
ЗХУ-д ажиллаж байсан Германы эрдэмтэд. 1958 он
Германы “гавлуудыг” АНУ-д алдахгүй байхыг эрмэлзсэн ЗХУ-ын эрх баригчид тэдгээр мэргэжилтнийг өөрийнх рүүгээ зөөх ажлыг 1946 оны аравдугаар сарын 22-нд эхлүүлэв. Батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарыг удирдаж байсан Зөвлөлтийн сайд нар дайны дараа Германы технологийг ихээхэн сонирхох болсон байна. Германы мэргэжилтнүүдийг ЗХУ руу аваачих нь чухал болоход Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүдийг итгүүлэх үүргийг Герман дахь Зөвлөлтийн цэргийн засаг захиргааны төв штабын орлогч дарга Иван Серов хүлээв. Германы эрдэмтдийн хосгүй мэдлэг телевизороос аваад атомын бөмбөг үйлдвэрлэх хүртлэх хамгийн олон салбарт тун хэрэгтэйг тэрбээр сайн ойлгож байлаа.
Серовын санаа Сталинд тун таалагдав. Тэгээд тэднийг ЗХУ-ын тусын тулд хоёр жил дайчлан ажиллуулахыг санал болгосон аж. Энэ тухай эрдэмтдэд Серов хэлэх ёстой болсон байна. Эрдэмтдийг вагоноор гэргий, хүүхдүүдээ авч явахыг ч зөвшөөрөв. Гэтэл Америкийн тагнуулын байгууллага Гуравдугаар Рейхийн шинжлэх ухааны судалгааны ажлын араас дайн дуусахаас өмнө “ангуучилж” эхэлсэн байжээ. Америкчуудын гол зорилго нь баллистик пуужин бүтээсэн Вернер фон Браун байв. Тэрбээр уриалгахан хандаж Фау-2 болон бусад төслийн баримт бичгийг Америкийн талд өгчээ. Түүхч Лев Безыменский “239 дугаар цэргийн гэмт хэрэгтэн” номдоо “Пуужин зохион бүтээгчид, химийн болон бактериологийн дайны мэргэжилтнүүд, амьд хүмүүст туршилт хийдэг эмч нар бүгд Пентагонд хэрэгтэй байв. Эрхэм генерал, профессорууд өөрийн гараар хэнийг ч алаагүй, тэд ердөө тушаал өгч, төслүүд л боловсруулж байсан” гэж бичсэн түүхтэй. Цаашдаа фон Браун Сансрын нислэгийн төв (NASA)-ийн орлогч захирлаар ажиллав. Германы энэ эрдэмтэн АНУ-ын сансрын хөтөлбөрийг үндэслэгч болсон байна. Чухам энэ герман мэргэжилтний хийсэн ажлын үр дүнд Нил Армстронг 1969 онд сарны гадарга дээр хөл тавьсан юм. Гитлерийг дэмжигч бас нэг хүн болох Курт Дебус сансрын хөтөлбөрт идэвхтэй оролцжээ.
ЗХУ-д хэрэгтэй цөмийн физикч, пуужин зохион бүтээгч, химич, онгоц үйлдвэрлэгч гээд Германы мэргэжилтнүүдийг Зөвлөлтийн хүмүүс ч идэвхтэй элсүүлж байв. Өөрийгөө коммунист гэж үздэг, зүүний үзэлтнүүдийг дэмжигч, эсвэл нацистуудаас шалтгаалж зовж шаналсан хүмүүсийг өөрийн талд урвуулсаар байлаа. Инженер Николай Крупнов л гэхэд найман герман эрдэмтнийг сонгож авсан байх юм. Нэртэй зохион бүтээгч Борис Черток дурсамждаа бичсэнээр “Бидний бодлоор манайд ажиллаад, үр ашгаа өгч чадах Герман мэргэжилтнүүдийн нэрийг товч тодорхойлолтын хамт бичиж өгөхийг, ач холбогдолгүй хүн аль болох авахгүй байхыг Серов бидэнд хандан хүссэн” гэж бичсэн.
Сталинтай уулзаж, Берлинд буцаж ирээд, Серов сонгож авсан хүмүүсийг анир чимээгүйхэн шалгасны дараа Зөвлөлтөд аваачих хүмүүсийн байрыг бэлтгэхийг Батлан хамгаалахын сайд Дмитрий Устинов, Холбооны хэрэгслийн үйлдвэрийн сайд Иван Зубович, атомын төслийн зохион байгуулагчдын нэг Авраамий Завенягин нарт үүрэг болгов.

ЗХУ-ын Аюулаас хамгаалах хорооны дарга Иван Серов. 1956 он
Серов нь тухайн үеийнхээ шилдэг чекист, Зөвлөлтийн тусгай албадын домогт удирдагчдын нэг байв. Баруун Украин, Беларусийг 1939 онд нэгтгэх үйлсэд ихийг хийсэн хүн. 1945 онд түүнд ЗХУ-ын баатар цол олгож, Лениний одонг зургаан удаа хүртээсэн нь түүнийг хэн байсныг харуулна гэж түүхийн шинжлэх ухааны доктор Никита Панков сэтгүүлчид ярьсан удаатай.
