Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Цэнгэлдэх” хотхонд уржигдар 16.00 цагийн үед гал гарч, ихээхэн хэмжээний утаа үүсэж, хаалгаараа гарах боломжгүй болсон иргэд цонх, тагтнаасаа зүүгдсэн бичлэг цахим орчинд түгж, олон нийтийн сандаргасан. Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 63 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн нийт 70 гаруй алба хаагч гал унтраах 20 автомашин, техник хэрэгсэлтэй ажиллаж, 109 хүний утаажилтын бүсээс гаргаж, эрүүл мэндийн тусламж үзүүлжээ. Гал гарсан байрны цахилгааныг тасалсан бөгөөд өчигдөр иргэд гэртээ орсон аж.
Урьдчилсан байдлаар хотхоны цахилгаан дамжуулах хоолойноос гал гарсныг ОБЕГ-аас өчигдөр мэдээлэв. Тус газрын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, хурандаа П.Соронзонболд “Галыг тухайн өдрийн 18.20 цагт бүрэн унтраасан, айлууд руу тархаагүй. Орон сууцын 15 давхраас дээш битүү утаа үүссэн тул иргэдийг аврах ажиллагаа явуулсан. Орон сууцад тагтаар дамжиж гардаг ослын шат, мөн барилгад аврах шатны хонгил байх ёстой. Эл шат нь гал гарсан нөхцөлд өөр давхарт дамжин тархаахгүй, иргэдийг аюулгүй гаргах зориулалттай юм. Тухайн барилгад агааржуулалтын систем байсан. Гэхдээ цахилгаан дамжуулах хоолой нь шатсан учир агаар сорох төхөөрөмж нь ажиллаагүй. Гал унтраах автомашины аврах шат 32, 42 метр урттай. Ойролцоогоор 10-14 давхарт хүрэх боломжтой гэсэн үг. Мөн аврагчдыг хүчил төрөгчөөр хангах төхөөрөмжийг цэнэглэх хоёр автомашин байрлуулсан. Иргэд тагтан дээрх ослын шатаа хааж, эд хогшил байрлуулсан нь аврах ажиллагаанд саад учруулсан” гэв. Гал өртсөн иргэдийн 90 орчим хувь нь угаартсаны улмаас амиа алддагийг албаныхан хэлж байна. Иймд утаажилтын бүсээс аль болох хурдан холдож, эмх цэгцтэй, нэг эгнээгээр цувж гарах хэрэгтэй. Угаартахаас сэргийлж, цонх хаалгаа онгойлгож, чийгтэй алчуураар амаа дарахыг зөвлөв.
Ч.Болор