Улаанбаатар хот өдгөө утаа, түгжрэл, хөрсний бохирдол гэсэн гурван том “чөтгөрийн тойрог”-т хүлэгдчихээд байна. Өвөлдөө нүүрсний утаагаар амьсгалж, зундаа хөрсний бохирдлын дунд “тарчилсаар” нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх үндсэн эрх хэдийн зөрчигдсөн. Утааны тухай ярихаар бид түүхий нүүрсний тортог, автомашины яндангаас ялгарах утааг голчлон буруутгаж сурчээ. Гэтэл гэр хорооллын гудамж, хашааны булан тохойд нүүрсний утаанаас ч дутахгүй хорлонтой, хүний биеийг дотроос нь чимээгүй хөнөөх “гамшиг” байгаа нь хуучин хувцас, хэрэгсэл, ахуйн хаягдлаа ил задгай шатаах явдал юм. Гэр хорооллын айл өрхүүд хог ачуулах гэж олон хоног хүлээдэг, төвлөрсөн цэг нь хол байдаг зэрэг шалтгаанаар шатаахыг урьтал болгодог ч энэ нь хамгийн залхуу бөгөөд хортой арга аж.
Хачирхалтай нь, хог хаягдлаа ийнхүү шатаах бүдүүлэг зан үйл зөвхөн гэр хорооллоор хязгаарлагдахаа больж, орчин үеийн хотын соёлд “үйлчилгээ” нэрээр шургалжээ. Сүүлийн үед нас барагсдын болон хуучин хувцас, эд хэрэглэлийг шатааж өгдөг үйлчилгээ борооны дараах мөөг шиг олширсон. Хүмүүс ч хувцсаа баглаж аваачаад, килограммыг нь 10-20 мянган төгрөгөөр шатаалгадаг. Гэвч үнэндээ энэ нь өөрсдийгөө болон эргэн тойрноо асар хөнөөлтэй химийн бодисоор утаж буй хэрэг гэдгийг төдийлөн мэддэггүй аж.
СИНТЕТИК МАТЕРИАЛТАЙ ХУВЦСЫГ ШАТААХАД 200 ТӨРЛИЙН ХОРТ БОДИС ЯЛГАРДАГ
Амьдралд ойр нэгэн жишээ дурдахад, зуны улиралд хүмүүс модны нүүрсэн дээр шорлог хийж иддэг. Гэтэл махны тос гал дээр дусахад гардаг утаанд хүртэл хорт хавдар үүсгэх эрсдэлтэй полициклик үнэрт нүүрс устөрөгч агуулагддагийг ДЭМБ болон олон улсын судалгаанууд тогтоосон. Цэвэр мод, нүүрс, махнаас гарч буй утаа хүртэл ийм эрсдэлтэй байхад хуванцар сав, синтетик хувцас, ахуйн хог шатаахад ямар хэмжээний хор ялгарах нь ойлгомжтой.
Өнөө цагт бидний өмсөж буй хувцас, хэрэгсэл 100 жилийн өмнөх шиг цэвэр даавуу, байгалийн түүхий эд байхаа больсон. Таны өмсөж байгаа хувцасны шошгыг харвал ихэнх нь полиэстер, акрил, нейлон зэрэг нийлэг материалаар хийгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь даавуу шиг харагддаг хуванцар, нефтийн дайвар бүтээгдэхүүн гэсэн үг. Дээр нь тэдгээрийг өнгө оруулах зорилгоор химийн хүнд металлтай будаг, бэхжүүлэгч цавуу, пластик элементүүдийг ихээр ашигладаг юм байна. Улмаар үүнийг шатаах явцад 200 гаруй төрлийн химийн нэгдэл ялгардаг гэнэ. Тухайлбал, дэлхий дээрх хамгийн аюултай хорт хий гэгддэг диоксин, фуранаас эхлээд нарийн ширхэгт тоосонцор (PM2.5, PM10), нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын исэл болон бусад хүчиллэг хий агаарт цацагддаг аж. Эдгээр бодис нь урт хугацаандаа хавдар, зүрх судасны өвчин, үргүйдэл, дутуу төрөх болон ураг зулбах эрсдэлийг үлэмж нэмэгдүүлдгийг шинжлэх ухаанаар тогтоожээ.
