Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос хүний эрхийг хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгах, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай санамж бичиг байгуулан хамтран ажилласаар ирсэн. Тус комиссоос дээрх чиглэлээр байгууллагуудтай хамтран ажиллах хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, ЗХЖШ, ЦЕГ, Тахарын ерөнхий газартай өчигдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, ШШГЕГ-ын дарга, хурандаа С.Баяндалай, ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав, Тахарын ерөнхий газрын дарга, тэргүүн тахар Ц.Азбаяр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нар тус тус гарын үсэг зурлаа. Энэ удаагийн санамж бичгийн хүрээнд ХЭҮК-оос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагчийг сургаж бэлтгэх, хүний эрхийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хүний эрхийг хүндэтгэн сахих, иргэний болон эрүүгийн хэргийн талаар гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах юм. Энэ үеэр ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж хэлсэн үгэндээ “ШШГЕГ-тай олон жилийн хамтын ажиллагаатай. Бид өнгөрсөн хугацаанд ял эдлэгсдийн эрхийг хангах, гарсан зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэхэд тууштай хамтран ажилласны үр дүнд ялтны эрх өнөөдөр хангагдаж, ихээхэн өөрчлөлт, ахиц дэвшил гарсан гэдгийг онцлон тэмдэглэмээр байна” гэжээ.