүй “хууль” манай үеийнхний мөрдлөг, заавал биелүүлэх зарчим байлаа. Танхимд сонссон онол, хээрийн дадлага хоёр хослоод ирэхээр хаана ч, хэнтэй ч дайтсан ялах итгэл үнэмшил аандаа төрнө, үүнд л хээрийн гаралтын үр дүн, ач холбогдол оршиж байлаа шүү дээ” гэж залуу насныхаа ажил хөдөлмөрт итгэлтэй ярьж байсан нь мэргэжлээ гартаа бат атгасан хүний үг л дээ. Түүний цэргийн хөдөлмөрийн замналын дунд үе нь нийгмийн шилжилтийн цоо шинэ үетэй давхцаж, батлан хамгаалах бодлого үйл ажиллагааг шинэчлэх, түүний эрх зүйн үндсийг бүрдүүлэх, зэвсэгт хүчнийг шинэчлэн өөрчлөх үйл явцад хамтран зүтгэгч, журмын нөхдийн хамт оройлон оролцож, салбарын олон хуулийн төсөл боловсруулж, батлуулахад оюун ухаан, цэргийн хэргийн мэдлэг боловсролоороо жинтэй хувь нэмэр оруулсан нэгэн. Энэ үедээ цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх сургалтын тогтолцоог боловсронгуй болгоход мэдлэг, чадвараа дайчлан ажилласан юм. Дараа нь монгол цэргийг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж, дэлхийн жишигт хүргэхэд ухамсарт амьдралаа бүрнээ зориулсан нэгэн.
Цэргийн цол, цэргийн хүний бахархал, бас хийж бүтээхийн эрч хүч болдог. Үеийнхнээсээ түрүүлж дараагийн цолыг хүртсэн Я.Чойжамц ангидаа ротын захирагчаар дэвшиж, улмаар ангийн тагнуулын дарга, мотобуудлагын батальоны захирагчаар томилогдон ажиллахдаа нэг зүйлийг мэдэрч, түүнийхээ төлөө мятаршгүй хөдөлмөрлөжээ. Энэ нь суралцах, өөрийгөө хөгжүүлэх байв. Магадгүй үе тэнгийнхнээсээ үүнийг түрүүлж ухаарч, тэмүүлсэн нь түүний амжилтын үндэс болсон байж мэднэ. Үдэш оройн, ажлын зав чөлөөгөөр орос хэлийг шамдан судалж, шалгалт шүүлгийг торолгүй давж ЗХУ-ын цэргийн нэр хүндтэй М.Фрунзийн нэрэмжит Ерөнхий цэргийн академид суралцан команд-штаб, оператив тактикийн мэргэжлээр төгсөж, мөнөөх л “хээрийн академи” хэмээх алдарт Зүүнбаянд хоёр дахь удаагаа томилогдон 169 дүгээр ангийн захирагчаар ажиллажээ. Цэргийн академи төгссөн нь суралцахын хязгаар биш, ердөө л гараа байсан гэдгийг Я.Чойжамц цааш цаашдын ажил, үйлсээрээ харуулсан даа. “Намайг салаа, салбарын захирагчаар ажиллаж байхад нэг ч цэрэг нэгнээ алгадаагүй, нэг ч цэрэг оргож босоогүй. Бараг үе тэнгийн юм чинь би тэдний дотор орсон юм шиг, тэд миний дотор орсон юм шиг ойлголцдог байлаа, нэг ёсондоо найзууд л даа” гэж нэгэнтээ хэлсэн нь хүн хүнтэйгээ ойлголцож, нэг нэгэндээ итгэж нөхөрлөхийг хэлсэн хэрэг.