ХАРАГДАХГҮЙ БАЙХ ТУСМАА ИЛҮҮ ХОРТОЙ
Хашаандаа хог шатааж байгаа хүмүүс, эсвэл хувцас устгах үйлчилгээ авч буй иргэд хоггүй цэвэрхэн болчихлоо гэж өөрсдийгөө хуурдаг. Гэвч тэд хогоо устгаагүй, зүгээр л хий хэлбэрт шилжүүлээд, өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ уушгинд “юүлчхэж” байна гэсэн үг. Нүдэнд харагдахгүй л бол боллоо гэх амиа хичээсэн, сэтгэлгээний төлөөсийг бид хайртай хүмүүсийнхээ эрүүл мэнд, амиар сольдог нь харамсалтай. Гэтэл утаа нүдэнд үзэгдэхгүй болох тусам илүү хортой гэнэ.
Хог шатаах үед ялгардаг хамгийн хортой бодисын нэг бол диоксин. Энэхүү бодис нь хүний биед хуримтлагдаж, тунгалгийн тогтолцооны хавдар, элэг, ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг олон улсын судалгаанууд нотолжээ. Италийн эрдэмтэн Андреа Ранзи тэргүүтэй судлаачийн хийсэн судалгаагаар хог шатаах байгууламжийн ойролцоо амьдардаг хүмүүсийн өвчлөл, нас баралтын түвшин өндөр байдаг аж.
Мөн хүйтэн агаарын нөлөөгөөр ил задгай галын утаа дээшээ бүрэн сарниж чаддаггүй. Ялангуяа сэрүүн өдөр, салхи багатай үед утаа газрын гадарга орчимд тогтож, хүний амьсгалах түвшинд үлддэг байна. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд тоглож буй орчиндоо тэрхүү хорт агаараар хамгийн ихээр амьсгалдаг гэсэн үг. Үүний үр дүнд багачуудын дунд астма, харшил, уушгины үрэвсэл зэрэг өвчин нэмэгдсээр байна.
Асуудал зөвхөн агаараар дуусахгүй. Шатсан хогийн үнсэнд хүнд металл, хоруу чанартай бодисууд үлддэг. Үүнийг хөрсөнд асгах үед ногоо, ургамал, малын тэжээлээр дамжин хүнсэнд нэвчдэг. Өөрөөр хэлбэл, бид өнөөдөр шатаасан хогийнхоо үлдэгдлийг маргааш нь хоолныхоо ширээнд эргүүлэн тавьдаг гэсэн үг.
ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ НЬ ЗӨВ ШИЙДЭЛ МӨН ҮҮ
Хотын удирдлагууд эл асуудлыг шийдвэрлэхээр илүү аймшигтай, урт хугацааны “урхи” бэлдэж эхэлсэн нь хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төсөл юм. Нийслэлийн ИТХ-ын 2025 оны тавдугаар сарын 27-ны ээлжит бус VI хуралдаанаар эл үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар шийдвэрлэсэн. Уг төслийг Хан-Уул дүүргийн Морингийн давааны 10 га талбайд байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өдөрт 1200-1500 тонн (жилд 1.5 сая тонн) хог шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэхээр тооцжээ. Төслийг 2025-2028 онд хэрэгжүүлэхэд нийт 199 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ.
Мэдээж орчин үеийн технологитой, өндөр шүүлтүүртэй хог шатаах үйлдвэрүүд дэлхийд бий. Зарим улс хог булшлах газрын метан хийг бууруулах зорилгоор ийм технологи ашигладаг. Гэвч энэ нь маш өндөр өртөгтэй бөгөөд хатуу хяналт, нарийн стандарт шаарддаг аж. Харин Монголын нөхцөлд хамгийн том эрсдэл нь хяналт, шүүлтүүрийн тогтолцоо, үнс хадгалах дэд бүтэц хангалттай, эсэх асуудал юм. Хог шатаах үйлдвэрийн зуухнаас үлдэх үнс нь аюултай хог хаягдалд тооцогддог. Судалгаагаар дөрвөн тонн хог шатаахад ойролцоогоор нэг тонн үнс гардаг байна. Тэгвэл жилд хэдэн зуун мянган тонн хог шатаасны дараах хорт үнсийг хаана, хэрхэн хадгалах вэ гэдэг асуулт гарна.
