Сингапурт энэ сарын эхээр зохион байгуулсан Азийн шатрын лидерүүдийн чуулганд Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар “Засаглал ба шатар” сэдвээр илтгэл тавьсныхаа дараа дэлхийн хошой аварга багийн ахлагч, ХБНГУ-ын тэрбумтан Вадим Розенштэйнтэй халз тоглож, ширүүхэн өрсөлдөөний эцэст хожсон.
Түүнд хожигдсон Вадим Розенштэйн Магнус Карлсен, Фабиано Каруана, Уэсли Со, Максим Вашье-Лаграв, Ян-Кшиштоф Дуда, Хоу Ифань, Александра Констенюк зэрэг дэлхийн шилдэг их мастер цолтнуудаар бүрдүүлсэн “Оддын баг”-т нэгдэн, Хонконгод ирэх сарын 17-21-нд болох дэлхийн багийн рапид (түргэн), (түргэвчилсэн) блицийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд тоглохыг албан ёсоор урьсан. Казахстаны Алматы хотод өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон сургуулиудын ДАШТ-д Аркадий Владимирович Дворковичийн урилгаар Монголын тамирчдаа дэмжиж оролцсон юм. Тэр үеэр тус улсын шатрын холбооны ерөнхийлөгч Тимур Турлов түүнийг халз тоглолтод урьж, шатар нүүсэн байна. Тэгвэл Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Аркадий Владимирович Дворкович, Казакстаны тэрбумтан Тимур Турлов, ХБНГУ-ын тэрбумтан Вадим Розенштэйн тэргүүтэй дэлхийн шатрын лидер тоглогчдыг эх орондоо урьжээ. Тэд Улаанбаатарт энэ сарын 28-наас зургаадугаар дугаар сарын 7 хүртэл үргэлжлэх насанд хүрэгчдийн шатрын Ази тивийн АШТ-ий үеэр хүрэлцэн ирэх аж.