Нийгмийн харилцааны шилжилтийн гараанд батлан хамгаалах бодлого, үзэл баримтлал, зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтад шинэч лэл эхэлсэн он жилүүдэд Цэргийн их сургуулийг түшиглэн цэргийн удирдах бүрэлдэхүүнийг дотооддоо бэлтгэх академик сургалт явуулах Оперативын факультетийг байгуулахад Я.Чойжамц орлогч дарга, даргаар ажиллаж, цэргийн дээд түвшний үндэсний боловсон хүчнийг бэлтгэхэд мэдлэг боловсролоо дайчлан ажиллахын зэрэгцээ өөрөө гадаад хэл, орчин цагийн цэргийн урлагийн дэлхийн түвшний мэдлэг, дадлагыг нубайгаагаас тод харагдах буй за.
Орос, англи, герман хэлний мэдлэгтэй, оюуны шавхагдашгүй нөөц, онцгой бядтай тэрбээр АНУ-ын Батлан хамгаалах нөөцийн менежментийн институт, Англи, Италид Энхийг сахиулах болон Хүмүүнлэгийн дамжаа төгссөн цаг үе нь Монгол цэрэг НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцохтой давхацсан бөгөөд энэ чиглэлээр бэлтгэгдсэн, цэргийн хэргийн болон цэргийн гадаад харилцааны дэлхийн цонх руу харах биш, тэр цонхоор гүн рүү нь нэвтэрсэн хүний хувьд энхийг сахиулах ажиллагааны эхлэлийг тавьж, хөгжүүлэн бэхжүүлэхэд цэргийн замналынхаа нэлээд хугацааг зарцуулсан юм. Энхийг сахиулагчдын “загалмайлсан эцэг” гэгддэг хошууч генерал Г.Раг чаатай хамтран ажиллаж богино хугацаанд Монгол Улсын зэвсэгт хүчнээс цэргийн багийг “Иракийн эрх чөлөө” олон улсын ажиллагаа, Афганистаны “Үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр”-т цэргийн болон сургалтын баг илгээх, олон улсын цаашлаад дэлхийн түвшний үйлсийг хэрэгжүүлж, монгол цэргийг дэлхийн цэрэг болгож чадсан түүхэн гавьяатайг өнөөгийн зэвсэгт хүчний энхийг сахиулагчид бахархан хүндэлдэг юм.
Аливаа үйлс санасандаа хүрээд зогсох нь тайвшрал байдаг. Ирак, Афганистанд цөөн тооны бүрэлдэхүүнтэй цэргийн баг илгээж, олон улсын түвшинд монгол цэрэг танигдсаны дараагийн алхам нь НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд батальоны хэмжээний томоохон цэргийн баг илгээх нь манай зэвсэгт хүчний нэн тэргүүнд хэрэгжүүлэх асар том зорилт байв. Батальоны хэмжээний цэргийг энхийн үйлсэд сургаж бэлтгэх, дадлагажуулах, тэднийг хувцас, нэг бүрийн хэрэгслээр хангах гээд асар их ажлыг эх орондоо гүйцэлдүүлэхийн зэрэгцээ дэлхийн чухам аль халуун цэгт монгол цэрэг үүрэг гүйцэтгэж болохыг Я.Чойжамц идэвхтэй эрэлхийлж, Африкийн Сьерра Леон Улсад туршуулын хэсгээр хурандаа И.Батболдын хамт очиж, тэндхийн африк дундын тусгай шүүхийн харуул, хамгаалалтын байдалтай газар дээр нь танилцаж, газар оронтойгоо богино хугацаанд дасан зохицох чадварыг судалж, НҮБ-ын шалгуурт тэнцсэн цэргийн багийн сургалтыг зохион байгуулсан. Улмаар 250 хүний бүрэлдэхүүнтэй багийг 11 удаа илгээсэн юм. Хошууч генерал Я.Чойжамцын гар бие оролцон зүтгэсэн энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээх үйл хэрэг улам өргөжин тэлж, өдгөө БНӨСУ-д 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийг жилийн хугацаатайгаар 15 удаа илгээсэн, өнөө ч үргэлжилж буй билээ. Анги, салбар бү рээс залуусыг шалгаруулан авч, цэргийн баг бүрдүүлдэг байх үед “Манайд энхийг сахиулах чиглэлээр дагнасан, мэргэжлийн анги хэрэгтэй” гэж яам, тамгын газраар төсөл хөтөлбөр барьж, хөөцөлдсөөр мөн л богино хугацаанд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийг байгуулсан нь англи хэлний сургалтын төвтэй, энхийг сахиулагчдыг сургаж бэлтгэх цөм болж төлөвшсөн нь бахархалтай.