Нөгөө талдаа хог шатааж гаргасан цахилгаан нь сэргээгдэх эрчим хүч биш аж. Зардлын хувьд ч нар, салхины эрчим хүчнээс өндөр өртөгтэй. Хог шатаах байгууламжийн ашиглалтын болон шүүлтүүр солих зардал ч маш өндөр тул Засгийн газрууд болон хотууд урт хугацааны өрийн “түгжээ”-нд ордог. Үүнээс гадна ийм үйлдвэрүүдийг тогтвортой ажиллуулахын тулд хот байнга их хэмжээний хог “үйлдвэрлэх” шаардлагатай болдог гэнэ. Үндсэндээ хөгжингүй орнуудад хэдийн татгалзсан, хор уршгийг нь мэдэрсэн технологи руу Монгол Улс төр, хувийн хэвшлийн түншлэлийн урт хугацааны гэрээ нэрээр орж байгаа нь эдийн засгийн хувьд ч асар том дарамт үзүүлж болзошгүйг салбарын мэргэжилтнүүд нь анхааруулсаар.
ДЭЛХИЙ “ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧИМ”-Д ШИЛЖИЖ БАЙНА
Өдгөө дэлхийн олон улс “Тэг хаягдлын бодлого”-д шилжиж байна. Европын холбооны орнууд болон Япон, БНСУ зэрэг улс хог ангилан ялгах, дахин боловсруулах, хэрэглээгээ бууруулах тогтолцоог эрчимтэй хөгжүүлж байна. Жишээлбэл, Японы Камикацу хотын иргэд хог хаягдлаа төрөл төрлөөр нь угааж, ангилан, дахин боловсруулах төвдөө өөрсдөө хүргэж өгдөг. Энэхүү хариуцлагатай тогтолцооны үр дүнд тус хот нийт хог хаягдлынхаа 81 хувийг дахин боловсруулж байна. Гэхдээ тэд анхнаасаа ийм байгаагүй. Камикацучууд 1990-ээд онд хог шатааж, эрчим хүч гаргах жижиг байгууламж барьсан ч үүнээс ялгарсан диоксины хэмжээ хүний эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэсэн тул үйлдвэрийн үйл ажиллагааг хуулиар хоригложээ. Улмаар 2003 онд “2020 он гэхэд тэг хаягдалтай хот болно” гэсэн зоригтой шийдвэр гаргаж, үүнийгээ ч биелүүлж чадсан байна.
Монгол Улс ч мөн адил хог хаягдлын асуудлаа галд “даатгах” бус, ангилан ялгах, дахин боловсруулах, ухаалаг хэрэглээг дэмжих тогтолцоонд шилжихээс өөр гарцгүй. Нийслэлд жилд дунджаар 1.2 сая тонн хог гардаг бөгөөд нэг иргэн өдөрт 0.8-1 килограмм хог тасралтгүй “үйлдвэрлэдэг” гэсэн тооцоо бий. Гэтэл өнөөдөр бид Улаанчулуут, Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн цэгт хогийг зөвхөн дарж булшлах хуучин аргаар “зохицуулсаар” сууна.
Хамгийн аюултай нь манай төвлөрсөн хогийн цэгүүд бүгд хотынхоо салхин дээр байрладаг. Тэгсэн атлаа “хогийн цэг шатлаа” гэх мэдээ тасрахаа болив. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт Улаанчулуутын хогийн цэгт томоохон гал гарсныг уншигчид санаж буй байх. Ил задгай шатсан тэр их хог хаягдлын хорт утаа, химийн нэгдэл салхиар дамжин улаанбаатарчуудын уушгинд шууд хүрсэн нь гашуун үнэн. Товчхондоо, бид хуучин хувцас, ахуйн хаягдлаа шатааж устгадаг бүдүүлэг зан үйлээ “соёл” гэж андуурахаа зогсоох цаг болжээ. “Нүднээс далд орвол алга болчихдог” гэх өрөөсгөл сэтгэлгээнээсээ салж, “Тэг хаягдлын зарчим”-д шилжих шаардлагатай байна. Тиймээс өндөр өртөгтэй, хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барихаар улайрахын оронд иргэдийг хогоо эх үүсвэр дээр нь ангилан ялгах боломж, хүртээмжтэй дэд бүтцээр хангах учиртай.
Гэвч энэ нь зөвхөн нэг хүний зүтгэлээр бүтэх зүйл биш. Хэдийгээр зарим айл өрх, орон сууцын хороолол хогоо ухамсартайгаар ангилан хаядаг ч хогийн машин өнөөхийг нь буцаагаад нэг доор нийлүүлэн ачиж, төвлөрсөн цэг рүү тээвэрлэдэг. Тэгэхээр ийм гажиг системийг өөрчлөхгүйгээр бид урагшлах боломжгүй болчхоод байна.
У.СҮРЭН