Германчуудыг Зөвлөлт рүү очихын өмнө дайллага хийж, тэдэнд сайн уулгах, харин Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг архи амсахыг эрс хоригложээ. Чертокийн ярьснаар дайллагын үед ердөө германчууд л ер бусын хөгжилтэй байсан аж. Харин сайхан хоолтой хэрнээ балгахыг хориглосонд оросууд баргар байсан аж. Шөнө 01.00 цагийн орчимд тарцгаав. Германы мэргэжилтнүүдийг ЗХУ руу зөөх ажил 1946 оны аравдугаар сарын 22-ноос арваннэгдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэв. Өглөөний 04.00 цагаас тэднийг төмөр замын буудал руу зөөхөөр чекистүүд болон хэлмэрчдийг гэрт нь очиход шартсан германчууд юу болж буйг ойлгохгүй байсан гэдэг. Гэлээ ч сахилга дэг журам, дарга, захирагч нарынхаа үгэнд дуулгавартай хандаж хүмүүжсэн герман хүмүүс оросуудын болгоомжилж байснаас огт өөр номхон, төлөв ханджээ. Зохион бүтээгч Вильгельм Оэртелийг 03.00 цагт сэрээгээд, ажиллаж байсан заводыг нь Зөвлөлтийн цэргийн захиргааны шийдвэрээр Орос руу нүүлгэх болсныг хэлмэрч дуулгасан байна. Бас танд хангалттай цалин өгч, хоол хүнс, өвлийн хувцас, орон байраар хангаж, нийгмийн асуудлуудыг чинь зохицуулна, гэр бүл чинь ч араас тань очно хэмээн хэлжээ. Зөвлөлтийн тал тайландаа бичсэнээр энэ мэргэжилтэн хамгийн санаачилгатай, чин сэтгэлээсээ ханддаг ажилтны нэг байсан аж.
Германы мэргэжилтнүүдийн зарим нь ойр дотнын хүмүүсээ авч явсан бол зарим нь ЗХУ-д очоод тохижсоныхоо дараа энэ асуудлыг шийдэхээр зэхжээ. Харин тэгтэл үүнийг далимдуулан гэргийгээсээ хөндийрч, нууц амрагийнхаа бичиг баримтыг нь бүрдүүлээд аваад явсан тохиолдол ч бий гэдэг. Энэ бүхний хажуугаар зохион бүтээгч Оэртелийн дурссанаар Германаасаа явахыг хүсээгүй хүмүүс вагонд суухгүй байх аргаа ч олжээ. Бүртгэлд ийм хүмүүсийн нэрийн ард “татгалзсан” гэж бичив.
Төвөгтэй явдал ч мэдээж тохиодож л байж. Бурхардт гэдэг инженер эсэргүүцэл үзүүлж, Крупновыг дуудахыг цэргүүдээс шаардсан байна. Энэ хүн гэргий, нялх хүүхэд хоёроо Английн эзэмшилд байгаа газар луу урьд нь явуулчихсан болохоор тэднийгээ орхиод Орос явахаас татгалзаж, амиа хорлохоор заналхийлжээ. Иймээс Крупнов яаралтай арга хэмжээ авахаас аргагүй болов. Тэгээд гэргийтэй нь утсаар ярьж, нөхөр дээрээ ирэхийг хүсэв. Эмч, эмнэлгийн машин бэлэн болгохоор удирдлагатайгаа тохиров. Хөрөнгө, эд хогшлыг нь вагоноор, Бурхардт, гэргий, хүүхэд, асрагчийг нь онгоцоор Орос руу явуулахаар боллоо. Дараа нь мэргэжилтнийг Германы сэтгүүлчидтэй уулзуулж, ЗХУ-д ажиллахыг хүсэж буй тухайг нь яриулжээ. Энэ явдал эмгэнэлтэйгээр төгссөн нь дүүрэн хүнтэй онгоц Москвад буух үедээ осолдсон байна. Өөр нэг мэргэжилтэн доктор Руле амиа хорлохоор шийдэж, хамт ажиллаж байсан зохион бүтээгч Николай Пилюгинийг дуудахыг гуйв. Тэгэхдээ тэр герман аминдаа аюулгүй эм уусан байж. Пилюгинтэй хамт мэргэжлийн ажлаа хийх, Сибирь лүү явуулж өгөхийг Руле шаарджээ. Пилюгин ч зөвшөөрснөөр байдал намжив. Гэхдээ л германчууд бүгд ЗХУ-д асар их хохирол учруулсан Гитлерийн армид зүтгэж байсан болохоор Сибирь лүү явуулна гэдэгт итгэхгүй байв.