Голыг нь олж, ноён нуруутай, байгаагаар нь багцаатай хэлнэ гэж өвгөчүүл ярьдаг даа. Хоёр тийшээ хэт туйлширч, өнөө голыг нь хоосон орхих нь элбэгшсэн цаг дор ноён нуруутай хүнийг бөгтөр болгох вий гэж эмээж л байна. “Даруухан, үнэнч, шударга, туйлын хөдөлмөрч, хамт олондоо хамгийн нэр хүндтэй” энэ тэр гэсэн хоосон хөндий, тодорхойлолтод байдаг л жижүүрийн хэдэн үгс түүнд зохихгүй. Эдгээр үгс түүнийг тодотгож чадахгүй, харин ч бүдгэрүүлж үлбэгэр нэгэн харагдуулах биз. Хэлбэрдэх, албархуу үгээр цэцлэх нь түүнд харш юм. Цэргийн дарга хөмсөг зангидсан ширүүн төрхтэй, чанга дуутай, харсан хүн сүрдмээр байдаг гэх ойлголт өнөө хэр байсаар л. Я.Чойжамцын хувьд энэ ойлголт эсрэгээрээ. Бие бялдар өв тэгш, байгалиас заяасан өгөгдлөө амьдрал, насан туршдаа өөрчлөөгүй тэрбээр хаа ч явсан нүүр дүүрэн инээмсэглэл тодруулж, хүн бүрийг хүн байна гэсэн дотно сэтгэлээр харилцдаг аядуу зөөлөн ааштай нэгэн байлаа. Алдар цол, албан тушаал хүнийг өөрчилдөг гэдэг ч өөрчилдөггүй юм гэдгийг хошууч генерал Я.Чойжамц амьдрал, үйл хэргээрээ батлаад л, үүнийгээ ойр тойрныхныхоо зүрх сэтгэлд шингээгээд л буцсан даа. Эрээнцавын эвдрээгүй найрагч гэдэг шиг Халиуны хазайгаагүй генерал юм шүү.
“Хоцрогдол бол цэргийн хүний хувьд ялагдал. Зэвсэгт хүчинд хорь гаруй жил ажиллаж яваа би дөнгөж сая сургууль төгссөн идэрхэн дэслэгчээс хоцорч болохгүй, ижил түвшинд байх ёстой. Тэдний уншдагийг уншиж, сонсдог дуу хөгжмийг сонсож, тэдэнтэй хамт спортоор хичээллэж, өрсөлдөж, тэдэнтэй нэгэн агаараар амьсгалж, ижил түвшинд сэтгэдэг байх ёстой.” Бүх цэргийн төв хэвлэл “Соёмбо” сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа ингэж хэлснийг дамжуулахад үг олдож, үхэр холдохыг таслан зогсоох нь дамжиггүй. Я.Чойжамцын ажлын нэг арга барил, онцлог нь залуу офицеруудыг дэмжиж, тэдний санаа бодлыг сонсож, бүр хамтран ажилладагт оршдог байв уу гэж би боддог юм. Цэргийн тэтгэвэрт гараад хэдэн жилийг үдэж байхад нь түүнтэй ҮБХИС-ийн хашаанд таарав. Хэд, хэдэн хичээл хэрхэн явагдаж байгааг сонирхлоо, залуу багш нартай уулзлаа гээд, тэтгэвэрт гарсан офицерууд таг чиг алга болчхож болохгүй, хөөгдчихөж байгаа юм биш. Тэтгэвэрт гарсан офицеруудын толгойд зэвсэгт хүчний нэгэн үеийн амьдрал, алдаа оноо, арга барил яваа шүү дээ, уудалж өвлөж авах учиртай байхгүй юу, би хуарандаа, залуусынхаа оюун тархинд юу үлдээсэн билээ гэдгээ санаж, эргэж тойрч, залуустай уулзаж учирч байх хэрэгтэй гэж ярьсан юм шүү. Үүнийг эргэх холбоо, уулзалт энэ тэр гэхээсээ илүүтэй цэрэг, армиа гэсэн чин сэтгэл, ирээдүйдээ санаа тавьсан ахмад үеийн анхаарал гэвэл зохилтой. Тэр ийм л ууч холын бодлоор улс армиа гэж явсан, ясны цэргийн дарга л даа.
