Шинэ жилийн үдэш цагийн зүү 00.00- ийг заах мөчид Клара охины сүлд мод улам бүр ургасаар аварга том болно. Гэтэл хаанаас ч юм хулганууд гүйлдэн гарч ирж, айж сандарсан хүүхэлдэйнүүдийг хөөнө. Хулганын хаан цэргүүддээ Клараг барьж ирэхийг тушаахад охин айсандаа зугтана. Яг энэ мөчид авга ахынх нь бэлэглэсэн модон цэрэг амь орж, сайхан залуу болон хувирснаар үлгэр эхэлнэ. Энэ бол дэлхийн хүүхэд, багачуудын хайртай “Щелкунчик” буюу “Цөмөөхэй” балетын үйл явдал билээ. Тэгвэл багачуудад үлгэрийн ертөнцөөр аялах боломж олгодог эл бүтээлийг Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуягийн найруулгаар “Монголын балетын хөгжил сан”-гийн уран бүтээлчид ирэх сарын 12,13, 28, 29, 30-нд Соёлын төв өргөөний тайзнаа толилуулах нь.
Э.Т.А.Хоффманы үлгэрээс сэдэвлэсэн “Цөмөөхэй” балет нь сонгодог урлагийг хүүхэд, багачуудад таниулан сурталчлахаас гадна мэргэжлийн бүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй залууст урам зориг өгдгөөрөө онцлогтой. Тус сан жил бүр Монгол Улсын Консерватори, СУИС болон балетын дугуйлангуудаас 200 гаруй хүүхэд, залуусыг сонгон шалгаруулж, мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтран нэг тайзнаа тоглох боломж олгодог билээ.
Ташрамд сонирхуулахад, Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг дөрвөн жилийн дараа “Цөмөөхэй” балетын тайзнаа эргэн ирж, Дроссельмейерийн дүрийг бүтээнэ. Тэрбээр ирэх сарын 30-нд үзэгчидтэй уулзах юм.
Э.Сондор