Энэ ажиллагаагаар Германаас 2.2 мянган мэргэжилтнийг гэр бүлийнх нь 4000 мянган хүний хамт Орост авчирчээ. Зөвлөлтийн бичиг баримтад тэднийг дайны дараах Германы байдал хэрхэх нь тодорхойгүй байснаас ЗХУ-д ажиллаж амьдрахаар шийдсэн “сайн дурынхан” гэж нэрлэдэг байв. 1945 оны аравдугаар сарын 31-нд Горький (одоогийн доод Новгород)-д 94 германыг авчирчээ. Тэдний 28 нь радиотехникч, инженер, зохион бүтээгч байв. Горькийд тэднийг гурван хэсэгт хувааж халаалтгүй, гэрэлгүй, герман хэлээр лавлахгүй байранд оруулсан нь огт дасаагүй орчин, нөхцөл байлаа. Зөвлөлтийн тайланд “цалин хөлсийг мэргэжилтнүүдийн ажлын гүйцэтгэлээс хамаарч олгоно, тэгээд ч ажил нь хүнд биш” гэж бичив. Германы эрдэмтдийг Зөвлөлтийн атомын бөмбөг хийх ажилд ашигласан бөгөөд гол томилгоог төслийн удирдагч Лаврентий Берия хийжээ. Цөмийн физикч Макс Штеенбек уран баяжуулах ажил хийдэг германчуудынхаа бүлгийг удирдаж байв. Тэд уранаас изотопыг нь ялгах хийн цэвэрлэх машины холхивч хийх болжээ. Профессор Манфред фон Арденне онцгой эрхтэй байсан бөгөөд түүний үйл ажиллагааны талаар Сталинд Берия өөрийн биеэр дэлгэрэнгүй тайлагнадаг байв. Зөвлөлтийн эрдэмтэн Борис Черток “Америк, Англи болон манай тагнуулын байгууллага Арденегийн араас шаргуу мөрдөж байлаа. Атомын бөмбөг хийхээр ажиллаж буй Германы бараг бүх мэргэжилтнийг америкчууд олзолж авахад тэдний дунд Ардене байсангүй. Тэрбээр ЗХУ-д байсан бөгөөд Машин үйлдвэрлэлийн яамны Сухумийн хүрээлэнд олон жил үр бүтээлтэй ажиллаад үнэлэгдэж хүндлэгдээд, Засгийн газрын өндөр шагнал хүртчихсэн байв” хэмээн дурссан аж. Профессор Петер Тиссений нэр хүнд өссөнөөс Бериятай уулзахдаа хөдөлмөрийн нөхцөлийн талаар санал гомдлоо хэлэхээс ер жийрхдэггүй байв. 1951 онд түүнд Сталины нэгдүгээр зэргийн шагнал олгосон юм. Цөмийн физикч Георг Деппель атомын бөмбөг дэлбэрэх үеийн кинетикийг хэмжих аргыг боловсруулах ажил эрхэлдэг байж. Германы мэргэжилтнүүд Москва, Ленинград, Куйбышев, Горький, Свердловск, Киев, Харьков, Ворошиловград муж, Дагестан, Удмуртид зэвсэг үйлдвэрлэл, нисэх онгоц, хими, машин үйлдвэрлэл, холбооны хэрэгсэл, хөдөө аж ахуйн техникийн салбарт ажиллав. Фон Брауны дэргэд ерөнхий инженерээр ажиллаж асан Гельмут Греттруп Германы пуужингийн мэргэжилтнүүдийн бүлгийг удирдаж байлаа. Фау-1, Фау-2-ыг зохион бүтээсэн мэргэжилтнүүд энэ бүлэгт багтаж байжээ.
Сергей Королевын удирдлагад ажилласан Греттрупийн бүлгийн хүчин чармайлт болон тэд Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажилласны дүнд 1947 оны аравдугаар сарын 18-нд Капустин Яр туршилтын талбайгаас Зөвлөлтийн баллистик пуужинг анх удаа туршив. Германы мэргэжилтэн бас нэг пуужин бүтээхэд тусалсан байна. Греттруп ажлаа дуусгачхаад 1953 онд ЗХУ-аас явжээ. Тэрбээр америкчуудтай хамтарч ажиллахаас татгалзсан төдийгүй пуужингийн салбарт ч ажиллахаас татгалзаж, мэдээлэл зүйн мэрэгжилтэн болжээ. Германы мэргэжилтнүүдийн олонх нь 1940-1950-иад онд буцаж, зарим нь 1958 он хүртэл ЗХУ-д ажиллажээ. Дайны дараа Зөвлөлтийн аж үйлдвэр өсөж өндийхөд, ялангуяа шинжлэх ухааны салбарт тэдний гүйцэтгэсэн үүрэг үлэмж юм. Марк Кривошеев, Леонид Чирков нар 1991 онд энэ хувь нэмрийг нь үнэлэх гэж оролдсоныхоо төлөө зэмлэл хүртсэн гэдэг. Марк Кривошеев “Манай зарим эх оронч бүгдийг ЗХУ өөрөө хийж байсан мэтээр түүхийг гуйвуулдаг. Тэгэхэд нь би “Түүхийн өмнө бидэнд нэрэлхэх юм байхгүй. Телевизийн төвийг байгуулахад бид германчуудтай мөр зэрэгцэн ажилласан. Тэд бидэнд маш их тусалсан гэж хэлдэг юм” хэмээн ярьсан байдаг.