“Хамгийн сайн армийн ялгаа нь дарга нар нь цэргүүдийнхээ дунд байх. Дарга нар нь цэргүүдтэйгээ хамт байсан арми ялдаг, цэргүүдээ хөөж явуулаад дарга нь ард үлдсэн арми ялагддаг” гэж Оросын нэг жанжин хэлсэн нь бий. Энэ үгний цаад утгыг цэргийн дарга бүр угт нь хүртэл тэмтрэх нь зүйд нийцэх байлгүй. Я.Чойжамц алаг хонгор зүстэй, 18 настайдаа цэргийн тангараг өргөсөн эх орны эгэл цэрэг юм. “Цэргийн дарга цэргийн дундаас тодордог” гэсэн хэлц үгийг тэрбээр баталсан нь дээр татсан эш үгтэй яв цав тохирно. Энд тэндгүй тааралддаг борог өвс шиг эгэл жирийн атлаа энгүй холын ухаан, эрчилсэн эрчим хүчийг эргэн тойрондоо түгээж явдаг монгол эрчүүдийн нэг бол маргах юмгүй Я.Чойжамц. Бидний дунд бие нь үгүй ч билгийн гал нь ой тойнд он удаанаар дүрэлзэн ассан энэ эрхмийн үйл хэрэг үргэлжлэн ундарсаар л.
Би түүнтэй Төрийн ордонд, тансаг хүлээн авалтад таарч байсангүй. Ердөө л цэргийн хуаранд, хээрийн майханд, ачааны машины тэвшин дээр, говийн элсэн дунд хаа тааралдсан гэх вэ. Байх л ёстой газар маань тэр гэсэн аятай, харин ч инээд алдан цэргүүдийн дунд явдаг сан. 2008 оны идэр есийн хүйтэн тачигнасан өдрүүдэд Сьерра Леонд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн V ээлж Тавантолгой дахь сургалтын төвд бэлтгэлд гараад байлаа. Төө хэрийн зузаан цасыг малтаж байж майхнаа шийрлэж, идэр залуусын амьсгалаар майхнаа дулаацуулж байсан үед манай цэргийн багийн бэлтгэлийн явцтай танилцсан хошууч генерал Я.Чойжамц хээрийн ногоон майханд цэргүүдийнхээ дунд сууж, уур савсуулан онигоо ярьж, цэргүүдтэйгээ хамт хөхрөлдөж, сэнжтэй сиян аяганаас хар цай ууж суусан тэр мөчийг би тодхон санаж байна. Тэрбээр хошууч генерал боловч цэргүүдийнхээ дунд цэрэг л байсан шүү. Алаг дэлхийн бөөрөнд алсын нутагт энхийг сахиулж явсан, яваа цэргүүддээ Алтай шигээ нөмөртэй, алтан мөрдөстөн билээ л.
П.Батнайрамдал