АН-ын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, тус намын дэд дарга Ч.Өнөрбаяр нар цаг үеийн асуудлаар байр суурь илэрхийллээ. Эх орноо хамгаалахаар цэргийн албанд мордсон залуус дэглүүлж, эрүүл мэнд, амь насаараа хохирсоор буйн хариуцлагыг салбарын сайдаас нь сөрөг хүчнийхэн нэхэж, улс төрийн хариуцлага тооцох шаардлагыг долоо хоногийн өмнө Ерөнхий сайдад хүргүүлсэн. Гэвч ямар ч хариу арга хэмжээ авсангүй. Энэ талаар гишүүн Л.Мөнхбаясгалан “Батлан хамгаалахын сайддаа хариуцлага тооцохгүй бол Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах шаардлага тавина” гэлээ.
Үндсэн хуулийн цэцээс Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг улираах боломжийг нээсэн шийдвэр гаргасан талаар Ч.Өнөрбаяр “Сүүлийн зургаан жилд авлигын индекс огт буурсангүй. Хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, авлигын индексийн хэрэгжилтээр Ерөнхий сайд УИХ-д тайлангаа тавих ёстой. Чадахгүй бол хариуцлагаа хүлээ” гэсэн юм. Мөн МАН-ынхан сөрөг хүчнийхэн, бизнес эрхлэгчдийг шоронгоор айлгадаг сүлжээ угсарсан, энэ бүхнээ засахгүй бол АН-ынхан үүний эсрэг улс төрийн тэмцэл хийж, гишүүдээрээ дамжуулан холбогдох хуулийн төслүүдийг санаачлах юм байна.