Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийн түвшин энэ оны эхний улирлын байдлаар 57 хувь болж, өмнөх оны мөн үеэс 1.7 нэгжээр буурсан байна. 2023 оны дөрөвдүгээр улирлаас хойш 2.8 нэгж хувь хүртэл өсөж байсан энэхүү үзүүлэлт өнгөрсөн жилийн хагасаас буурах хандлагатай болжээ. Харин нөгөө талд ажилгүйдлийн түвшин 5.7 хувь болж, 0.3 нэгж хувиар өсөв. 80 мянга гаруй ажилгүй иргэний 44 хувь нь “Ажил хайгаад олдохгүй байна” гэсэн шалтгаан хэлдэг бол 12 хувь нь улирлаас хамаарсан ажилтай гэжээ.
Ажиллах хүчний оролцооны түвшин 60.4 хувь буюу 1.4 сая иргэн хөдөлмөр эрхэлж байгаа нь сүүлийн гурван жилийн хамгийн доод үзүүлэлт болж байна. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээ бүрэн хангагдаагүй байдлыг илэрхийлдэг хөдөлмөрийн дутуу ашиглалтын түвшин 8.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 1.3 нэгж хувиар өсжээ. Нийт ажиллагчдын 52.6 хувь нь үйлчилгээний салбарт, 24.3 хувь нь хөдөө аж ахуй, 23.1 хувь нь аж үйлдвэр, барилгын салбарт ажиллаж байна. Өмнөх оны мөн үеэс боловсрол, уул уурхайн салбарт ажиллагчдын тоо нэмэгдсэн бол боловсруулах үйлдвэр, тээвэр, хөдөө аж ахуйн салбарт ажиллагчид буурсан гэнэ. 2027 онд Засгийн газар иргэдийн хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах зорилтын хүрээнд эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, залуучуудыг “бай”-гаа болгон сонгож, түлхүү дэмжихээр болжээ.
Г.Сансар