Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг, гэр бүлээрээ халуун дулаан дурсамж бүтээдэг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хаяанд ирлээ. Түүх сөхвөл, 1924 онд Женевт “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал батлагдаж, улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос энэ өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэх шийдвэр гаргаж байжээ. Харин манай улсын хувьд 1952 оноос хойш тасралтгүй 70 гаруй жилийн турш хүүхэд багачуудаа баярлуулж, тэдний эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Ингээд өнөө жилийн Хүүхдийн баяраар гэр бүлээрээ зочилж, бяцхан үрсээ баярлуулах боломжтой сонирхолтой арга хэмжээнүүдийн мэдээллийг хүргэж байна.
“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ” ФЕСТИВАЛЬ БОЛНО
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн ЗДТГ, Монголын хүүхдийн ордон болон “Эм си пи” компани хамтран “Хүүхдийн ертөнц-2026” фестивалийг тав дахь жилдээ зохион байгуулна. Хүүхэд багачууд, эцэг, эхчүүдэд зориулсан тус наадам П.Гэндэнгийн гудамж буюу Монголын хүүхдийн ордны уулзвараас Шангри-Ла хүртэлх 500 метр талбайд зургаадугаар сарын 1-ний 10.00-22.00 цагийн хооронд үргэлжлэх аж. Энэ өдөр тухайн хэсгийн авто замыг бүрэн хааж, автомашингүй гудамж болгон тохижуулах бөгөөд урлагийн тоглолт, хөгжөөнт тэмцээн уралдаан, олон төрлийн сонирхолтой хөтөлбөрийг үнэ төлбөргүй зохион байгуулахаар төлөвлөжээ.
УДЭТ-ЫНХАН ЭЛОГРАФИК ДҮРСЛЭЛТЭЙ ЖҮЖГЭЭ ТОЛИЛУУЛАХ НЬ
УДЭТ-ынхан “Царцаа Намжил-Гурван ертөнцийн аялал” гэр бүлийн адал явдалт драмын жүжгийг ирэх сарын 3-ныг хүртэл олны хүртээл болгоно. Наймаас дээш насныханд зориулсан энэхүү жүжигт хүүхэд бие даан шийдвэр гаргахад тулгардаг бэрхшээл болон сорилтуудын тухай өгүүлэх бөгөөд Намжил хүү амьдралын энгийн зүйлсийг анзаарч, ухаарсны ачаар аливаа асуудлыг торолгүй даван туулж чаддаг болсон тухай өгүүлэх аж. Мөн эл жүжиг нь элографик буюу visual-driven дүрслэл, ардын үлгэрийн хэв шинжийг орчин үеийн тайз, дэлгэцийн шийдэлтэй уялдуулснаараа онцлогтой. Тасалбарын хувьд суудлын зэрэглэлээс хамааран 15-25 мянган төгрөгийн үнэтэй.
МӨЧРӨН ХУРУУТ ОХИНЫ ТҮҮХЭЭР АЯЛААРАЙ
Хүүхдийн баярыг тохиолдуулан Хүүхэлдэйн театрынхан “Мөчрөн хуруут” жүжгийг ирэх сарын 2 хүртэл бяцхан үзэгчдийн хүртээл болгоно. 50 минутын турш үргэлжлэх эл жүжигт Мөчрөн хуруут охины түүхээр дамжуулан хүүхэд багачуудад үнэнч шударга зан, байгаль дэлхийгээ хамгаалахын ач холбогдлыг ойлгуулахаас гадна өнөөдрийн нийгмийн томоохон асуудал болоод буй уул уурхайн сөрөг болон эерэг үр дагавруудын талаарх мэдлэг олгох аж. Тус жүжгийн тасалбарыг 20 мянган төгрөгөөр борлуулж буй.
ГЭР БҮЛЭЭРЭЭ ДУРСАМЖ БҮТЭЭХ БОЛОМЖ
“Diamond circus” болон “Моод”-ынхон хамтран “Happy monster” гэр бүлийн фестивалийг “AIC steppe arena”-д маргаашаас эхлэн ирэх сарын 2-ныг дуустал зохион байгуулна. Наймаас дээш насныханд зориулсан тус арга хэмжээний хүрээнд “Tangled” хүүхдийн мюзикл жүжиг болон амьд хөгжмийн тоглолт толилуулахаас гадна мото кроссын тэмцээн зэрэг олон сонирхолтой хөтөлбөр төлөвлөжээ. Мөн үзэгчид ховор амьтдыг ойроос харж, робот болон шинжлэх ухааны сонирхолтой туршилтуудтай танилцах боломжтой. Үүнээс гадна хүүхэд, багачуудад зориулсан зураг зурах, захидал бичих хэсэг ч бий бөгөөд тус фестивалийн тасалбарыг 68 мянган төгрөгөөр борлуулж байна.
ХҮҮХДИЙН МАРАФОНТОЙ
ХЭҮК-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүүхдийн марафон-2026” гүйлт энэ сарын 31-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа” талбайд болно. Тус тэмцээн нь бүртгэлийн хураамжгүйгээс гадна оролцогчдыг хурд, хүчээр нь уралдуулж, байр эзлүүлэн шагнадаггүйгээрээ онцлогтой. Мөн эрүүл, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилготой эл арга хэмжээнд оролцсон хүүхэд бүрд дурсгалын батламж гардуулах юм байна. Бяцхан гүйгчид тэмцээн эхлэхээс 30 минутын өмнө очиж, байрлалаа эзлэхийг зохион байгуулагчдын зүгээс анхаарууллаа.
У.Цэцэгсүрэн